УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт ард иргэд ээ
Эрхэм хүндэт Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын гишүүд тангараг өргөж ажилдаа орсноос хойш даруй нэг жил өнгөрлөө. Амжиж бүтээсэн, алдаж оносноо эргэн харах, цаашдын ажлаа бодитой, оновчтой эрэмбэлэх мөч тохиож байна.
126 гишүүнтэй шинэ парламентын 9 дэх бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд нийт 144 хууль, 146 тогтоол бид хэлэлцэн баталсан байна. Үүнээс 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 66 хууль, 59 тогтоол хэлэлцэн баталлаа.
Эрхэм хүндэт иргэд ээ,
Ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурал олон түмнээ байнга сонсож байх ёстой. Төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэр өргөн олонд хүлээн зөвшөөрөгдөхийн үндэс нь ард түмнийхээ итгэл сэтгэл, хүсэл эрмэлзлийг мэдэрч ойлгох явдал байдаг.
Тиймээс Улсын Их Хурлын даргын хувьд парламентыг олон ургалч үзэлд тулгуурлах, ил тод, нээлттэй байх, “хүн төвтэй” ойлголцол, зөвшилцлийг баримтлахад нэн тэргүүнд анхаарч ажиллалаа.
Энэ удаагийн 5 нам, эвслээс бүрдсэн Улсын Их Хурал нь парламентын ардчиллын үндэс суурийг гүнзгийрүүлэн бэхжүүлж, ард түмний төлөөллийн дуу хоолой болсон Улсын Их Хурлын институцын хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог улам төгөлдөржүүлснээр бид Монгол Улсын парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадаж байна.
Энэ бол зөвхөн нэг сонгуулийн мөчлөгийн үр дүн бус, ардчиллын замыг тууштай баримтлагч Монголын төр, нийгмийн олон институцүүдийн хамтын хүчин чармайлтын үр дүн юм.
Улсын Их Хурал намрын ээлжит чуулганаар баталсан 2024-2028 оны стратеги төлөвлөгөөндөө ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, иргэдийн оролцоог хангах үнэт зүйлийг онцлон тусгасан билээ.
Түүнчлэн Хүн төвтэй хууль буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх; Цаг үеийн шаардлагад нийцсэн хууль буюу Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх; Иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль буюу Хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох гэсэн эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг хэрэгжүүлэх үндэс суурь болсон төр төвтэй хуулиас хүн төвтэй хууль руу шилжих, хуулиас давсан журмыг цэгцлэх, хууль ба журмын зохист харьцааг хангах эрх зүйн үндсийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар бий болгож чадлаа.
Тодруулбал, журам батлах нэрээр хуулиар тогтоосон иргэний эрх зүйн байдлыг дордуулдаг явдал цаашид үгүй болно. Журам зөвхөн хуулийг хэрэгжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах зорилгоор батлагддаг болно. Мөн өөрийн чиг үүрэгт нь хамааралгүй байхад журам баталдаг явдал үүгээр таслан зогсоогдоно. Түүнчлэн хүний эрхийн ноцтой зөрчил, хүнд суртал, авлига, албан тушаалын хэрэг бий болох боломжийг үгүй хийж, Засгийн газарт чиглэл болгож 350 орчим хууль дагасан журмуудыг цэгцлэх Улсын Их Хурлын тогтоолыг баталсан.
Намрын ээлжит чуулган эхлэх хугацааг наашлуулж, 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлж, төсвийн төслийг хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатыг шинээр нэмж 4 байсныг 5 үе шаттай болгож өөрчилсөн. Ингэснээр Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо төсвийн төслийг мэргэжлийн байгууллага, ард иргэдийн дунд олон талын оролцоог хангаж, илүү нухацтай хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэж чадсан.
Парламентыг илүү нээлттэй, иргэддээ ойр байлгах зорилгоор “Нээлттэй парламент-2025” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрөөр оюутан залуус болон ахмад үеийн төлөөллийг парламентын үйл ажиллагаанд хамруулан, мэдлэг, туршлага солилцож, шинэ сэтгэлгээний гүүрийг бүтээх, ахмадын арвин туршлагыг хослуулахыг зорьж байна. Эдгээр хөтөлбөрүүдэд залуу, ахмад үеийг идэвхтэй хамруулахын зэрэгцээ хууль тогтоох ажиллагааны бэлтгэл хангаж ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье.
Эрхэм хууль тогтоогчид оо,
Та бид төрийнхөө сүлдэнд тангараг өргөж байсан мөч саяхан. Бидэнд хийх ажил их, ард түмний хүлээлт өндөр байгаа тул үлдэж буй гурван жилийн хугацаанд илүү үр бүтээлтэй ажиллах хэрэгтэй.
Шинээр бүрдсэн парламентад гишүүд эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлагаар онцгойрон ялгарч, хэлэлцэж буй мэргэжлийн нарийн, ээдрээ төвөгтэй асуудалд жинхэнэ мэргэжлийн байр сууринаас хандах арга барил, уур амьсгал маш чухал байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын өмнөх бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж батлаагүй хууль, тогтоолын төслүүдийг хууль санаачлагчид нь буцаасанд тооцдог зохицуулалттай тул гишүүд ажлын гүн рүү даруй орох, чиг үүргээ шуурхай хэрэгжүүлж эхлэх хэрэгцээ шаардлага байсныг энд дурдах нь зүйтэй.
