Хүүхдийн эмч, анагаах ухааны доктор С.Болор-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр хүүхдийн өсөлт хөгжил, таргалалт, бодисын солилцооны эмгэг болон дотоод шүүрлийн өвчний чиглэлээр ажилладаг. Одоогоор БНСУ-ын Коньян их сургуулийн эмнэлэгт хүүхдийн дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн суралцахын зэрэгцээ I хэлбэрийн чихрийн шижинтэй хүүхэд, өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийг судлах төслийн багийн удирдагчаар ажиллаж байна. С.Болор-Эрдэнэ эмч өнгөрсөн сард эх орондоо үзлэг хийгээд буцсан юм.

Мөн тэрбээр Солонгос улсад “Явуулын эмнэлэг” төсөл хэрэгжүүлж, монголчууддаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдахад нь тусалдаг. С.Болор-Эрдэнэ эмч “Хүний нутагт эмнэлэг бараадсан хүмүүст орчуулга хийж гүйхээс илүүтэй монгол эмч учраас элэгт нэгтнүүдийнхээ өвчин, эмгэгийг эмчилэхээс гадна сэтгэл зүйг нь ойлгож, аль болох монголчуудаа сонсож ойлгохыг  хичээдэг” хэмээж байсан юм.    

-Цөөн боловч хоногт монгол хүүхдүүдээ үзэж, оношлохдоо та юу анзаарав?

-Юуны түрүүнд, эцэг, эхчүүд нэг үеэ бодвол хүүхдийнхээ өсөлт, хөгжилд анхаардаг болсон нь сайшаалтай санагдсан. Гэхдээ хүүхдийн өсөлтийн талаар буруу ойлголт, төөрөгдөлтэй эцэг, эх цөөнгүй байна. Тухайлбал, хүүхдээ үеийнхнээсээ намхан байна гэсэн шалтгаанаар үзүүлэх нь элбэг. Гэвч хүүхдийн өсөлтийг зөвхөн гаднаас нь хараад өндөр, нам гэж дүгнэх боломжгүй. Одоогийн өндөр, өсөлтийн муруй, жилд нэмэгдэж буй өндөр, эцэг, эхийн өндөрт суурилсан удамшлын боломж, бэлгийн бойжилтын үе шат зэргийг цогцоор нь үнэлэх шаардлагатай.

Мөн зүүн гарын сарвууны рентген зураг авч, ясны насыг тодорхойлсноор хүүхдэд өсөх боломж хэр зэрэг байгааг илүү бодитой үнэлдэг.

-Ясны нас гэж юуг хэлээд байна вэ?

-Энэ нь хүүхдийн яс хэр зэрэг хөгжиж, боловсорсныг харуулдаг үзүүлэлт юм. Үүнийг ихэвчлэн зүүн гар, бугуйн рентген зургаар тодорхойлно. Хүүхдийн зүүн гарын сарвуунд өсөлтийн мэдээлэл, бүс байдаг учраас хаагдсан, эсэхийг нь харж болдог. Хүүхдийн бодит нас болон ясны нас заавал адил байдаггүй. Жишээлбэл, 10 настай хүүхдийн ясны нас найман настай хүүхдийнхтэй адил байвал ясны хөгжил хоцорч, цаашид өсөх хугацаа үлдсэн байж болно. Харин 10 настай хүүхдийн ясны нас 12 настай хүүхдийнхтэй адил байвал яс нь наснаасаа түрүүлж хөгжиж байна гэсэн үг. Энэ тохиолдолд өсөлтийн бүс эрт хаагдаж, өндрөөр өсөх хугацаа богиносох эрсдэлтэй. Жишээ нь, зарим эцэг, эх хүүхэд нь 14 настайдаа 175 см өндөртэй болчихоод 16 нас хүртлээ хоёр жилийн хугацаанд огт өссөнгүй гээд дагуулаад ирдэг. Хүүхдийнх нь ясны насыг тодорхойлоход өсөлтийн бүс нь хаагдчихсан байх жишээтэй.

Харин одоо намхан харагдаж байгаа ч ясны нас нь залуу, өсөлтийн бүс нь хаагдаагүй байвал санаа зовох зүйлгүй.

