“Mongoliapress.mn” сайт НИТХ-ын төлөөлөгчдийг “Хэн нь хэн бэ” цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаа бид 2024 онд Баянзүрх дүүргээс нийслэлд төлөөлөгчөөр сонгогдсон Б.Мөнхбаатарыг онцолж байна.
Угтаа НИТХ гэдэг бол иргэдээс сонгогдсон төлөөлөгчдөөр дамжуулан хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд хотын хөгжил, иргэдийн сайн сайхны төлөө бодлого, шийдвэр гаргадаг байгууллага билээ. Гэтэл НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн ТУЗ-ийн 100 гаруй суудалд тухалж, нэг төлөөлөгч л гэхэд 1-7 давхар албан тушаал хашиж байгаа. Нийт суудлын 65 нь ердөө 19 төлөөлөгчид төвлөрсөн байна. Ингэж цалин хангамж авахын хэрээр хяналт тавих үндсэн үүрэг нь хумигдана. Төлөөлөгчид байгууллагын гүйцэтгэх удирдлагын албан тушаал эрхлэхийн зэрэгцээ бусад байгууллагын ТУЗ-ийн түвшний шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож байгаа нь засаглалын төвлөрөл, хяналтын хараат бус байдал, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байгааг экспертүүд шүүмжилсээр байгаа юм. Тэгвэл Б.Мөнхбаатар төлөөлөгч мөн адил хувь, хувьсгалын олон давхар дээлтэй. Тэрбээр “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал, мөн “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг.

“Сэлбэ 20 минутын хот корпорац” бол дагуул хотуудын жишиг болохуйц бие даасан том хэмжээний төсөл. Үндсэндээ Улаанбаатар хот доторх иж бүрэн төлөвлөлттэй хот болон хөгжихөөр төлөвлөсөн үндэсний бүтээн байгуулалт юм. Энэ том төслийг хотын дарга Х.Нямбаатар солигдохтой зэрэгцээд Б.Мөнхбаатар удирдаж Б.Пүрэвдагвын багт орж ирсэн. Гэвч улс төрийн талцал, төсөв мөнгөнөөс болж Сэлбэ хотыг бүтээн байгуулах төсөл олигтой урагшилж чадсангүй. Басчиг таг ч зогссонгүй мэлхийн хурдаар мөлхөж байна.
НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбаатар уг нь иргэдийн асуудлыг сонсож, шийдлийг хамтдаа бүтээнэ. Уул уурхай, төсөл хэрэгжүүлэх, байгаль орчин, технологийн чиглэлээр 17 жилийн туршлагатай учраас Баянзүрхийг төлөөлж баараггүй хөгжүүлнэ гэсэн имиджээр иргэдийн саналыг авч гарч ирсэн. Тэрбээр өөрөө бол зам, боловсрол, эрүүл мэнд, хот тохижилтын олон төсөл хэрэгжсэн гэдэг боловч сонгогдсоныхоо дараа дүүрэгтээ гялайж гялтайж онцолж онцгойрохоор ажил хийж гавьяа байгуулсангүй. Иргэдийг төлөөлөх эрхээ төрийн өмчийн зөөлөн суудлаар арилжиж тушаал дэвшсэн төлөөгчдийн төлөөлөл болов.
Уул уурхайн инженер, улстөрч Б.Мөнхбаатар нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийж, фермерийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг. Хувийн бизнес, карьер талаас нь харвал Б.Мөнхбаатар төлөөлөгч төрийн тэргүүний тэрбум модыг дэмждэг. «Blockchain Eco Park» компаниараа Treelings аппликэйшн «Тэрбум мод» үндэсний хөтөлбөрийг блокчейн технологиор дэмжиж ажилладаг. Энэ хүрээндээ энд тэндгүй ногоон бодлого, шийдэл ярьж явдаг нэгэн.
Мөн тэрбээр Хариуцлагатай нүүдэлчин хоршооны тэргүүн. Эрүүл, чанарын баталгаатай мах, хүнс зах зээлд нийлүүлэх зорилготой Monbeef Cattle ХХК-ийн ТУЗ-ийн дарга. Булган аймгийн Сэлэнгэ суманд нүүдлийн болон эрчимжсэн мал аж ахуйн хосолсон жишиг аж ахуйн нэгж, үхрийн цөм сүрэгтэй. Тиймээс өөрийгөө фермер гэж ярьдаг.
Б.Мөнхбаатар танилцуулгадаа тэргүүний уурхайчин гэдгээ тодотгодог нь мэргэжил, ажлын туршлагатай нь холбоотой. Тэрбээр Орост их сургууль дүүргэсэн уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй. “Эрдэнэс Монгол” ТӨХК-д уулын инженер, “Эрдэнэс тавантолгой” ХК-д уулын инженер, төслийн удирдагч, ерөнхий инженер алба хашсан. Улмаар 2022 онд нийслэлийн харьяа “Эрдэнэс баянбогд” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож байв.
Сүүлд “Сэлбэ 20 минутын хот корпорац”-ын ТУЗ-д ажиллаж байгаад өнгөрсөн хавраас гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.
Харин хөрөнгийг нь харвал 2021-2024 онд АТГ-т мэдүүлэхдээ жилийн нийт орлого нь 62 сая төгрөг гэжээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого 24 сая, хоёр нийтийн орон сууц, нэг оффисын зориулалттай барилгаа 2.7 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Түүний хувьд туулах чадвар өндөр "Mercedes Benz- G 300" маркийн хоёр автомашинаа 600 сая төгрөгөөр үнэлсэн байна. Газаргүй, малгүй, үнэт эдлэлгүй бөгөөд 10 сая төгрөгийн хадгаламжтай, 700 сая төгрөгийн авлагатай. "Коллекшн центр" болон "Циркон майнинг" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.
















