65 жилийн тэртээх эхлэл

АСЕАН-Зүүн Өмнөд Азийн Үндэстнүүдийн Холбоо нь Зүүн Өмнөд Азийн 11 улсыг хамарсан бүс нутгийн хамтын ажиллагааны нэгдэл бөгөөд гишүүдийнхээ хооронд эдийн засаг, аюулгүй байдлын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм. Гишүүн орнууд нь нийлээд 680 сая гаруй хүн амтай, 4.5 сая км2 гаруй газар нутагтай. АСЕАН-ны 2025 онд ДНБ нь 3.8 их наяд ам.долларт хүрсэн нь дэлхийн 5 том эдийн засаг болоод байна.

Энэ бүс нутаг дулаан орны хөдөө аж ахуйн болон эрдэс баялгийн их нөөцтэй, ажиллах хүч, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын ихээхэн ирээдүйтэй зах зээл юм. Сүүлийн жилүүдэд АСЕАН-ын орнуудын удирдлага бүс нутгийн эдийн засгийн чадавхыг улам илүү нээж эрчимтэй хөгжихийн тулд өөр хоорондын болон олон улсын эдийн засгийн интеграцийг чухалчлах болсноор бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн түвшин улам бүр гүнзгийрч, бүс нутгийн илүү өргөн хүрээтэй интеграцид хүрэх чиглэлд явж байгаа ба үйл ажиллагаа нь боловсронгуй болон хөгжиж байна. АСЕАН-ын интеграцийн гол зорилго нь бүс нутгийн орнууд эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх явдал юм. Бүс нутгийн эдийн засгийн интеграцийг хөгжүүлэх нь улс орнуудын хооронд итгэлцлийг бэхжүүлэх, газар нутгийн маргааныг зохицуулах, түүхийн элдэв санал зөрөлдөөнийг шийдвэрлэхэд тус дөхөмтэй юм

1961 оны 7-р сарын 31-нд Тайланд, Малайз, Филиппин улсууд Зүүн Өмнөд Азийн Холбоо (ASA)-г анхлан байгуулж байжээ. 1963 онд Малайз, Филиппин улсууд газар нутгийн маргааны улмаас дипломат харилцаагаа тасалж улмаар 1965 оны 8-р сард Малайз, Сингапур улсууд хуваагдан ASA-ийн үйл ажиллаагаа зогсоход хүргэжээ. 1967 оны 8 сарын 8-нд Индонез, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд энэ 5 улсын гадаад явдлын яамны сайд нар Тайланд улсын Бангкок хотноо “Бангкокын тунхаглал”-д гарын үсгээ зурснаар АСЕАН байгуулагджээ. 5 улсын гадаад явдлын яамны сайд нар нь Индонез улсын сайд Адам Малик, Филиппин улсын сайд Нарцисо Рамос, Малайз улсын сайд Абдул Разак, Сингапур улсын сайд С.Ражаратнам, Тайланд улсын сайд Танат Хоман–тус байгууллагыг үндэслэгсэд юм. 1976 онд Зүүн Өмнөд Азийн орнуудын найрамдал, хамтын ажиллагааны хөтөлбөрийг баталсан бол 1991 онд чөлөөт худалдааны бүсийн саналыг Тайланд санаачилж байв. 1984.01.08-нд Бруней улс нь 6 дахь гишүүн болон элссэн.

Үргэлжилсэн өргөжилт  

1995.07.28-нд Вьетнам улс 7 дахь гишүүн орон болон орсон. Лаос, Мьянмар улс 2 жилийн дараа буюу 1997.07.23-нд элссэн. Камбож улс засаглалын тогтворжилтын дараа 1999.04.30-нд элсжээ. 1990 онд Малайз улс БНХАУ, Япон, Өмнөд Солонгос улс болон АСЕАН-ы гишүүдийг багтаасан Азийн эдийн засгийн хамтын ажиллагааг зохион байгуулахаар санал болгож улмаар АСЕАН+3 бий болсон. 2025 оны 10-р сарын 11-нд АСЕАН-ын даргалагч бөгөөд Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрагим Зүүн Тимор улс АСЕАН-д 11 дэх гишүүн улс болон албан ёсоор элссэнийг зарлажээ.