Тухайн хүүхэд цаашдаа өсөж, өндөр болох магадлалтай.

-Өсөлтийн бүс хаагдахад юу нөлөөлдөг юм бол?

-Өсөлтийн бүс хаагдах нь хүүхэд наснаас насанд хүрэх үед явагддаг хэвийн үйл явц. Ясны насанд бэлгийн бойжилтын явц ихээхэн хамаатай. Тодруулбал, бэлгийн бойжилтын үед нэмэгддэг эстроген даавар голлон нөлөөлдөг. Эстроген нь зөвхөн охид бус, хөвгүүдэд ч өсөлтийн бүс хаагдахад чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, бэлгийн бойжилтын үед ялгарах дааврууд ясны хөгжлийг түргэсгэдэг. Бойжилт эхлэхэд хүүхдийн өсөлт эхлээд эрчимжиж, богино хугацаанд огцом өндөр болдог. Үүний зэрэгцээ ясны нас урагшилж, өсөлтийн бүс аажмаар нарийссаар эцэст нь хаагдана. Тиймээс бойжилт эрт эхэлсэн хүүхдийн ясны нас түрүүлэх, оройтсон хүүхдийн ясны нас хоцрох тохиолдол бий.

Иймд эмэгтэй хүүхдийг найман нас хүрэхээс өмнө цээжний хэлбэрийг анзаарч, хөх нь ургаж байна уу, суга, умдганд нь үс ургасан, бэлэг эрхтэнээс нь үнэртэй зүйл гарч буй, эсэхийг ажиглах хэрэгтэй.

Сарын тэмдэг нь ч эрт ирэх нь бий шүү дээ. Хөвгүүдийг ч тэр төмсөгний хэмжээ, хоолой нь хэр бүдүүрч байна гэх мэтээр анзаарах ёстой.

Гэхдээ ясны нас бага зэрэг зөрүүтэй гарах нь заавал өвчин гэсэн үг биш. Хүүхэд бүрийн өсөлт, хөгжлийн хурд өөр байдаг. Иймээс хүүхдийн дотоод шүүрлийн эмч ясны насыг дангаар нь бус, одоогийн өндөр, жилд өссөн хэмжээ, эцэг, эхийн өндөр болон бэлгийн бойжилтын явцтай нь хамтатган үнэлдэг.

-Гэхдээ сүүлийн үеийн хүүхдүүдийн бэлгийн бойжилт эрт эхэлдэг болчихсон гэх ойлголт түгээмэл байдаг.

-Бойжилт арай эрт эхлэх хандлага ажиглагдаж байгаа ч наснаас нь өмнө илэрсэн өөрчлөлт бүрийг “сүүлийн үеийн хүүхдүүд ийм болсон” гэж үл тоож болохгүй. Охидод найман наснаас өмнө хөх ургах, хөвгүүдэд есөн наснаас өмнө төмсөг томрох нь эрт бойжилтын гол шинж байж болно. Мөн хүүхэд богино хугацаанд огцом өсөх, биеийн үнэр өөрчлөгдөх, батга гарах, суга болон умдаг орчим үс ургах зэрэг шинж илэрч болно. Гэхдээ үс ургах, биеийн үнэр өөрчлөгдөх нь дангаараа жинхэнэ бэлгийн бойжилт эхэлснийг батлахгүй. Ийм өөрчлөлт ажиглагдвал хүүхдийн өсөлтийн хурд, ясны нас, бойжилтын үе шат болон шаардлагатай дааврын шинжилгээг үнэлнэ. Эрт бойжилтын шинж илэрсэн хүүхэд бүрд эмчилгээ хийхгүй.

Харин бойжилт хэт эрт эхэлж, хурдан даамжран, хүүхдийн эцсийн өндөрт нөлөөлөх эрсдэлтэй бол бойжилтыг түр сааруулах эмчилгээ хийж болно.
"Явуулын эмнэлэг"-тээ

-Бэлгийн бойжилт эрт эхлэхэд юу голлон нөлөөлдөг юм бол?

