Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан. Улмаар өнгөрсөн хоёрдугаар сарын 5-наас иргэд, жолооч нар руу 130092 тусгай дугаараас зөрчил гаргасан талаарх сануулах зурвасыг илгээж эхэлжээ. Энэ талаар “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын сургалт, судалгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэг “Бид дүрэм зөрчсөн иргэд, жолооч нарт сануулах зурвас илгээж эхэлсэн. Энэ нь торгууль биш сануулах мессеж юм. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 348 мянган сануулах зурвасыг илгээсэн байна. Одоогийн байдлаар 3 төрлийн зөрчлийг илрүүлж, иргэд рүү мэдээллийг илгээж байгаа. Үүнд зогсох шугам давсан, эгнээ байр буруу эзэлсэн, урсгал сөрсөн зөрчлийг камераар илрүүлж, сануулах зурвас илгээсэн байна.
Зурвас илгээж байгаа промграмм дээр ачаалал үүсэж байгаагаас улбаалан зарим тохиолдолд зурвас хоцорч очиж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний өмнөх өдөр гаргасан зөрчил хоцорч очих тохиодол гарч буй.
Мөн иргэдээс ямар төрлийн дүрэм зөрчсөн бэ гэдэг асуулт их ирж байна. Иймд бид жолоочид руу мессеж илгээхдээ тухайн иргэн, хаана ямар байршилд, ямар дүрэм зөрчсөн байна вэ гэдэг нь тодорхой харагдахаар линк, зурагтай мэдээллийг хүргэхээр ажиллаж байна” гэлээ.
Хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системтийн тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрмийн дараах зөрчлийг илрүүлэх аж. Тодруулбал,
1. Хурд хэмжих
2. Гэрэл дохионы зөрчилилрүүлэх
3. Чиглэлийн тээврийн эгнээний дүрэм зөрчсөн тохиолдлыг илрүүлэх
4. Автобусны буудал дээр зогссон зөрчлийг илрүүлэх
5. Эгнээ байр буруу эзэлсэн зөрчлийг илрүүлэх
6. Агшин зуурын хурд хэтрүүлэх /Энэ нь жолоочийн яг одоо ямар хурдтай явж байгаа талаарх мэдээллийг өгдөг/
7. Дундаж хурд хэтрүүлэх/Энэ нь тухайн аялал ямар хурдтай байсан талаарх том зураглал бүхий мэдээллийг өгдөг/
8. Зогсох шугам давах, үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрсөн зөрчлийг илрүүлэх
9. Түр болон удаан хугацаагаар тээврийн хэрэгслийг байршуулсан зөрчлийг илрүүлэх
10.Явган хүний зам болон ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар байршуулсан зэрэг зөрчлийг илрүүлж буй.