НҮБ-ын удирдлагын багаас уралдаанч хүүхдийн асуудлаар санал зовниж буйгаа илэрхийлж, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд:

-Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын баг (UNCT) нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулахаар санал болгож буй нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар санаа зовниж буйгаа илэрхийлж байна. Энэхүү төсөлд хаврын морин уралдааныг зохион байгуулж, 14-17 насны хүүхдүүд уралдаанчаар оролцуулахаар тусгажээ.

НҮБ-ын Удирдлагын баг нь хурдан морины уралдаан нь Монгол Улсын соёлын өв, уламжлалын нэгэн хэсэг болохыг хүлээн зөвшөөрдөг хэдий ч аливаа соёл, уламжлал нь хүүхэд бүрийн дээд ашиг сонирхол, эрхэм чанар, хүний эрхийг хамгаалах чиглэлд хувьсан хөгжихийг дэмждэг.

Санал болгож буй нэмэлт, өөрчлөлтийн дагуу Цагаан сарын баярын үед эсхүл дараагаар морин уралдаан зохион байгуулж, хүүхдүүд унаачаар оролцуулахаар тусгасан байна. Тухайн цаг үед Монгол Улсын ихэнх нутаг дэвсгэрт өвлийн ширүүн уур амьсгал үргэлжилсээр байдаг. Улмаар хэт хүйтэн, цас, мөс бүхий бартаат газар нутаг, уралдааны хол зай, өндөр хурд зэргийн улмаас уралдаанч хүүхдүүд ноцтой эрсдлүүдтэй тулгардаг. Уралдааны үеийн осол гэмтлийн мэдээлэл, уралдаанч хүүхдийн талаарх үндэсний хэмжээний статистик мэдээллээс харахад унаач хүүхэд хүндээр гэмтэж бэртэх, хөгжлийн бэрхшээлтэй болох, улмаар амь насаа алдах зэрэг эрсдлүүдийг баримтжуулсан байна. Хэдийгээр аюулгүй байдлыг хангах, хамгаалах хэрэгслүүдийг нэвтрүүлсэн ч морин уралдаанд холбогдох үйл ажиллагааны улмаас олон зуун хүүхэд гэмтэж бэртэх, байнгын хөгжлийн бэрхшээлтэй болох, амь насаа алдах зэрэг харамсалтай тохиолдлууд гарсаар байна.

Хамгаалах хэрэгсэл, даатгал, эмнэлгийн тусламж зэрэг аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн хүчин чармайлт уг төсөлд тусгагдсаныг НҮБ-ын Удирдлагын баг тэмдэглэж байна. Гэвч хамгаалах арга хэрэгслүүд хангалттай эсэхэд бус, харин мөн чанарын хувьд аюултайд тооцогддог үйл ажиллагаанд хүүхдүүд үргэлжлэн оролцсоор байх нь үндсэн асуудал юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Конвенц, зөвлөмжийн хэрэгжилт хариуцсан Шинжээчдийн хороо нь Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай ОУХБ-ын 182 дугаар конвенцын зарчим, үүргийн дагуу 18 насанд хүрээгүй хүнийг морин уралдааны унаачаар ажиллуулахгүй байхыг Монгол Улсад хандан, удаа дараа уриалж байсан.

Хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарыг 14 нас болгон нэмэгдүүлсэн нь уг асуудлыг бүрэн шийдвэрлэхгүй юм. Олон улсын эрх зүйн дагуу 14-17 насны хүүхдүүд аюул бүхий хөдөлмөрөөс хамгаалуулах эрхтэй хэвээр байдаг.

Морин уралдаанд хүүхдүүд оролцох нь бие махбодийн шууд эрсдэлийн зэрэгцээ тэдний сурч боловсрох, хөгжих зэрэг ирээдүйн боломжид сөргөөр нөлөөлж болзошгүй. Олон тооны хүүхэд морин уралдаанд оролцох явцдаа урт хугацаагаар сургууль завсардах, сурлагын амжилт буурдгийг зохих баримтууд харуулж байна. Тиймээс эрсдэлтэй үйл ажиллагаанаас хүүхдийг хамгаалах нь зөвхөн аюулгүй байдал төдийгүй тэдний урт хугацааны хөгжил, сайн сайхан байдлыг хамгаалах асуудал юм.

Монгол Улс сүүлийн жилүүдэд хүүхдийг хамгаалах, өвөл, хаврын морин уралдаанд хүүхэд оролцохыг хязгаарлах чиглэлээр чухал ахиц дэвшлүүд гаргасныг НҮБ-ын Удирдлагын баг цохон тэмдэглэж байна. Эдгээр арга хэмжээ нь Хүүхдийн эрхийн тухай конвенц, ОУХБ-ын холбогдох конвенцын дагуу Монгол Улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн оновчтой алхмууд юм. Эдгээр ахиц дэвшлийг хадгалахын зэрэгцээ Монгол Улсын баялаг соёл, уламжлалыг олон улсын хүний эрхийн стандарт, хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцүүлэн тээн хадгалах нь нэн чухал билээ.

Тиймээс НҮБ-ын Удирдлагын багаас Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулах аливаа нэмэлт өөрчлөлтийг хүүхдийн дээд ашиг сонирхлыг бүрэн хангаж, хүүхэд хамгааллын талаарх Монгол Улсын үндэсний болон олон улсын үүрэг, амлалтад нийцүүлэхийг Монгол Улсын Их Хуралд хандан уриалж байна. НҮБ-ын Удирдлагын баг нь Монгол Улсын үнэт өв уламжлал, хүүхэд бүрийн эрх, аюулгүй, сайн сайхан байдлыг хамгаалах цаашдын яриа хэлэлцээ, нотолгоонд суурилсан шийдлүүдийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлж байна.

Энэ мэдэгдэлд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд нэгдэж буйгаа илэрхийлжээ.

‍