-Бэлгийн бойжилт эхлэх хугацаанд удамшил, биеийн жин, хоол тэжээл, амьдралын орчин болон эрүүл мэндийн байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Зарим хүүхдийн хувьд тодорхой шалтгаан илрэхгүйгээр бойжилт эрт эхлэх тохиолдол ч бий.

Илүүдэл жин, таргалалт нь ялангуяа охидын бэлгийн бойжилт эрт эхлэхтэй холбоотой.

Өөхөн эд нь зөвхөн энерги хадгалдаггүй, дааврын үйл ажиллагаанд оролцдог идэвхтэй эд юм. Тухайлбал, өөхөн эдээс ялгарах лептин нь тархинд бие махбод хангалттай энергийн нөөцтэй болсон тухай дохио өгч, бойжилт эхлэхэд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг болдог. Гэхдээ таргалалттай хүүхэд бүр эрт бойжино гэсэн үг биш. Мөн таргалалттай охины цээж өөхөн эдээс шалтгаалан том харагдаж болох бөгөөд үүнийг жинхэнэ хөхний хөгжилтэй андуурах тохиолдол бий. Хөвгүүдэд умдаг орчим өөх их хуримтлагдсанаар шодой жижиг мэт харагдаж болно. Эдгээр өөрчлөлтийг зөвхөн гаднаас нь хараад эрт бойжилт гэж дүгнэх боломжгүй тул эмчийн үзлэгээр ялгана. Үүнээс гадна тархи, өнчин тархи, өндгөвч, төмсөг болон бөөрний дээд булчирхайн зарим эмгэг, мөн бэлгийн даавар агуулсан эм, тос, нэмэлт бүтээгдэхүүнд санамсаргүй өртөх нь бойжилтыг эрт эхлүүлж болно. Охидын эрт бойжилтын олон тохиолдолд тодорхой өвчний шалтгаан илэрдэггүй.

Харин хөвгүүдэд эрт бойжилтын шинж илэрвэл суурь шалтгааныг илүү нягтлан шалгах шаардлагатай.

-Монгол хүүхдүүдийн дунд таргалалт хэр түгээмэл байна вэ?

-Миний үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн дунд илүүдэл жин, таргалалттай хүүхэд цөөнгүй байсан. Үүнд дэлгэцийн хэрэглээ нэмэгдэж, хөдөлгөөний идэвх багассан нь нөлөөлж буй нь ажиглагдсан. Хүүхдүүд хичээл, даалгаварт их цаг зарцуулж, гадаа тоглох, алхах, спортоор хичээллэх цаг нь багасжээ. Гэхдээ хүүхдийн таргалалтыг зөвхөн дэлгэцийн хэрэглээтэй холбон тайлбарлаж болохгүй. Хооллолтын хэв маяг, чихэрлэг ундаа болон боловсруулсан хүнсний хэрэглээ, нойр дутуу байх, хөдөлгөөний дутагдал, удамшил зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Тиймээс хүүхдийг зөвхөн жингээр нь бус, нас, хүйсэнд тохирсон биеийн жингийн индекс болон өсөлтийн муруйгаар үнэлэх шаардлагатай.

-Тэгвэл өсөлтийн бүс нь хаагдсан хүүхдийг өндөр болгох өөр арга бий юү?

-Өсөлтийн даавар тариулбал, эсвэл төрөл бүрийн бүтээгдэхүүн хэрэглэвэл дахин өснө гэсэн яриа цөөнгүй байдаг.

Гэхдээ дахин хэлье, ясны өсөлтийн бүс бүрэн хаагдсан бол өсөлтийн даавар болон бусад эмчилгээ ясыг уртааш нь дахин өсгөж чадахгүй. Нэгэнт хаагдсан өсөлтийн бүсийг эм, тариа, витамин, дасгалаар буцаан нээх боломжгүй.

Ийм үед өндөр болгоно гэсэн бүтээгдэхүүн, эмчилгээнд мөнгө зарцуулах нь үр дүнгүй.

