Монголчууд өвөлдөө бэлтгэж, идшээ базаадаг ард түмэн. Намар орой малчдаас үхэр, хонь авч, махаа бэлтгэн хөлдөөж хадгалах нь олон өрхийн олон жилийн уламжлал. Энэ бол зүгээр нэг хүнсний худалдан авалт биш. Өвлийг өнтэй давах бэлтгэл, өрхийн төсөвтөө тааруулан амьдралаа зохицуулах арга юм.

Харин өнөөдөр энэ уламжлал тогтмол цалинтай олон өрхийн хувьд санхүүгийн томоохон дарамт болж байна.

Энэ жил малчдаас үхрийн мах гулуузаар нь авахад килограмм нь 23-26 мянган төгрөг, хонины мах 20 мянган төгрөг орчим гэж үнэ хэлж байна. Нэг үхрийн гулууз махыг дунджаар 140-160 килограмм гэж тооцвол зөвхөн махны үнэд 3.2-4.2 сая төгрөг зарцуулах шаардлагатай.

Тэгвэл хэдэн сая төгрөгийг нэг дор гаргах боломжгүй өрх яах вэ? Идэшээ хувааж авах уу, жижиглэнгээр өндөр үнээр махаа цуглуулах уу, эсвэл хэрэглээгээ танах уу? Өвлийн бэлтгэл гэдэг байсан зүйл ийнхүү өрхийн санхүүгийн сорилт болж хувирчээ.

Махны үнэ тоогоороо өсөж, цалингийн худалдан авах чадвар араас нь гүйцэхгүй байна.

Үндэсний статистикийн мэдээлэлд тулгуурласан үнийн цуваагаар Улаанбаатарт хонины ястай махны үнэ 2025 оны аравдугаар сард килограмм нь 16,716 төгрөг байсан бол 2026 оны аравдугаар сарын 12-ны байдлаар 25,519 төгрөг болж өсжээ. Нэг жилийн дотор ойролцоогоор 53 хувийн өсөлт гэсэн үг.

Энэ бол ганц бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт төдий биш. Мах бол монголчуудын хүнсний хэрэглээний гол хэсэг. Махны үнэ өсөхөд өрхийн бусад хэрэгцээнд зарцуулах мөнгө багасна. Гурил, будаа, сүү, шатахуун, цахилгаан, байрны зардал зэрэг бусад төлбөрөө төлсний дараа үлдэх мөнгө улам хумигдана. Гэтэл эдгээрийн үнэ бас өссөн!!!

Цалин нэмэгдсэн эсэхийг зөвхөн нэрлэсэн дүнгээр хэмжих боломжгүй. Хэрэв цалин 10 хувиар нэмэгдсэн ч өрхийн байнга хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн 30-50 хувиар өсвөл иргэдийн бодит худалдан авах чадвар буурна. Өрхийн орлого өссөн мэт боловч амьдрал дээр авах зүйл нь цөөрч байгаа хэрэг.

Өнгөрсөн жилийн хямд үнэ өнөөдрийн өндөр үнийн шалтгаан мөн үү?

Өнгөрсөн намар “Малчдын зах” ажиллаж, зах зээлийн үнээс хямд үнээр мах борлуулж байна гэж сүртэй зар өөрсдөө тарааж байсан. 2025 оны есдүгээр сарын сурвалжилгад тус цэгт үхрийн махыг килограмм нь 14,000, хонины махыг 11,500 төгрөгөөр худалдаалж байсан тухай мэдээлжээ. Хямд мах иргэдэд хэрэгтэй. Гэхдээ нэг асуулт бий. Тухайн үнийг ямар тооцоонд үндэслэн тогтоосон бэ? Малчны зардал, тээвэр, нядалгаа, хадгалалт, борлуулалтын зардлыг хэрхэн тооцсон бэ? Хямд үнэ нь тогтвортой нийлүүлэлтийн үр дүн байсан уу, эсвэл тодорхой хугацаанд иргэдийг татах арга хэмжээ байсан уу?

Хямд үнэ зарласны дараа зах зээлийн үнэ дахин өссөн нь дангаараа тухайн арга хэмжээ үнийн өсөлтийг бий болгосны баталгаа биш. Малын үнэ, нийлүүлэлтийн хэмжээ, хадгалалтын зардал, улирлын эрэлт, тээвэр, экспорт зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Гэхдээ төрөөс үнэ бууруулах бодлого хэрэгжүүлэхдээ зөвхөн тухайн өдрийн үнийг бус, дараагийн улирлын нийлүүлэлтэд ямар үр дагавар гарахыг тооцох ёстой.

