Тухайн үед 17 настай (насанд хүрээгүй) байсан үйлчлүүлэгч М.Х нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр "Д" эмнэлгийн салбарт нүүр амны гажиг заслын их эмч З.Ч-д хандаж, дээд үүдэн шүд тэгшлэх зорилгоор гажиг заслын аппарат зүүж эмчилгээ хийлгэжээ. Эмч З.Ч нь тухайн үед 1.5-аас 2 жилийн хугацаанд аппарат зүүж шүд тэгшрэнэ гэж үзлэгээр оношилж, амбулаторийн карт нээсэн байна.
Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 2 жил 6 сарын хугацаанд нийт 14 удаагийн үзлэг, эмчилгээ, чангалгаа, бэхэлгээ хийсэн байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ирсэн гомдлын дагуу “Д” эмнэлгийн шүдний гажиг заслын эмч “Ч”-г насанд хүрээгүй үйлчлүүлэгчид эмчилгээ хийхдээ хууль ёсны төлөөлөгчөөс бичгээр зөвшөөрөл аваагүй, эмчилгээний явцад шаардлагатай хяналтын үзлэг, оношилгоо хийгээгүй гэж үзэн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шийтгэлийн хуудсаар 1,000,000 төгрөгөөр торгож, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 6 сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулжээ.

Шүдний гажиг заслын эмчилгээний үед хүүхдийн асран хамгаалагчаас бичгээр зөвшөөрөл авах хуулийн зохицуулалт байхгүй гэв

Улмаар гомдол гаргагчаас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлдээ
“…Талуудын оролцоог бүрэн хангаагүй, хэрэгт анхнаасаа хохирогч болон холбогдогч гэсэн байр сууринаас хандсан нь зөрчил шалган шийдвэрлэхэд бодит, тэнцвэртэй байдлыг алдагдуулсан. Зөрчлийг шалган шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой судалж, хэргийн үнэн нөхцөл байдлыг тогтоох ёстой боловч уг шаардлага хангагдаагүй. Мөн шинжээч эмч нарын дүгнэлтэд дурдсанчлан шүдний гажиг заслын оношилгоо, эмчилгээний стандартыг бүрэн боловсруулагдаж дуусаагүй атал уг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан. Мөн шүдний гажиг заслын эмчийн үйл ажиллагаанаас шалтгаалан шүдний сурвалжийн асуудал үүсэхгүй байх боломжтой нөхцөл байдлыг тогтоогоогүй. Зөрчил шалган шийдвэрлэхдээ зөвхөн рентген зураг, зөвшөөрөл авах асуудалд хэт ач холбогдол өгч, бусад нөхцөл байдлыг орхигдуулсан … Эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй гэж заасан боловч холбогдогч талын мэдэх эрхийг хангаагүй, гаргасан шийдвэрийг танилцуулаагүй нь хууль зөрчсөн үйлдэл. Гэтэл тухайн маргаан бүхий актад гомдол гаргагч ямар хуулийн аль заалтыг зөрчсөн талаар тодорхой тусгагдаагүй.

Мөн шүдний гажиг заслын эмчилгээний үед 18 нас хүрээгүй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас заавал бичгээр зөвшөөрөл авах шаардлагатай талаар заасан хуулийн зохицуулалт байхгүй…

Иймд формаль болон материаллаг эрх зүйн шаардлагуудыг хангаагүй маргаан бүхий захиргааны актыг гарсан гэж үзэж, уг актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэсэн байна.

Миний охины үүдэн 4 шүд шимэгдсэн, урд бүх шүднүүд нь хөдөлгөөнтэй болсон

Энэ талаар иргэн М.Х, түүний асран хамгаалагч Б.Б нараас Нийслэлийн Эрүүл мэндийн газарт дараах гомдлыг гаргажээ.