Солонгост мэргэжил дээшлүүлж буй хүний хувьд миний анзаарсан нэг зүйл бол эцэг эхчүүд хүүхдийнхээ өсөлтийн өөрчлөлтийг харьцангуй эрт анзаарч, үзүүлдэг явдал юм. Хэрэв хүүхдийн өсөлт удаашрах, үеийнхнээсээ хэт намхан байх, богино хугацаанд огцом өсөх, эсвэл бэлгийн бойжилтын шинж хэт эрт илэрвэл өсөлтийг нь нарийвчлан үнэлэх шаардлагатай. Асуудлыг эрт илрүүлснээр шалтгааныг цаг алдалгүй тодорхойлж, өсөлтийн бүс хаагдахаас өмнө шаардлагатай арга хэмжээ авах боломжтой. Ясны насны шинжилгээ нь зөвхөн боломжит өндрийг тооцоолох зорилготой биш. Үүнийг хүүхдийн өсөлтийн муруй, жилд нэмэгдсэн өндөр, бэлгийн бойжилтын явц болон бусад шинжилгээтэй хамтатган үнэлснээр өсөлтийн эмгэг, эрт эсвэл оройтсон бойжилт, бамбай булчирхай болон бусад дааврын өөрчлөлтийг илрүүлэхэд тусалдаг.

Солонгос, Хятад зэрэг орны хүүхдүүдийн дундаж өндөр нэмэгдсэн нь зөвхөн эрт оношилгооноос шалтгаалаагүй. Хоол тэжээл, амьдралын нөхцөл, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж болон өсөлтийн хяналт сайжирсан зэрэг олон хүчин зүйл үүнд нөлөөлсөн. Харин өсөлтийн эмгэгийг цаг алдалгүй илрүүлж, шаардлагатай эмчилгээг зөв үед эхлүүлэх нь хүүхдийг удамшлын боломжит өндөртөө хүрэхэд тусалж чадна.

Харамсалтай нь, хүүхдийн өсөлт, хөгжлийг хэрхэн үнэлэх талаарх мэдээлэл манай эцэг, эхчүүдэд төдийлөн хүрч чадаагүй байна.

Хүүхэд нь үеийнхнээсээ намхан харагдмагц өсөлтийн даавар тариулах хүсэлтэй хандах тохиолдол цөөнгүй. Гэхдээ намхан хүүхэд болгонд өсөлтийн даавар тарихгүй гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Юуны өмнө, хүүхдийн өмнөх өндрийн хэмжилтүүдийг харьцуулж, өсөлтийн муруй болон жилд хэдэн сантиметр өссөнийг үнэлнэ. Мөн эцэг эхийн өндөр, бэлгийн бойжилтын үе шат, ясны нас болон шаардлагатай цусны шинжилгээг шалгана. Зөвхөн өсөлтийн дааврын дутагдал сэжиглэгдсэн тохиолдолд түүнийг өдөөх сорил хийж, бүх үзүүлэлтийг хамтатган үнэлсний дараа эмчилгээ шаардлагатай, эсэхийг шийддэг. Мөн өндөр үнэтэй витамин, “өсөлт дэмжих” бүтээгдэхүүн хэрэглэвэл өндөр болно гэсэн ойлголтоо хаях хэрэгтэй. Амин дэм, эрдэс бодисын дутагдалтай хүүхдэд тохирсон нэмэлт өгөх нь хэвийн өсөлт, ясны эрүүл мэндэд тустай. Гэхдээ дутагдалгүй хүүхдэд витамин ихээр уулгалаа гээд удамшлын боломжит өндрөөс нь илүү өндөр болгохгүй. Хамгийн гол нь ямар ч витамин нэгэнт хаагдсан өсөлтийн бүсийг дахин нээж чадахгүй. Хүүхдээ өндөр болгох гэсэн эцэг, эхийн хүсэлд тулгуурласан маркетинг олон бий. Тиймээс сурталчилгааны амлалтаас илүү хүүхдийн бодит өсөлтийн үзүүлэлтэд тулгуурлан шийдвэр гаргах нь чухал.

-Жишээ нь, цайрыг “өсөлтийн түлш” гэж сурталчилдаг шүү дээ.

