Өнгөрсөн бямба гаргийг нийслэлд “Автомашингүй өдөр” болгож, араас нь “Шөнийн марафон” зохион байгуулсан нь иргэдийн амралтын өдрийг там болгосон. Цаашлаад тэрхүү марафоныг зохион байгуулсан “Шөнийн марафон” компанийг ердөө сар хүрэхгүйн өмнө байгуулсан нь анхаарал татаж, хамтран ажилласан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тус компани санхүүжилт авсан байх вий гэсэн хардлага хөврөв.

Энэ талаар Нийслэлийн төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Шөнийн марафон зохион байгуулсан компани хэчнээн төгрөгийн ашиг олсон нь бидэнд хамаагүй” хэмээн тайлбар хийж.

Тэгвэл автомашингүй өдөр, шөнийн марафоноос болж хотоороо хөл хоригдон, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд нэг өдрийн ашиг, орлогоо алдах нь та болон танай удирдлагын багт хамаагүй юү, Б.Сэмжидмаа зохицуулагч аа.

Тус марафонд 9000 хүн оролцсон гэх бөгөөд тэд гүйх зайнаас хамаарч 29, 79, 100 мянган төгрөгийн хураамж төлсөн зэргээс тоймловол, үүнийг зохион байгуулсан компани нь нийт 725 сая төгрөгийн орлоготой ажиллаж, үүнээс цэвэр ашиг нь 270 сая орчим төгрөг байхаар буйг зарим эх сурвалж тооцоолсон байна. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан ч бай, үгүй ч бай их, бага хэмжээний ашиг, орлогыг хоёр компани халаасалж, бусад нь бүтэн өдөржин хаалгаа барихдаа туллаа шүү дээ.

Нийслэл Улаанбаатарт автомашины улсын дугаарын хязгаарлалтыг 2012 оноос хэрэгжүүлж. Ийнхүү нийслэлчүүд сүүлийн 14 жилийн турш эд хөрөнгөө эдлэх, зорчих эрхээ их, бага хэмжээгээр хязгаарлуулж дасах нь. Тэгж яривал энэ сарын тухайд 15 хүртэл улсын дугаарын тэгш, сондгой төгсгөлөөр нь хязгаарлаж, тэн хагаст нь машиныг нь унуулсангүй. Ингэж байтал автомашингүй өдөр, марафон залгаж, залхсан иргэдийн бухимдал газар авав.

Уг нь удирдаж байгаа хүмүүс нь ухаантай сан бол цаг үеийн байдал, иргэдийнхээ уур амьсгалыг соргогоор мэдэрч зохицуулалт хийж болох байв.

Тэгж ч ажиллаасай гэж тэднийг сонгосон, томилсон. Харамсалтай нь, зохицуулагч Б.Сэмжидмаа мэтээс авхуулаад “Хамгийн гол алдаа нь “Автомашингүй өдөр” гэж өдөр нь зам хаачихаад, орой нь үргэлжлүүлээд шөнийн марафоны үеэр замын хөдөлгөөнийг хязгаарласан учир иргэдэд бухимдал үүсгэсэн” хэмээн хээвнэг хэлж, хэлээ гаргах маягтай хариулж зогсох нь гутамшиг. Шатахуунд шөнө, өдөргүй дугаарлаж шар махтайгаа хатаж байгаа иргэдээ даапаалаад ч байгаа юм шиг, юутай доромжлол. “Улаанбаатар хотынхоо төв талбайд ийм олон хүн нэг зорилгын дор цуглаж, хамтдаа гүйж, хөгжим сонсож, хотынхоо шөнийн уур амьсгалыг мэдрэх гэж байгааг харахад үнэхээр сайхан байна” гэж тайз эзлэн догдлохоосоо өмнө үүсэж болох үр дагаврыг тооцох ёстой байв. Үнэндээ 14 дэх жилдээ зохион байгуулж буй “төлөвлөгөөт ажил” гэх автомашингүй өдрийг энэ жилдээ алгасаж, аль эсвэл дараа сард нь хийж болох л байсан.

Гэвч амьдралаас тасарсан, ард иргэдийнх нь ахуй нөхцөл ямар байгааг төсөөлөх ч үгүй төлөөлөгч, зохицуулагч, дарга нар тэдний амьдралд тээг, тушаа л болж байна. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва намынхаа “шоу менежер” аятай ажиллаж ирснийг олон нийт андахгүй.

Ардын намын хамаг л өнгөлөг, мөнгөлөг эвэнтүүдийг Б.Пүрэвдагва болон түүний багийнхан зохион байгуулдаг байсан агаад зугаа цэнгэлийн мансуурлаасаа бүрэн чөлөөлөгдөөгүй бололтой.