Зохион байгуулалт

АСЕАН-ын гишүүн улсуудын төрийн тэргүүн нарын албан ёсны дээд хэмжээний анхны уулзалт 1976 онд Индонез, Балид хуралджээ. 2001 онд бүс нутгийн сэтгэл түгшээсэн, яаралтай асуудлуудыг жил бүр хэлэлцэж, анхаарлаа хандуулахаар шийджээ. Гишүүн улсууд дээд хэмжээний уулзалтыг үсгийн дарааллаар Мьянмараас эхлэн хүлээн авахаар тогтжээ. 2026 оны 48, 49-р дээд хэмжээний чуулганыг Филиппин улсад зохион байгуулахаар төлөвлөөд байна.

1997 оноос эхлэн гишүүн улс бүрийн тэргүүнүүд Куала Лумпурт болсон тус бүлгийн 30 жилийн ойн уулзалтын үеэр “Алсын хараа-2020”-ыг баталсан. Энэхүү алсын хараа нь энх тайван, тогтвортой байдал, цөмийн зэвсэггүй бүс нутаг, эдийн засгийн нягт интеграцчлал, хүний хөгжил, тогтвортой хөгжил, соёлын өв, мансууруулах бодисгүй бүс нутаг байх, хүрээлэн буй орчин зэрэг асуудлуудыг хамарсан урт хугацааны зорилт юм.

Түүнээс гадна  Улс төр-аюулгүй байдлын хамтын ажиллагааны нийгэмлэг (APSC), Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (AEC), Бүс нутгийн чуулган (ARF), Нийгэм-соёлын хамтын ажиллагаа нийгэмлэг (ASCC) зэрэг идэвхтэй ажилладаг хамтын ажиллагааны механизмууд, Нийтэд хэрэгжих хөнгөлөлттэй тариф (CEPT),  Өргөн хүрээт хөрөнгө оруулалтын бүс (ACIA),  АСЕАН-ий нэг агаарын тээвэрт зах зээл (ASEAN-SAM), Үйлчилгээний худалдааны бүтцийн гэрээ AFAS  зэрэг олон гэрээ хэлэлцээрүүд байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа  

Эдийн Засгийн Хамтын ажиллагаа  (AEC) нь АСЕАН-ны хүрээнд бараа, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, мэргэшсэн ажилчид, хөрөнгийн чөлөөт хөдөлгөөнийг хангах зорилготой нэгдсэн зах зээл, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа юм. 2015 оны сүүлээр байгуулагдсан АЭХ нь гишүүн орнуудын хоорондын баялгийн зөрүүг багасгах, нийтлэг хөгжил цэцэглэлтийг дэмжих зорилготой АСЕАН-ы гурван тулгуур баганын нэг юм. Үүнд 11 гишүүн улс багтдаг.

Бүс нутгийн форум (ARF)

АСЕАН-ий бүс нутгийн форум (ARF) нь Ази Номхон далайн бүсийн албан ёсны олон талт форум юм. 2007 оны 7 сарын байдлаар 27 оролцогчтой байсан бөгөөд ARF-ийн зорилго нь харилцан хамтын ажиллагааг дэмжих, итгэл найдварыг бий болгох мөн бүс нутагт хамгаалалттай дипломат харилцааг хөгжүүлэхэд оршино. ARF анхны чуулганаа 1994 онд хийсэн. Одоогийн байдлаар ARF-д оролцогч орнууд: ASEAN-ий бүрэн эрхт гишүүд, Австрали, Бангладеш, Канад, БНХАУ, Европын холбооны орнууд, Энэтхэг, Япон, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Монгол, Шинэ Зеланд, Пакистан, Папуа Шинэ Гвиней, Орос, Зүүн Тимор, АНУ болон Шри Ланка нар юм.  

Дээр дурдагдсанаас гадна АСЕАН+3, Ази-Европын уулзалт, АСЕАН-Оросын уулзалт, AСЕАН-ний гадаад хэргийн сайд нарын уулзалт зэрэг бусад хурлууд тогтмол зохион байгуулагддаг. Эдгээр уулзалтууд нь ихэвчлэн эдийн засаг худалдаа, батлан хамгаалах, байгаль орчин гэх мэт онцолсон сэдвээр болох бөгөөд улс орнуудын сайд нар оролцдог.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт

2025 онд АСЕАН-д орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ жилд 230-240 тэрбум ам.доллар орчим байна. 2025 онд Хятадын АСЕАН-д оруулсан шууд хөрөнгө оруулалт жилд 25 тэрбум ам.доллар орчим гэж тооцоолж байна.