-Цайр бол хүүхдийн хэвийн өсөлт, дархлаа, эсийн хуваагдал болон уургийн нийлэгжилтэд шаардлагатай чухал эрдэс бодис. Хэрэв хүүхэд цайрын дутагдалтай бол өсөлт нь удааширч болох бөгөөд дутагдлыг нөхөх нь хэвийн өсөлтөд нь тусална. Харин цайрын дутагдалгүй хүүхдэд нэмэлт бүтээгдэхүүн уулгалаа гээд удамшлын боломжит өндрөөс нь илүү өндөр болгохгүй.

Миний сурсан шинжлэх ухаанд цайрыг “хүүхдийг өндөр болгодог бүтээгдэхүүн” гэж үздэггүй.

Хүүхдийн өсөлтийг удамшил, хоол тэжээл, ерөнхий эрүүл мэнд болон өсөлтийн даавар, бамбай булчирхайн даавар, бэлгийн даавар зэрэг олон хүчин зүйл хамтран зохицуулдаг. Энэ бол нэг төрлийн витамин, эрдэс бодисоор удирдаж болох энгийн үйл явц биш. Дааврууд цусаар дамжин тодорхой эрхтэн, эдийн рецептортой холбогдож үйлчилдэг маш нарийн зохицуулалттай тогтолцоо. Тиймээс “Энэ витаминыг уулгавал өсөлтийн даавар нэмэгдэж, хүүхэд өндөр болно” гэсэн сурталчилгааг шинжлэх ухааны баталгаа мэт ойлгож болохгүй. Цайр дутагдлыг нөхөж болно, харин нэгэнт хаагдсан өсөлтийн бүсийг нээж чадахгүй.

-Тэгвэл хүүхдийн хэвийн өсөлтийг дэмжих хамгийн үр дүнтэй, энгийн алхам юу вэ?

-Хүүхдийн өсөлтөд хангалттай, чанартай нойр хамгийн чухал.

Өсөлтийн даавар хүүхэд унтсаны дараах гүн нойрны үед хамгийн их ялгардаг. Тиймээс тогтмол цагт унтаж, насандаа тохирсон хугацаагаар сайн амрах хэрэгтэй. Унтахын өмнө гар утас, таблет, зурагт удаан үзэх нь нойрыг хойшлуулж, чанарыг нь муутгадаг. Мөн өдөр бүр идэвхтэй хөдөлж, гадаа тоглон, спортоор тогтмол хичээллэх нь яс, булчин болон биеийн ерөнхий хөгжилд тустай. Хангалттай нойр, зөв хооллолт, тогтмол хөдөлгөөн гэсэн энгийн дадлууд хүүхдийг өөрийн өсөх боломжоо бүрэн ашиглахад нь тусална.

-Хүүхдийн боломжит өндрийг хэрхэн тодорхойлдог вэ?

-Эцэг, эхийн өндрөөр хүүхдийн удамшлын боломжит өндрийг ойролцоогоор тооцоолж болно.

Хүүгийн хувьд, (Аавын өндөр + Ээжийн өндөр + 13 см) ÷ 2, охин бол (Аавын өндөр + Ээжийн өндөр − 13 см) ÷ 2 гэх томьёогоор тооцно. Ингээд гарсан хэмжээнээс дээш, эсвэл доош ойролцоогоор 8.5 см-ийн хэлбэлзэлтэй байж болно.

Гэхдээ энэ нь хүүхдийн эцсийн өндрийг яг таг хэлэх тоо биш, зөвхөн удамшлын боломжийг баримжаалсан тооцоо юм. Хүүхдийн бодит өсөлтөд хооллолт, нойр, хөдөлгөөн, бэлгийн бойжилтын хугацаа болон эрүүл мэндийн байдал мөн нөлөөлнө.

-Монгол хүүхдүүдийн дундаж өндөр болон өсөлтийн үзүүлэлтийг тодорхойлсон байдаг уу. Хүүхдүүд удамшлын боломжит өндөртөө хүрч чадаж байна уу?

