АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, комиссар Х.Ихмөрөн удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн ч цагдаагийн байгууллагаас хэргийг нь шалгахгүй хаасаар ирсэн. Тиймээс эхнэр нь АТГ-ын дотоод хяналтад хандаж, НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баярт өргөдөл гаргасан. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллага хэргийг шалгах нь битгий хэл удаа дараа Х.Ихмөрөнг хамгаалсан шийдвэр гаргасан учраас АТГ-ын дотоод хяналт болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргад хандсан байдаг.

Энэ дагуу Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраас  “Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг үнэн зөв, хараат бусаар шийдвэрлэж өгнө үү гэсэн албан бичгийг АТГ болон шүүхэд явуусан”.

Мөн гэр бүлийн хүчирхийллийн хэрэгтэй холбоотойгоор Х.Ихмөрөнг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хассан бөгөөд Х.Ихмөрөн нь оны өмнөхөн АТГ-ын хэлтсийн даргын ажлаасаа чөлөөлөгдсөн талаар mongoliapress.mn мэдээлсэн билээ.

Тэгвэл энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Мөнхтунгалагаас тодруулахад “Манайд гомдол ирсэн. Гомдлыг дотоод хяналтаас шалгасан. Тэгээд Х.Ихмөрөн комиссар гэр бүлийн хүчирхийллийн асуудалд нэр холбогдсон учраас өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн” гэлээ.