Үнэ богино хугацаанд хямд харагдах нь хангалттай биш. Иргэд жилийн турш боломжийн үнээр мах худалдан авах нөхцөл бүрдэх нь чухал.

Зах зээлийн үнэ тогтох ёстой. Харин дур зоргын үнэ тогтоох ёсгүй.

Энэ асуудалд зөвхөн төрийг буруутгаад орхиж болохгүй. Зах зээлд оролцож буй хүн бүр өөрийн ашиг орлогыг бодох эрхтэй. Малчин малаа хөдөлмөрийнхөө үнэ цэнээр борлуулахыг хүснэ. Худалдаачин тээвэр, хадгалалт, хөдөлмөрийн зардлаа нөхөж ашиг олохыг зорих нь ойлгомжтой.

Гэхдээ зах зээлийн эдийн засаг гэдэг нь хүссэн үнээ ямар ч үндэслэлгүй тогтоогоод борлуулахыг хэлдэггүй. Үнэ нь нийлүүлэлт, эрэлт, бодит зардал, өрсөлдөөнтэй уялдах ёстой. Үнийг үндэслэлгүй өсгөх, хомсдолыг ашиглан ашиг олох, хоорондоо үнэ тохиролцох зэрэг үйлдэл байвал энэ нь тусдаа асуудал бөгөөд баримтаар шалгах шаардлагатай.

Нөгөө талаас малын тоо олон байна гэдэг нь хотын хэрэглэгч махыг заавал хямд үнээр авна гэсэн үг биш. Малчны хот айлаас хэрэглэгчийн хөргөгч хүртэлх замд тээвэр, нядалгаа, ариун цэвэр, хадгалалт, борлуулалтын зардал бий. Энэ гинжин хэлхээний аль хэсэгт зардал нэмэгдэж, аль шатанд үнэ хамгийн их өсөж байгааг ил тод гаргаж ирэх хэрэгтэй.

Төрийн үүрэг бол үнийг хүчээр дарж харагдуулах биш.

Засгийн газар 2026 оны тавдугаар сард нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь махны үнэ, нийлүүлэлтийг тогтвортой байлгах асуудал төрийн бодлогын түвшинд чухал хэвээр байгааг харуулж байна.

Гэхдээ жил бүр үнэ өссөний дараа арга хэмжээ авч, нөөцийн мах гаргах төдийд асуудал шийдэгдэхгүй. Намар мах элбэг, үнэ харьцангуй боломжийн үед хэдий хэмжээний мах бэлтгэх вэ? Хаана хадгалах вэ? Хавар нийлүүлэлт багасах үед ямар үнээр, хаана борлуулах вэ? Малчдаас шууд худалдан авах, боловсруулах, хадгалах дэд бүтцийг хэрхэн сайжруулах вэ? Эдгээр асуултад урьдчилан бэлдсэн, хэмжиж болохуйц хариулт хэрэгтэй.

Идэш хийх уламжлал монголчуудын амьдралд үлдэх ёстой. Харин нэг үхрийн мах авахын тулд хэдэн сая төгрөгийг нэг дор гаргах шаардлага жил бүр нэмэгдсээр байвал энэ нь зөвхөн махны үнэ биш, өрхийн амьжиргаа, хүнсний хүртээмжийн асуудал болж хувирна.

Эцсийн дүндээ махны үнэ өсөхөд малчин, худалдаачин, төр, хэрэглэгч гээд хэн нэгнийг ганцааранг нь буруутгаад асуудал шийдэгдэхгүй. Бодит өртөг, үнийн өсөлтийн шалтгаан, нийлүүлэлтийн гинжин хэлхээ, зах зээлийн өрсөлдөөнийг ил тод болгож байж хариуцлагыг зөв тогтооно.

Монголчууд өвөлдөө идшээ бэлтгэдэг уламжлалаа хадгалахыг хүсэж байна. Харин тэр уламжлал зөвхөн боломжийн орлоготой айлуудын л чаддаг зүйл болж хувирах ёсгүй.