-Энэ бол надад ч маш сонирхолтой санагдсан асуулт. Монгол хүүхдийн өсөлт, хөгжлийн талаар өмнө нь хийгдсэн судалгаа, цуглуулсан мэдээлэл бий байх. Гэхдээ нас, хүйс тус бүрээр нь тодорхойлсон мэдээлэл хэр шинэ, өнөөгийн хүүхдүүдийг төлөөлж чадаж байгаа, эсэхийг би одоогоор бүрэн судалж амжаагүй байна. Монголд байх хугацаандаа Г.Эрдэнэтуяа багштайгаа уулзаж, энэ талаар илүү нарийвчлан судалж, суралцах шаардлагатайгаа мэдэрсэн. Би Солонгост ажиллаж, суралцах хугацаандаа олон зүйл мэдэж авч байгаа ч монгол хүүхдийн өсөлт, хөгжлийн онцлогийг Монголынхоо бодит нөхцөлд судалж, багшаасаа суралцах хүсэлтэй байна. Багш маань ч намайг сайхан хүлээж авсан. Тиймээс ирэх жилийн гуравдугаар сараас есдүгээр сар хүртэл Монголдоо ажиллаж, суралцахаар төлөвлөж байна. Энэ хугацаанд өмнө нь хийгдсэн судалгаа, мэдээллийг эхлээд нэгтгэн судалж, цаашид ямар мэдээллийг шинэчлэн цуглуулах шаардлагатайг тодорхойлохыг хүсэж байгаа.

Тухайлбал, өнөөгийн 15 настай монгол охид, хөвгүүдийн дундаж өндөр хэд байна, өмнөх үеийнхээс хэрхэн өөрчлөгдсөн, хүүхдүүд удамшлын боломжит өндөртөө хүрч чадаж байна уу гэдгийг судлах сонирхолтой.

Үүнийг цөөн хүүхдийн хэмжилтээр дүгнэх боломжгүй. Хот, хөдөө, нас, хүйс болон амьдралын нөхцөлөөр ялгасан, өргөн хүрээний судалгаа шаардлагатай. Ийм судалгааны үр дүнд монгол хүүхдийн өсөлтийн өнөөгийн онцлогийг илүү бодитой үнэлэх боломж бүрдэнэ.

-Сүүлийн үеийн хүүхэд, залуус өндөр болсон гэж ярьж байгаатай та санал нийлэх үү?

-Тодорхой хэмжээнд санал нийлнэ. Олон улсад сүүлийн хэдэн арван жилд хүүхэд, залуусын дундаж өндөр нэмэгдэх хандлага ажиглагдсан. Үүнийг шинжлэх ухаанд үе хоорондын өсөлтийн өөрчлөлт гэж үздэг. Гэхдээ өнөөгийн хүүхэд бүр өмнөх үеийнхнээсээ өндөр болсон гэсэн үг биш. Үүнийг тухайн улсын нас, хүйс тус бүрийн хэмжилтийг өмнөх үеийн мэдээлэлтэй харьцуулж байж батална.

Хүүхдийн өндөрт удамшил голлон нөлөөлдөг ч энэ боломжоо бүрэн ашиглаж чадах, эсэх нь амьдралын нөхцөлөөс ихээхэн хамаарна.

Жирэмсэн үеийн эхийн эрүүл мэнд, хүүхдийн төрөх үеийн жин, бага насны хоол тэжээл, уургийн хэрэглээ, давтамжтай өвчлөл, нойр, хөдөлгөөн болон архаг өвчин зэрэг олон хүчин зүйл өсөлтөд нөлөөлдөг. Эдгээр нөхцөл сайжрахын хэрээр хүн амын дундаж өндөр нэмэгдэх боломжтой. Улс орон, хүн амын бүлгүүдийн дундаж өндөр ялгаатай байдаг нь зөвхөн Ази, Европ гэсэн газар зүйн ялгаагаар тайлбарлагдахгүй. Удамшил, хоол тэжээл, нийгэм, эдийн засгийн нөхцөл, эрүүл мэндийн тусламж болон өсөж буй орчин бүгд нөлөөлдөг. Тиймээс Монголын хүүхэд, залуус үнэхээр өмнөх үеийнхнээсээ өндөр болсон, эсэхийг тодорхойлохын тулд нас, хүйсээр ангилсан өнөөгийн хэмжилтийг өмнөх үеийн үзүүлэлттэй харьцуулах шаардлагатай. Харагдах байдлаар нь “Сүүлийн үеийнхэн өндөр болжээ” гэж дүгнэх нь шинжлэх ухааны хувьд хангалтгүй.

