Манай хоёр хөрш хуурамч архи үйлдвэрлэлээрээ дэлхийд толгой цохиж аанай л эхний нэг, хоёрдугаар байранд зуузай холбож байна. Гэтэл үйлдвэрлэгч улсын иргэд нь өөрсдөө ч айдаг, дэлхий нийтээрээ санаж сэрэмжилдэг гарал үүсэл, орц найрлага нь тодорхойгүй архи виски хилийн цаанаас монгол руу “цутгаж” байна. Ялангуяа, хойд хил Алтанбулаг чөлөөт бүс анх байгуулагдсан цагаасаа хойш л архины хар зах болж, түүгээрээ хөлжиж байгаа. Тэнд Монгол Улсын хууль журам, монгол хүний амь нас эрүүл мэндийг бодох санаа, сөхөө ч алга.
Чөлөөт бүсийнхэн архи, вискигээ оросын сайтуудын аль хямдаас нь онлайнаар захиалж аваад Улаанбаатар хот, 21 аймаг руу нарийн зохион байгуулалттайгаар түгээдэг. Арваад жилийн хугацаанд бүхэл бүтэн мафийн хэмжээнд хүртлээ бэхэжсэн энэ схем өдгөө улам бүр амь бөхтэй оршиж, баяр ёслол сар шинийн өдрүүдэд өнөөх л хямдхан, хуурамч, чанарын баталаагүй архи вискигээ Монгол Улсын өнцөг булан бүрт худалдан борлуулах нь улам идэвхжиж буй.
Чөлөөт бүсийн худалдаачид ОХУ-аас онлайнаар захиалж авдаг тул өөрсдөө ч гарал үүслийн гэрчилгээ болон бүтээгдэхүүний чанар дээр баталгаа өгдөггүй. Хамгийн ноцтой нь гаалийн баталгаат агуулах байх ёстой татварын акцыг багц багцаар нь барьж ирээд лангуур дээрээ наачихдаг. Арилжсан архинд нь хүн хордоод очлоо гэхэд буух эзэн буцах хаяг байхгүй. Хямд бараа сонгосных нь хохь болоод дуусдаг. Ийм бодит кейсүүд ч олон бий.

Гэвч үнэ хямд, савлагаа хээнцэр эдгээр архи монголчуудыг соронз мэт татсаар гор нь иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байгааг эмнэлэг, цагдаагийн байгууллага бишгүй анхааруулсаар байна.
Хэрэв та анзаарсан бол сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд хууль хяналтын байгууллагынхан хуурамч архийг тонн тонноор нь хурааж буллаа.
Тиймээс хаанахын ямар үйлдвэрт үйлдвэрлэсэн, гарал үүсэл, орц найрлага нь тодорхойгүй хуурамч уу, хортой юу гэдгийг хэн ч мэдэхгүй гараас гарт дамжуулан борлуулдаг дуураймал савлагаатай архинаас татгалзаж, баярын ширээгээ, хайртай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй болж байна. Үгүй бол хэн нэгэн, таны хайртай хүмүүс ч эрсдэлд орж эрүүл мэнд, амь насаараа хохирох магадлалтай.
Үүнийг батлах хэдхэн тоо баримт дурдая.
Гаалийнхны хяналтаар 2025 оны II сард хууль зөрчин улсын хилээр согтууруулах төрлийн ундаа нэвтрүүлсэн зөрчлийн улмаас 611 литр архи, 1318 л шар айраг, 35.5 литр вискиг хураасан байна. Өнгөрсөн онд мөн л энэ төрлийн зөрчлийн улмаас 1621 л архи 20 л спирт, хурааж устгажээ. Мөн цагдаа, татварын байгууллага 8222 ширхэг буюу 10558 литр архи согтууруулах ундаа хурааж, устгалд оруулсан гэж мэдээллээ. Гэтэл хууль хяналтынхны хуурамч, хортой гээд хурааж устгаж булдаг сархад танай ширээн дээр байгаа юм биш биз.
Тэгвэл хулхи сархад таны гар дээр очих хамгийн түгээмэл хэлбэр нь онлайн худалдаа, гар дээрх наймаа. Ялангуяа байрны группүүдэд зар байршуулж, машиныхаа тээшнээс гаргаж өгч байгаа танихгүй шошготой эсвэл дуураймал нэр хаягтай архийг хоёр хөршөөс онлайнаар захиалж авчирчээ гэдгийг тун чиг төвөггүй мэдэж болно.
Яг ийм үйлдэл буюу хууль хяналтынхан цахим орчинд 370 групп, хаягийг хяналтад авч, 308-ыг шалган, дөрвийг нь хаалгаж, 2964 иргэн, 1182 аж ахуйн нэгж, 3612 тээврийн хэрэгсэл шалгаж, 34 зөрчил илрүүлэн, 134 ширхэг 80 литр архи, 382 ширхэг 294 литр шар айраг, бусад 12 ширхэг 13 литр согтууруулах ундааны зүйл хурааж, нэг аж, ахуйн нэгжийг 5.0 сая төгрөгөөр, таван иргэнийг 2.5 сая төгрөгөөр торгож, хариуцлага тооцсон байх жишээтэй. Үндсэндээ монголчууд өнөөдөр хямд үнээр “том” шилтэй архи авч болох ч маргааш нь эрүүл мэнд, амь насаараа хохирно гэдгийг ухамсарлаж татгалзсан цагт олон ч эрсдэлээс өөрийгөө болоод өрөөлийг хамгаалах болно. Харин нэн тэргүүн сар шинийн эдгээр өдрүүдэд Алтанбулагаас орж ирсэн аюул дагуулах эрсдэлтэй хямд, хулхи сархадыг л баярын ширээнээсээ хол байлгая. Хариуцлагыг нь хэн ч үүрэхгүй. Худалдаж авч хэрэглэсэн та л хохироод үлдэнэ.

