АСЕАН хоорондын аялал жуулчлал

АСЕАН-ий орнууд 2025 онд нийт 144 сая жуулчил хүлээн авсан бол  АСЕАН-ий хооронд чөлөөтэй зорчих болсноор дотоодын жуулчид 48 сая нь байсан байна.

АСЕАН хоорондын худалдаа

2025 оны байдлаар гишүүн орнуудын хоорондын худалдаа 750-800 тэрбум ам.доллар  байсан нь АСЕАН-ын нийт худалдааны 21.5%-ийг эзэлж байжээ. АСЕАН-ы нийт гадаад худалдаа ойролцоогоор 3.6 их наяд ам.доллар харин АСЕАН болон Хятадын хоорондох нийт худалдааны хэмжээ 2025 онд 1 их наяд ам.доллароос давсан байна.

🤝 АСЕАН-ы гишүүн орнуудын худалдааны гол бодлого

АСЕАН-ы доторх хамгийн гол худалдааны бодлого бол АСЕАН-ы бараа бүтээгдэхүүний худалдааны хэлэлцээр (ATIGA) юм. Энэхүү хэлэлцээрийг саяхан 2025 оны 10-р сард болсон АСЕАН-ы 47 дахь дээд хэмжээний уулзалтаар шинэчилсэн билээ. ATIGA-ийн гол агуулга:

Тэг тариф: АСЕАН доторх худалдааны нээлттэй байдлыг 99%-иас дээш хэмжээнд хүргэнэ гэж зорьж байна, өөрөөр хэлбэл гишүүн орнуудын хооронд эргэлдэж буй бараг бүх бараа маш бага эсвэл тэг тарифтай байх болно.

Тарифын бус саад бэрхшээлийг шийдвэрлэх: Шинэ хэлэлцээр нь бизнес эрхлэгчдэд өмнө нь байсан мянга мянган тарифын бус саад бэрхшээлийг шийдвэрлэхэд туслах, худалдааг илүү жигд болгох өөр маргаан шийдвэрлэх механизмыг нэвтрүүлж байна.

Худалдааг хөнгөвчлөх нь: АСЕАН-ы нэг цонх болон АСЕАН-ы гаалийн дамжин өнгөрөх системийг илүү сайн хэрэгжүүлснээр хил дамнасан бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хурдан бөгөөд хямд болгох.

Бүс нутгийн цогц эдийн засгийн түншлэл (RCEP)

Бүс нутгийн цогц эдийн засгийн түншлэл (RCEP) нь АСЕАН-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан таван улс болох Хятад, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд зэрэг нийт 15 гэрээт оролцогч талууд хамтран оролцсон өндөр түвшний чөлөөт худалдааны хэлэлцээр юм. Энэхүү хэлэлцээр нь Төв Азийн орнууд, Өмнөд Азийн орнууд болон Далайн бусад орнууд зэрэг бусад гадаад эдийн засагт нээлттэй юм. RCEP нь тариф болон тарифын бус саадыг бууруулах замаар нэгдсэн зах зээлтэй чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг зорьж байна. Хэлэлцээр 2019 оны 11-р сарын 4-нд дууссан боловч Энэтхэг улс дундаас нь гарсан. Ийнхүү уг хэлэлцээр нь 2022 оны 1-р сарын 1-нд уг хэлэлцээр албан ёсоор хүчин төгөлдөр болсон бөгөөд ингэснээр Европын холбоог давж, дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны хэлэлцээр болсон.

Монгол Улс-АСЕАН-ны хамтын ажиллагаа

Монгол Улс ACEAN-тай яриа хэлэлцээний түншлэлийг гүнзгийрүүлж, салбарын яриа хэлэлцээний түнш болох хүсэлтээ илэрхийлэн, АСЕАН-ы Бүсийн форум(ARF)-д идэвхтэй оролцдог. Энэхүү хамтын ажиллагаа нь эдийн засаг, аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлыг хангах замаар хөгжлийн хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Хамтын ажиллагааны гол чиглэлүүд:

• Салбарын яриа хэлэлцээний түншлэл: Монгол Улс АСЕАН-ы салбарын яриа хэлэлцээний түнш болох хүсэлтээ албан ёсоор гаргаж, 2045 он хүртэлх хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг зорьж байна.