Профессорын хамт

Та яагаад хүүхдийн дотоод шүүрлийн чиглэлээр мэргэших болсон юм бэ?

-Би 2008 онд одоогийн АШУҮИС буюу тухайн үеийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг төгссөн. Оюутан байхаасаа хүүхдийн эмч болох хүсэлтэй байсан учраас гуравдугаар дамжаанд суралцаж байхдаа “Хүүхэд судлаач оюутан” клуб үүсгэн байгуулж байлаа.

Миний анх байгуулалцсан тэр клуб өнөөдөр ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа.

Хүүхдийн эмчийн резидентээр суралцах хугацаандаа Биохимийн тэнхимийн Ж.Мөнхцэцэг багшийн удирдлага дор 35-аас дээш насны эрэгтэйчүүдийн бодисын солилцооны хам шинж болон адипонектины түвшнийг судалсан. Тухайн үед Монголд адипонектины талаар төдийлөн ярьдаггүй байлаа. Энэ сэдвээр 2010 онд магистрын зэргээ хамгаалсан нь миний дотоод шүүрэл, бодисын солилцооны судалгаанд хөл тавьсан эхлэл болсон.

2011 онд хүүхдийн эмчийн мэргэжил эзэмшээд БНСУ-ыг зорьсон. Бусан хотын Инжэ их сургуулийн Анагаах ухааны сургуульд зүрх судас, бодисын солилцооны чиглэлээр зургаан жил судалгаа, туршилтын ажил хийсэн.

Дараа нь Дэжон хотын Коньян их сургуульд чихрийн шижин, адипонектин болон эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн хамаарлыг эсийн болон эмнэлзүйн түвшинд үргэлжлүүлэн судалж, энэ онд анагаах ухааны докторын зэргээ хамгааллаа.

Эсийн түвшний судалгаагаар чихрийн шижин болон адипонектины өөрчлөлт нь үр хөврөл умайн хананд бэхлэгдэх үйл явцад хэрхэн нөлөөлж байгааг судалсан. Үүнийгээ эмнэлзүйн судалгаатай холбон, чихрийн шижинтэй монгол эмэгтэйчүүдийн жирэмслэлтэд хүндрэл, ялангуяа зулбалт хэр түгээмэл байгааг харьцуулан үнэлсэн. Судалгаагаар чихрийн шижинтэй эмэгтэйчүүдэд жирэмсний таагүй үр дагавар, тэр дундаа зулбах эрсдэл чихрийн шижингүй эмэгтэйчүүдийнхээс өндөр байсан нь эсийн түвшинд гарсан үр дүнтэй маань уялдсан.

Ингээд эргээд харахад миний зам хүүхдийн эмч гэсэн үндсэн мэргэжлээс эхэлж, бодисын солилцоо, адипонектин, чихрийн шижин, нөхөн үржихүйн судалгаагаар дамжин хүүхдийн дотоод шүүрлийн чиглэлд хүрсэн байна.

Хүүхэд насанд эхэлсэн таргалалт, чихрийн шижин, дааврын өөрчлөлт нь зөвхөн тухайн үеийн өсөлт, хөгжилд бус, насанд хүрсэн хойно нь ч эрүүл мэнд, нөхөн үржихүйн үйл ажиллагаанд нөлөөлдөг.

Энэ холбоог эрт үеэс нь судалж, хүүхдүүдийн ирээдүйн эрүүл мэндийг хамгаалах нь миний энэ чиглэлийг сонгосон гол шалтгаан юм. Одоо Коньян их сургуульд I хэлбэрийн чихрийн шижинтэй хүүхдүүдийг урт хугацаанд дагаж, насанд хүрсэн хойно нь нөхөн үржихүйн эрүүл мэндэд ямар өөрчлөлт гарч байгааг судлах төслийн багийг ахлан ажиллаж байна. Тэдний жирэмслэх чадвар, үргүйдэл болон жирэмсний таагүй үр дагаврыг урт хугацаанд судалснаар хүүхэд насанд эхэлсэн чихрийн шижингийн насан туршийн нөлөөг илүү тодорхой болгохыг зорьж байгаа.

