Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын тайланг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэж, баталсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн болон холбогдох албан тушаалтнууд өнөөдөр (2025.07.07) мэдээлэл өглөө.

Үндэсний аудитын газраас 2025 онд нийт 61 төсвийн ерөнхийлөн захирагч болон тэдгээрийн эрхлэх асуудлын хүрээний 6832 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланд аудит хийсэн. Аудитаар 60 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 165 албан тушаалтанд хариуцлага тооцох 151 албан шаардлагыг хүргүүлсэн байна. Мөн нэг их наяд төгрөгийн зөрчлийг арилгуулахаар 6001 зөвлөмж өгсөн бол гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 10.2 тэрбум төгрөгийн зөрчлийг шалгуулахаар прокурорын байгууллагад шилжүүлжээ. Ерөнхий аудитор С.Магнайсүрэн “Аудитын хүрээнд зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулахаас гадна тухайн зөрчлийг дахин давтан гаргуулахгүй байх нь чухал. Мөн энэ жилийн дүнд үндэслэн ирэх жилийн аудитаар илрэх алдаа, зөрчил эрс багасах учиртай. Тиймээс Үндэсний аудитын газар ирэх наймдугаар сард хийх завсрын аудитын хүрээнд өмнө нь өгсөн акт, албан шаардлагын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр төсвийн ерөнхийлөн захирагчидтай онцгойлон анхаарч ажиллана” гэдгийг тодотголоо.

Санхүүгийн тайлангийн аудитаар илэрч буй зөрчлүүдийн хувьд голчлон төсвийн хөрөнгийг хуулийн хүрээнд захиран зарцуулахгүй байх, зориулалт бусаар зарцуулах, тухайн байгууллагад байгаа өр авлагыг баталгаажуулахгүйгээр тайлагнах тохиолдол илэрч байна. Мөн төсөв захирагчид шилэн дансаа хуулийн хүрээнд хөтлөхгүй байгааг Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг тодотголоо.

Төрийн аудитын байгууллага нь санхүүгийн тайлангийн аудитаас гадна үйл ажиллагааны гүйцэтгэл, нийцлийн аудитыг хийж гүйцэтгэдэг. 2024 оны тухайд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарын 69 барилга байгууламж, соёлын салбарын 12, эрүүл мэнд, эмнэлгийн 24, инженерийн дэд бүтцийн 18 байгууламж, дэд бүтэц болон цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах 28 барилга, байгууламж болон 202.4 км авто замд хийсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд аудит хийсэн. Аудитаар хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний тухайн жилийн санхүүжилт 62.7 хувийн гүйцэтгэлтэй, тухайн онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл арга хэмжээний хэрэгжилт 69 хувьтай байсныг ҮАГ-ын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд мэдээллээ.