АТГ анх 2007 онд 16 хэрэг шүүхэд шилжүүлдэг байсан бол энэ тоо жил тутам 4-5 дахин нэмэгдсээр 2025 онд 367 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлдэг болов. Энэ нь дунджаар өдөр бүр 1 хэргийг мөрдөн шалгаж дуусгаж байна гэж хэлж болох юм.
Тэгвэл АТГ 2007-2025 онд буюу сүүлийн 20 жилд 14.429 эрүүгийн хэрэг мөрдөн шалгажээ. Дундажлаад үзвэл нэг жилд 760 гаруй хэргийг мөрдөн шалгаж байна гэсэн үг юм.
Харин энэ хугацаанд авлигын гэмт хэргийн 15.098 гомдол, мэдээллийг шалгаж, 5328-г мөрджээ. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгасан 14.429 эрүүгийн хэрэгт 13,151 хүнийг шалгаж, 2810 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Сонирхолтой нь дээрх хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэргээр 2000 орчим хүн хариуцлага хүлээжээ.
Энэ дундаас олон нийтийн хамгийн их сонирхол татдаг нь хэр хэмжээний хохирлыг нөхөн төлүүлсэн бэ гэдэг “тоо” юм. Харин өнгөрсөн хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас 28.3 их наяд төгрөгийн хохирол учирсныг илрүүлсэн нь АТГ-ын ажлын үзүүлэлт хэр буйг харуулж буй хэрэг.
АТГ-ын мөрдөгч нар 3.4 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлснээс 2022 онд 2.3 их наяд төгрөгийн хохирлыг төлүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааны 20 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Харин дээрх хугацаанд 20.9 их наяд төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө, бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Өөрөөр хэлбэл, энэхүү царцаагдсан мөнгийг авлигын гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний дараа улсад нөхөн төлөгдөх мөнгөн дүн гэж ойлгож болох бөгөөд 3.4 их наяд төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлүүлсний дээр нэмээд 20.9 их наяд төгрөгийг улсын орлого болгох боломжтой гэсэн үг юм.
Тэгвэл АТГ-ын мөрдөн шалгаж олж авчраад байгаа нөхөн төлүүлсэн орлого хаашаа очдог вэ гэдгийг олон нийт төдийлөн мэддэггүй. Ганцхан жишээ хэлэхэд, 2022 онд авлигын гэмт хэргийн улмаас 5 их наяд төгрөгийн хохирол учирснаас АТГ 2.3 их наядыг нь төлүүлсэн. Харин энэ мөнгө дараах байгууллагууд руу төлөгдсөн гэсэн үг юм .
Тухайлбал,
• Сангийн яамны төрийн сангийн дансанд 2.9 тэрбум төгрөг
• Хөгжлийн банканд 767.4 тэрбум төгрөг
• Дархан Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-д 721,2 тэрбум төгрөг
• “Хөтөлийн Цемент шохой” ТӨХК-д 235,4 тэрбум төгрөг
• “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-д 647.2 тэрбум төгрөг
• Төрийн байгууллагын дансанд 242.4 сая төгрөг
• Улсын орлогод оруулсан хөрөнгө, барилга байгууламж, газар 244,9 сая төгрөг
• Иргэн, аж ахуйн нэгжүүдэд 143.4 сая төгрөг














