“Олон улсын худалдаа, логистикийн төв” ХК буюу 22-ын Авто худалдааны цогцолбор нь Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороонд Автомашин, худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг нийслэлийн өмчит хувьцаат компани юм. Kомпанийн Гүйцэтгэх захирлаар С.Бямбасүрэн 2025 оны 03 дугаар сард томилогдсон.
Гэвч тэрээр томилогдсон цагаасаа хойш ажилчдад ажлын байрны дарамт үзүүлэн зарим ажилчдыг бүтэц, орон тооны цомхотголд хамрагдаагүй байхад нь ажлаас чөлөөлжээ.
Тодруулбал, тус компанийн ажилтан Захиргаа, хүний нөөцийн албаны даргыг ажлаас чөлөөлөхдөө их хэмжээний мөнгө, Санхүү эдийн засгийн албаны дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогчийн ажилд ороод удаагүй ажилтанд байгууллагын мөнгөнөөс мөн адил их хэмжээний тэтгэмж тус тус олгохдоо хууль бус тушаал гаргасан байна. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын мөнгийг тэтгэмж нэрийдлээр хууль зөрчсөн гаргасан байж болзошгүй байгаа юм.
Мөн Маркетингийн менежер албан тушаал дээр гэрээ байгуулж, тушаал гаргасан ч тухайн ажилтан нь үзэгдэж харагддаггүй. Цаасан дээр нэр нь байдаг ч ажилдаа огт ирдэггүй, ажилдаа ирэхгүй байхад 2025 оны 03 дугаар сар томилогдсоноос хойш одоог хүртэл цалинг бүтэн олгож, олгосон цалинг завшиж байж магадгүй гэж үзэж байгаа хүмүүс олон байгаа аж.
Тиймээс байгууллагын санхүүг удирдахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус үйлдлүүд удаа дараа гаргаж байгаа хэмээн үзэж “Авто худалдааны цогцолбор”-ын захирал С.Бямбасүрэнгийн талаарх “но”-той баримтуудыг Х.Нямбаатарт хүргүүлжээ.
“Авто худалдааны цогцолбор”-ын дээд шатны байгууллага болох Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин болон бусад байгууллагуудад хандсан боловч одоог хүртэл тодорхой хариуг ирүүлээгүй байгаа аж.
















