АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, комиссар Х.Ихмөрөн удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн ч цагдаагийн байгууллагаас хэргийг нь шалгахгүй хаасаар иржээ.

Эхнэр нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дундуур АТГ-ын дотоод хяналтад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаарх зураг, видео зэрэг бүх нотлох баримтыг өгсөн бол арванхоёрдугаар сарын эхээр НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баярт өргөдөл гаргажээ. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллага хэргийг шалгах нь битгий хэл удаа дараа Х.Ихмөрөнг хамгаалсан шийдвэр гаргасан учраас АТГ-ын дотоод хяналт болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргад хандсан байна.

Х.Ихмөрөн нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. 2009 оноос төрийн тусгай албанд ажиллаж байгаад 2015 оноос АТГ-ын мөрдөгч, ахлах мөрдөгчөөр ажилласан. Харин 2022 оноос Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар тушаал дэвшсэн юм. Тэрбээр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн бөгөөд өнгөрсөн хугацаанд АТГ-ыг төлөөлөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаанд оролцож ирсэн байна.

АТГ-ын комиссарын өргөдлийн талаар НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраас тодруулахад “Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг үнэн зөв, хараат бусаар шийдвэрлэж өгнө үү гэсэн албан бичгийг АТГ болон шүүхэд явуулсан. Миний хувьд өөрөөр ямар нэг байдлаар шийдвэрлэх эрх, боломжгүй” гэлээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хэрэгтэй холбоотойгоор Х.Ихмөрөнг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хассан байна.

Х.Ихмөрөн нь оны өмнөхөн АТГ-ын хэлтсийн даргын ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд бид энэ талаар АТГ-аас тодруулан эргэн мэдээлэх болно.