…М.Х миний охин 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус эмнэлгийн төв шуудангийн салбарт “Ч” эмчээр үзлэг хийлгэн шүдний аппарат зүүхээр болсон. Тухайн үед 2022 оны 3 дугаар сарын 26-ны Энэрэл дент эмнэлэгт рентген зураг авхуулсан 11 сард эмчилгээ эхлэхэд 6 сар өнгөрсөн байхад зураг дахиж аваагүй, Ч эмч охины маань шүдийг үзээд хамгийн багадаа 1.5 жил удаандаа 2 жил аппарат зүүнэ шүд нь тэгшрээд гоё болно гээд надтай уулзаад аппарат зүүгээд гоё болно гэснээс аппарат зүүх сайн муу тал болон огт тайлбарлаагүй ба Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу насанд хүрээгүй хүүхдэд гажиг заслын тухай асран хамгаалагчаас зөвшөөрлийн хуудас аваагүй ...

2 жилийн хугацаанд ганц ч удаа рентген зураг аваагүй... одоо миний охины үүдэн 4 шүд шимэгдсэн урд бүх шүднүүд нь хөдөлгөөнтэй ... Д******* эмнэлэг болон эмчид гомдолтой...

гэх өргөдлийг гаргасан байна.

Хариуцагчаас “... Эмч нь насанд хүрээгүй үйлчлүүлэгчид эмчилгээний эрсдэл, хүндрэлийг урьдчилан таниулж, хууль ёсны төлөөлөгчөөс бичгээр зөвшөөрөл авах, эмчилгээний явцад шаардлагатай хяналтын үзлэг, рентген оношилгоо хийх үүрэгтэй. Гэтэл эдгээр үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримт, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн ...” гэжээ.


Анхан шатны шүүхээс гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах байдлаар дүгнэсэн байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т эмнэлгийн мэргэжилтэн нь оношилгоо, эмчилгээний стандарт, технологи, удирдамжийг мөрдөж ажиллах үүрэгтэй, 36 дугаар зүйлийн 36.2-т нарийн төвөгтэй оношилгоо, мэс засал хийх тохиолдолд насанд хүрээгүй хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөс бичгээр зөвшөөрөл авахаар тус тус заасан. Мөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-д үйлчлүүлэгч насанд хүрээгүй бол хууль ёсны төлөөлөгчөөс бичгээр зөвшөөрөл авах, эмчилгээний эрсдэл, хүндрэлийг урьдчилан таниулах үүргийг зохицуулжээ.

Гэтэл “Д” эмнэлэг нь өөрийн боловсруулсан зөвшөөрлийн хуудсыг ашигладаг боловч насанд хүрээгүй эмчлүүлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс бичгээр зөвшөөрөл аваагүй, зөвхөн эмчлүүлэгч өөрөө төлбөрийн баримтад гарын үсэг зурсан байна. Түүнчлэн эмчлүүлэгч хоёр жил гаруйн хугацаанд нийт 14 удаа үзлэг, эмчилгээнд хамрагдсан боловч нэг ч удаа хяналтын рентген зураг аваагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр хяналтын рентген зураг авах нь шүдний ёзоорын шимэгдлээс сэргийлэх, эрт илрүүлэхэд шаардлагатай гэж үзсэн тул эмчийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Харин Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мэргэшсэн эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж, нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан. Иймд оногдуулсан шийтгэл нь хуульд нийцсэн, шийтгэлийн хуудаст эрх хасах шийтгэлийн хэлбэрийг тусгайлан тэмдэглээгүй нь түүнийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Мөн зөрчлийн хэргийн материалтай танилцах талаар гомдол гаргагчид мэдэгдсэн, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг эрх бүхий албан тушаалтан болон прокурорын тогтоолоор хуульд заасан журмын дагуу сунгасан байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрээгүй байна.

Ийнхүү эмч нь насанд хүрээгүй үйлчлүүлэгчид эмчилгээ хийхдээ хууль ёсны төлөөлөгчөөс бичгээр зөвшөөрөл авах, эмчилгээний явцад шаардлагатай оношилгоо, мэргэжлийн хяналт тавих үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон, түүнд оногдуулсан шийтгэл хуульд нийцсэн гэсэн үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзсэн.


Эх сурвалж: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх

‍