• Бүсийн форум (ARF): Монгол Улс 2006 оноос хойш АСЕАН-ы Бүсийн форумд тогтмол оролцож, худалдаа эдийн засаг, аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллаж байна.

• Түншлэлийг өргөжүүлэх: 2026 онд тохиох Зүүн өмнөд Азийн Найрамдал, хамтын ажиллагааны гэрээний 50 жилийн ойд идэвхтэй оролцох зэрэг боломжууд бий.

АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Као Ким Хорн Монгол Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагааг дэмжиж, салбарын түншлэлийн хүсэлтийг гишүүн улсуудад уриалж байна.

Монгол орны хувьд Зүүн өмнөд азийн бүс нутгийн интеграцид оролцох, Монгол Улсын үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой юм. АСЕАН хамтын ажиллагаанд оролцдог улс орнууд нь Монгол Улсын хөрш зэргэлдээ буюу ойр оршихоос гадна манай улстай найрсаг харилцаатай улсууд билээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улс Зүүн өмнөд Азийн улс орнуудтай улс төр, эдийн засаг, соёлын салбарт харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлж байгаа билээ. Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагаа энэхүү хамтын ажиллагааны зорилго, зарчимд бүрэн нийцэж байгаа бөгөөд Монгол Улс 2005 оны 7 дугаар сард “АСЕАН-ы Найрамдал, хамтын ажиллагааны гэрээ"- нд нэгдэн орсон юм.

2025 оны байдлаар Монгол-АСЕАН-ы худалдааны эргэлт ойролцоогоор 750-800 сая  ам.доллар байна.  Энэ нь Монголын нийт гадаад худалдааны ердөө 3.5% орчим юм.

Монголын АСЕАН-ы орнуудтай хийсэн худалдааны бүтцээс ажиглахад  

Тайланд: ойролцоогоор 360 сая ам.долларын худалдаа (2024 оны түвшиндээ).

Вьетнам: ойролцоогоор 150 сая ам.доллар (сүүлийн жилүүд нэмэгдсэн).

Индонез: 2025 онд ойролцоогоор 70 сая ам.доллар байна

Монголоос АСЕАН-руу  жонш, ноос, ноолууран утас, арьс шир, түүхий эд уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог бол АСЕАН-аас далдуу модны тос, машин тоног төхөөрөмж, электроник бараа, хүнсний бүтээгдэхүүн, эмийн бүтээгдэхүүн импортлон авдаг байна.

Монгол Улс болон АСЕАН-ын хамтын ажиллагаа нь худалдаа, хөрөнгө оруулалт, хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжил болон аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэж байна. АСЕМ-ын дээд түвшний уулзалтаар (Улаанбаатар, 2016) энэ харилцаа эрчимжсэн бөгөөд ногоон эдийн засаг, байгалийн баялгийн зохистой ашиглалт, тээвэр логистикийн уялдаа холбоог сайжруулах нь ирээдүйн гол зорилт юм

Монгол-АСЕАН хамтын ажиллагааны ирээдүйн гол чиглэлүүд:

 Худалдаа, хөрөнгө оруулалт: АСЕАН-ы зах зээлд хүнсний болон уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэх, хөрөнгө оруулалтыг татах.

 Тогтвортой хөгжил: Байгаль орчин, тогтвортой үйлдвэрлэл, ногоон эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх.

 Аюулгүй байдал: Ази-Европын аюулгүй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд хамтран ажиллах.

Монгол Улс АСЕАН-ы гишүүн орнуудтай хоёр талын болон олон талт гэрээ хэлэлцээрүүдийг өргөжүүлснээр эдийн засгийн хамтын ажиллагааг улам хөгжүүлж өнөөгийн хүрсэн худалдааны хэмжээн нэмэгдүүлэх өргөн боломжтой юм.

Олон улс судлалын доктор Х.Баатархүү