“Алтанбулаг” чөлөөт бүс, “архи” хэмээх хоёр үг айлсаж, ижилсээд арав гаруй жилийг үдэж. Засгийн газрын 2014 оны 153 дугаар тогтоолоор “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг байнгын дэглэмд шилжүүлэн нээн ажиллуулснаас хойш буюу анхнаасаа л тэнд архи голдуу арилжиж эхэлсэн нь аанай л хэвээрээ аж.
Энэ өвлийн оргил хүйтэн, жавар тачигнасан өглөөний 09.00 цаг гэхэд 150 гаруй машин чөлөөт бүсийн үүдэнд урт дараалал үүсгэжээ. Өдрийн төгсгөлд энэ тоо 1500-д хүрэв. Амралтын өдрүүдээр, тэр дундаа баяр, наадам дөхсөн үеийн нийтлэг төрх энэ. Урин дулаан цагт ачаалал бүр ч нэмэгддэг гэнэ. Алтанбулаг, Сүхбаатарын хооронд арваад жил хүн зөөсөн таксины жолооч надад үйлчлэхдээ “Ахын дүү, их юм хүлээж, горьдох хэрэггүй шүү. Архинаас өөр юм бараг байхгүй. Хаа очиж архи нь хямд, 10 мянган хүрэхгүй үнэтэй нь ч бий. Уг нь чөлөөт бүс гэж бодохоор бүх бараа нь хямд баймаар ч архийг бол эндээс хэд дахин бага үнээр авчихна. Бага сага чихэр, жимс, ахуйн хэрэглээний бараа бий бий. Өлсөөгүй биз дээ, дотроос хоол олох амаргүй шүү. Ганцхан гуанзтай” гээд, дотогш нэвтрэхээс өмнө жорлон бараадахыг аминчлан зөвлөв.
Үнэхээр ч өнгөрсөн хугацаанд цахилгаан болон усан хангамж, ариутгах татуурга, зам, далан гээд бүтээн байгуулалтад 34.5 тэрбум төгрөг зарцуулсан гэх атал замын хүмүүст зориулсан модон жорлон ч тэнд алга.
Бас жимс, самар зардаг дэлгүүр нэг л байх агаад кг алим (орос) 15 мянган төгрөг хэмээх нь төвийн татвартай газрынхаас ч өндөр санагдлаа. Тус чөлөөт бүсэд 33 аж ахуйн нэгж байнгын үйл ажиллагаа явуулж буй. Тэд хилийн чанадаас бараа, бүтээгдэхүүн оруулж ирсэн бол импортын гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар төлөхгүй. Мөн Монголын барааг гаалийн нутаг дэвсгэрээс чөлөөт бүсэд оруулахад нэмэгдсэн өртгийн албан татвараас ангид байх зохицуулалттай.
Үнэндээ иргэд өдөр бүр чөлөөт бүсээс хоёр литрийн “норм”-оо (нэг удаа нэвтрэхдээ хоёр литр архи, согтууруулах ундаа авах эрхтэй) авах хүсэлтэйгээ нуусангүй. Уг нь ийм байсан ч 2024 оны зургадугаар сараас нэг иргэн сард таван удаа чөлөөт бүсэд нэвтэрч, бараа, бүтээгдэхүүн худалдан авах хязгаар тавьсан. Ингэснээр иргэд зөвхөн хэрэглээнийхээ архийг худалдан авч, арилжааны зорилгоор дамлах, их хэмжээгээр борлуулалдаг явдлыг таслан зогсооно гэж найдсан ч талаар болов. Үүнийг батлах хэдхэн тоог энд онцолъё.
Алтанбулагийн чөлөөт бүсэд нэвтэрсэн зорчигчийн тоо 2023 онд 207.6, 2024 онд 269.2, 2025 онд 408.6 мянга болж өсжээ. Тээврийн хэрэгсэл ч 29.7-114.1 мянга болж, өнгөрсөн гурван жилд бараг дөрөв дахин нэмэгдэж.
Өдөр бүр буюу сард 30 удаа чөлөөт бүсэд “айлчилдаг” байсан хүмүүсийн эрхийг автоматаар хязгаарлан, тав болтол нь бууруулахад тэдний хөдөлгөөн саардаггүй юм гэхэд ингэтлээ эрс нэмэгдэх учиргүй баймаар. Тэгээд ч энэ хугацаанд иргэд, зорчигчдыг даллан хуйлруулах бараа, бүтээгдэхүүн шинээр гарч ирээгүй. Гагцхүү архи, тэр дундаа хэт хямд, чанарт нь бүрэн итгэж үл чадах согтууруулах ундаа тэднийг соронз мэт татсан хэвээр. Ингэхдээ лангуун дээр ярайх архины нэр төрөл олширч, савлагаа, үзэмж нь үлэмж сайжирчээ.
Сүүлийн гурван жилд “Алтанбулаг”-т худалдан борлуулан архи, согтууруулах ундааны нэр төрөл хэрхэн нэмэгдэж, өөрчлөгдсөнийг гаалийн байгууллагынхнаас тодруулсан ч тэдгээрийг тэгж нарийвчлан тооцсон тоог гаргаж өгөх боломжгүй гэв.
Тэгвэл энэ хугацаанд архи, согтууруулах ундааг чөлөөт бүсээс хэрхэн олноор нь авах вэ гэдэг ов заль гаарах нь тэр. Мэдээж сард таван удаа нэвтрэх хязгаарыг иргэд, зорчигчид зөрчихгүй, чөлөөт бүсийн хяналт шалгалт ч тогтоосон тоог хэтрүүлэхгүй. Гэхдээ иргэдийн нэвтрэх эрх (бар код бүхий)-ийг 15-20 мянган төгрөгөөр авч, архи бөөгнүүлдэг хүн цөөнгүй. Иргэн Ж.Шинэсүх “Архи, дарс хэрэглэдэггүй болохоор таван удаа нэвтрэх эрхээ тав, арван цаасаар хэрэгтэй хүнд нь өгдөгөө нуугаад яах вэ. Амьдрахад амаргүй байна шүү дээ” хэмээнэ лээ. Ийн өгдөг нэгэн байхад авч, архи цуглуулдаг хэсэг, бүлэг байх нь зүй. Архи, согтууруулах ундаа “цуглуулдаг” хүмүүс 15-20 мянгын “зарлага”-аа тооцож, чамлахааргүй ашиг нэмж цааш зарахад ч зах зээлийн үнээс хавьгүй хямд байгаа тул энэ бизнес амь бөхтэй оршиж, хүрээгээ тэлж байна. Тиймээс ч иргэд, тэр дундаа Алтанбулагийнхан сард таван удаа зорчих хязгаарыг цуцалж, өдөр бүр чөлөөт бүс рүү чөлөөтэй нэвтрүүлдэг болгохыг эрх бүхий албан тушаалтнуудаас эрээлэлгүй шаарддаг юм билээ.
10 гаруй жилийн турш архи нааш, цааш болгож амь зуусан ард иргэдээ ахиад хэр удаан ингэж амьдруулах вэ, эрх баригчид аа.
