-Тэгэхээр та Коньян их сургуулийн эмнэлэгт хэр удаан ажиллахаар төлөвлөж байна вэ?

- Коньян их сургуулийн эмнэлэгт 2020 онд, коронавирусийн цар тахал эхэлсэн үеэс ажиллаж байна. Анх уушги судлалын чиглэлээр ажиллаж байсан ч энэ нь миний өмнө нь судалж ирсэн бодисын солилцоо, чихрийн шижингийн чиглэл болон цаашдын зорилготой төдийлөн уялдахгүй байлаа. Тиймээс 2023 оноос докторын судалгаандаа дахин төвлөрч, 2026 онд амжилттай хамгаалсан. Би Солонгосын анагаах ухаан, судалгааны салбарт 15 орчим жил ажиллажээ. Энэ хугацаанд сурч, мэдсэн зүйлээ эх орондоо хэрэгжүүлж, Монголдоо ажиллах хүсэлтэй байдаг. Одоогоор хариуцаж буй судалгаагаа бүрэн дуусгах нь миний нэн тэргүүний зорилго. Үүний дараа цаашдынхаа ажлын чиглэл, Монголд ажиллах төлөвлөгөөгөө тодорхой болгоно.

-Таны ахалж буй судалгааны баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ. Багт ямар орны судлаачид ажилладаг вэ?

-Манай баг Солонгос судлаачдаас бүрддэг. Миний докторын ажлыг удирдсан профессор багийн судалгааг шинжлэх ухаан, лабораторийн чиглэлээр удирдан зөвлөдөг. Харин миний хувьд магистрын түвшний тав, бакалаврын түвшний хоёр судлаач, нийт долоон хүний өдөр тутмын судалгааны ажлыг ахлан зохион байгуулж байна.

Бид I хэлбэрийн чихрийн шижинтэй хүүхдүүдийн урт хугацааны эрүүл мэнд, тэр дундаа насанд хүрсэн хойно нь нөхөн үржихүйн үйл ажиллагаанд гарах өөрчлөлтийг судалж байгаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд “Явуулын эмнэлэг” төслийнхөө талаар мэдээлэл өгөхгүй юү?

-“Явуулын эмнэлэг” төсөл маань БНСУ-ын өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч байгаа ч эрүүл мэндийн даатгалгүй, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал монгол иргэдэд анхан шатны тусламж хүргэх зорилготой. Хүний нутагт амьдарч буй бид хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж, хайртай бүхнээ сэтгэлдээ тээж, эх орон, элгэн саднаа үргэлж бодож явдаг. Харин энэ бүхний дунд өөрийнхөө эрүүл мэндийг анхаарахгүй хойш тавих нь элбэг. Ялангуяа эрүүл мэндийн даатгалгүй иргэдэд эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ хийлгэх, эмчилгээ авахад санхүүгийн болон хэлний бэрхшээл цөөнгүй тулгардаг.

Эмч мэргэжил эзэмшиж, Солонгосын эмнэлгийн салбарт ажиллах боломжтой яваагийн хувьд өөрийн мэдлэг, боломжийн хүрээнд элэг нэгт монголчууддаа туслахыг хүсдэг. Энэ нь эмчийн өргөсөн тангарагтаа үнэнч байгаагийн минь нэгэн илрэл гэж боддог. Тиймээс “Явуулын эмнэлэг”-ийн хүрээнд өөрийн үзлэг, зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлдэг. Харин эм болон шинжилгээний үнийг холбогдох байгууллагаас тогтоодог учраас бүрэн үнэ төлбөргүй байлгах боломжгүй. Гэсэн ч эрүүл мэндийн даатгалгүй иргэдийн санхүүгийн ачааллыг багасгахын тулд аль болох хөнгөлөлттэй үнээр авах боломж бүрдүүлэхийг хичээдэг.

Миний сурч мэдсэн зүйл хэн нэгний өвчнийг эрт илрүүлэх, санаа зовнилыг нь багасгах, цаашид ямар арга хэмжээ авахыг нь чиглүүлэхэд өчүүхэн ч гэсэн тус болж байвал “Явуулын эмнэлэг” төслийн зорилго биелж байна гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.