“МИАТ” ТӨХК-ийн алдагдал 2025 оны эхний 9 сарын байдлаар 9.6 тэрбум төгрөгт хүрсэн гэж байсан бол Үндэсний аудитын газраас төрийн өмчит аж ахуйн нэгжийн 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлангаар 32 тэрбум 841 сая төгрөгт хүрчээ. Тиймээс Үндэсний аудитын газраас “хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна. Тодруулбал, “МИАТ” ТӨХК-ийн оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинд баталсан орлогын төлөвлөгөө 98 тэрбум төгрөгөөр тасарч, 32,841 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэжээ. Ингэхдээ Төрийн хэмнэлтийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогджээ.
Тодруулбал, МИАТ ТӨХК-нь баазын тээврийн хэрэгслийн 34 автомашинаас 7 авто машин нь авто машин унах эрхгүй газрын захирлуудад үйлчилж байгаа бөгөөд жолоочийн замын хуудсыг өдөрт 100-140 км явснаар тогтмол бүртгэсэн, нийт 71.8 сая төгрөгийн шатахууны зардал гаргасан байна.
Мөн зарим албан тушаалтнуудын хувийн автомашинд 111.4 сая төгрөгийн шатахууныг олгож үрэлгэн зардал гаргасан байна.
Тус компанийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй 87-73 УКС /Nissan patrol/ 93-59 УБВ Toyota land cruiser 200/ маркийн 2 автомашин нь цагаан болон цэнхэр өнгийн дэвсгэрт бүхий 2 янзын улсын дугаартай байжээ. Мөн Бээжин хотын төлөөлөгчийн газарт үндсэн 2 ажилчинтай боловч 3 автомашин, Сөүл хотын төлөөлөгчийн газарт үндсэн 6 ажилчинтай боловч 4 автомашин, Токио хотын төлөөлөгчийн газарт үндсэн 3 ажилчинтай боловч 3 автомашин тус тус ашигладаг аж.
Өвлийн улиралд дуудлагын бэлэн байдлыг хангах зорилгоор 22 автомашинд 4-6 сарын хугацаатай дулаан зогсоолын гэрээ байгуулж 63.7 сая төгрөг төлснөөс 9 автомашин нэгжийн дуудлагад явдаггүй, газрын дарга нарт үйлчилдэг 9 автомашины дулаан зогсоолын төлбөрт 25.0 сая төгрөг төлж үр ашиггүй зарцуулсан байна.
Өмнөх онд элэгдлээрээ анхны өртөө бүрэн нөхсөн үлдэх өртөггүй 3 нэр төрлийн 114 ширхэг үндсэн хөрөнгөд тайлант хугацаанд, нийт 123 сая төгрөгийн элэгдлийг тооцож буруу бүртгэсэн байна.
Тайлант оны 1-9 дүгээр сард 9 аж ахуйн нэгж байгууллага болон урлаг, соёл, спортын ажилтнууд зэрэг нийт 452 иргэний билетийн үнийг 50-100 хүртэл хувиар буюу 531.3 сая төгрөгийн хөнгөлөлт олгохдоо бартерын болон хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, үр дүнг тооцоогүй, улирал тутам тайлагнаагүй байна.
Тус байгууллагын үндсэн хөрөнгийн дансанд түүврийн аргаар хяналтын тооллого хийхэд 6.4 сая төгрөгийн үнэтэй I mac pro-27, 5.6 сая төгрөгийн үнэтэй macbook pro 13.3 inch, нийт 12 сая төгрөгийн үнэтэй 2 ширхэг хөрөнгийг ажлаас халагдсан албан тушаалтнаас хүлээж аваагүй аж.

Бараа материалын дансанд 10-аас дээш жилийн насжилттай 17 нэр төрлийн 114.5 сая төгрөгийн, 5-10 жилийн насжилттай 18 төрлийн 42.4 сая төгрөгийн, нийт 156.8 сая төгрөгийн бараа материалын ашиглалтгүй нөөц үүсгэсэн нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зарим зүйл заалттай нийцээгүй байна.
Монгол Улсын Засгийн газраас эмч, багш нараас бусад төрийн албан хаагч нарыг 9 хувиар цомхотгох тогоол гаргасан. Гэвч “МИАТ” ТӨХК уг тогтоолыг хэрэгжүүлээгүй бөгөөд цалин хангамжийг хэтрүүлэн хэрэглэжээ. 2025 оны цалингийн санг 87 тэрбум 700 сая төгрөгөөр баталсан байна.
Тайлант онд нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ажилчдын цалинг 1.8 тэрбум, ерөнхий удирдлагын зардлын цалин 1 тэрбум төгрөгөөр тус тус хэтрүүлж, зөрчил давтагдсан байна.
Мөн үйлдвэрлэлийн нэгжид зуны нислэгээр 283 түр орон тоог баталсан байдаг боловч үүнд хамаарахгүй 39 ажилтныг түр томилон ажиллуулж, 832 сая төгрөгийн цалин олгож, үр ашиггүй зардал гаргажээ.
Монгол Улсад Нисэх хучин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд
зориулан ном эмхэтгэн гаргахад 25 сая төгрөг, баримтат кино бүтээхэд
зориулж 40 сая төгрөг төлж, зориулалт бус, үрэлгэн зарцуулсан байна.
Зорчигчийн урсгалыг нэмэгдүүлэх суудал ашиглалтыг сайжруулах зорилгоор тасалбарын үнийг хөнгөлсөн, урамшууллын хэмжээг баталсан, санхүүгийн тайланд залруулга хийх зэрэг тус компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 18 тушаал, хөрөнгө оруулалтаар 32 тэрбум гаруй төгрөгийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг зэргийг шилэн дансны цахим хуудаст байршуулаагүй, зөрчил давтагдсан байна.
