Тиймээс Улсын Их Хурлын даргын хувьд хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гишүүдийн санал бодлыг харгалзан, мөн зарим гишүүдэд тухайлан итгэл хүлээлгэн ачаа үүрүүлж ажлын хэсгүүдэд хуваарилан ажиллуулсан. Эдгээр ажлын хэсгүүд нь хууль, бодлогын баримт бичиг боловсруулах, тухайн салбарын ажлын гүнд орж нарийвчлан танилцах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж ажиллажээ. Асуудлыг судалж дүгнэх, Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах замаар хуулийн төслүүдийг боловсруулж батлуулах, санал, дүгнэлт танилцуулах зэргээр бодит үр дүнд хүрсэн ажлын хэсгүүдийг ахалсан болон түүнд орж ажилласан нийт гишүүдэд талархал дэвшүүлж байна.
Улсын Их Хурлын гишүүдийн ахалсан ажлын хэсгүүд Хууль тогтоомжийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төсөл зэрэг олон хууль тогтоолуудыг өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн батлуулаад байна.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомжийг шинэчлэх, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгох, Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх асуудлаар холбогдох яам, байгууллагуудтай хамтран ажилласны дүнд эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.
Үүний зэрэгцээ өнөөгийн аж ахуй, арилжаа, бизнесийн эрх зүйн харилцааг зохицуулж байгаа, 23 жилийн өмнө батлагдсан Иргэний хуулийн хэрэгжилтийг судалж танилцах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг идэвх санаачилгатай ажиллаж, энэ хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар 40 гаруй судлаач, хуульчдын багаар томоохон хэмжээний судалгаа хийлгэж, үр дүнтэй ажиллаж чаджээ. Энэхүү судалгааны үр дүн хэлэлцүүлгийн шатанд байгаа Арилжааны тухай хуулийг хэлэлцэхэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Одоо мөрдөгдөж байгаа эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилтийн арга нь тоо, хэмжээнд тулгуурласан, тэр хэрээр эмнэлгүүдэд эдийн засгийн сонирхол төрүүлж байгааг эрс өөрчлөх ёстой. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт үндэслэн санхүүжилт олгох загварыг бий болгох шаардлагатай байна. Тиймээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох, хүнс эмийн хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох 3 ажлын хэсэг байгуулан ажиллаж, эрүүл мэндийн асуудлаарх эдгээр ажлын хэсгүүд салбарын мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсох ажил хийж, үүсээд байгаа асуудлын учир шалтгааныг олох чиглэлээр олон ажил хийж, олон эрдэмтэн, судлаачийг оролцуулан санал дүгнэлтээ боловсруулан танилцуулаад байна.
Тухайлбал, хаврын ээлжит чуулганы хугацаанд эдгээр ажлын хэсэг нийт 178 удаа хуралдаж, олон нийт, мэргэжилтнүүдийн дунд 46 хэлэлцүүлгийг зохион байгуулсан үр дүнтэйгээр ажиллажээ.
Тодруулбал, Төрийн албаны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Татварын хууль тогтоомжийг шинэчлэх, Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Холбоо, сангийн тухай хуулийн төслийг боловсруулах, Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Шүгэл үлээх журмын талаарх эрх зүйн орчныг бий болгох ажлын хэсгүүдийг онцлон дурдъя.
Өндөр бүтээмжтэй төрийн албыг хөгжүүлэхэд талуудын идэвх чармайлт, харилцан ойлголцол нэн чухал байдаг. Үүнийг хурдасгах, түлхэц өгөх зорилгоор Улсын Их Хурлын даргын захирамжаар Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэлийн талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, процессын дахин инженерчлэлийн ажлыг үр дүнтэй зохион байгуулах, нэгдсэн ойлголт, арга зүй, удирдлагаар хангах зорилгоор тогтоолыг хэлэлцэн баталсан.
Төрийн албаны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход Улсын Их Хурал дээр байгуулагдсан ажлын хэсэгтэй шийдэл, хувилбар, санаа оноогоо хуваалцан хамтран ажиллаж, намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Засгийн газраас хуулийн төслийг өргөн мэдүүлэх нь зүйтэй.
Аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн тодотголтой хуулийн этгээдийн удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэн сайжруулж, үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлж, зардал бууруулах, компаниудыг хувьчлах, татан буулгах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэн хэлье.
Эдгээр ажлын хэсгийн ахлагч нар үр дүн гаргахын төлөө асуудалдаа төвлөрч, гишүүдийнхээ оролцоог идэвхжүүлэх шаардлагатайг тухайлан сануулж байна. Мөн ажлын хэсгүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Улсын Их Хурлын Тамгын газарт даалгаж байна.
Эрхэм гишүүд ээ,
Хүртээмжтэй байх, иргэдийн оролцоог хангах, хариуцан тайлагнадаг байх нь Улсын Их Хурлын үнэт зүйлийн нэг билээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн чуулганы завсарлагын хугацаанд баталсан хууль тогтоомжоо сонгогч түмэндээ ойлгуулан таниулах ажлыг идэвхтэй хийж, хэлэлцүүлгийн шатанд байгаа болон боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар иргэд, олон нийттэй нээлттэй санал солилцож, тэдний дуу хоолой, төлөөлөл байх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхийг хүсье.
Эх нутаг болон дэлхийн өнцөг булан бүрд аж төрөн суугаа эрхэм хүндэт монголчууд Та бүхэндээ Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол түмний минь хийморь сүлд өөдөө байж, эх орон маань энх амгалан орших болтугай.
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган хаасныг мэдэгдье.