Цагаан сарын дараахнаас бид хог хаягдал бууруулсан, эрчим хүч хэмнэсэн, ажлын байр нэмсэн, байгалиа хамгаалсан нэгэн бүтээгдэхүүнтэй танилцана. Энэ бол бидний сайн мэдэх Bonaqua цэвэр усны дахин боловсруулсан сав. Дэлхийн стандарт, жишгийн дагуу түүхий эдээс эцсийн шат хүртэл анх удаа 100 хувь дотоодод дахин боловсруулсан PET хуванцар савлагаатай бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаж буй нь энэ. Угтаа хуванцар хог хаягдлын байгаль дэлхий, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, борлуулсан сав бүртээ хариуцлага хүлээх МCS Coca Cola компанийн том зорилтын эхлэл. Тэгвэл хуванцар дахин боловсруулах ач холбогдол хийгээд боломж сорилтыг дурдахаас өмнө хүн бүр хамгийн түрүүнд сонирхох “Дахин боловсруулсан савлагаатай ус, ундаа аюулгүй юү” гэдэгт хариулт эрье.
Аюулгүй rPET
Ус ундааны савлагаанд ашигладаг PET хуванцрыг дахин боловсруулсныг rPET гэдэг. Энэ хуванцрыг хэдэн ч удаа дахин боловсруулах боломжтой гэдгээрээ давуу талтай. Харин дахин боловсруулсан бүтээгдэхүүн чанар стандартын шаардлагыг хэрхэн хангадаг вэ гэдэг нь сонирхол татаж буй. Олон улсад чанар стандартын дагуу үйлдвэрлэсэн rPET хуванцрыг хүнсний савлагаанд хэрэглэхийг зөвшөөрдөг. Тухайлбал, Европ, АНУ-ын хүнсний аюулгүй байдал хариуцсан олон улсын байгууллагууд rPET савлагааг аюулгүй болохыг баталгаажуулсан байдаг. Тэгвэл манай улсад РЕТ савыг дахин боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлж буй TML plastic үйлдвэрийнхэн дэлхийн болоод дотоодын олон стандартын дагуу, нарийн хяналтын дор үйл ажиллагаагаа явуулж буйгаа танилцуулсан юм. Тэд Coca Cola компанийн хатуу шаардлага бүхий стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг бөгөөд гадаад, дотоодын олон лабораторид дээж өгч шинжлүүлэн бүтээгдэхүүнээ баталгаажуулжээ.
Мөн үйлдвэрт ашиглаж байгаа Sorema, Erema дахин боловсруулалтын шугам нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төхөөрөмж юм. Цуглуулсан ус ундааны савыг эхлээд Sorema төхөөрөмжөөр шошгыг салгаж, ангилдаг байна. Үүний дараа угааж хатаан үлдэгдэл шороо, тос, чийгийг бүрэн арилгах бөгөөд дахин боловсруулалтад бэлтгэн жигд хэрчдэс болгодог аж. Ингээд Erema төхөөрөмжөөр 280°C температурт хайлуулж, бүх төрлийн нян болон хорт бодисыг бүрэн устгана. Үүний дараа хайлсан хуванцрыг молекулын түвшинд цэвэрлэж, талсжуулан хөргөснөөр rPET үрэл гарган авдаг байна. Эцсийн бүтээгдэхүүн болох rPET үрлийг лабораторид шинжилж, хүнсний зориулалтын шаардлага хангаж байвал ус, ундааны сав болгож дахин ашигладаг. Харин шаардлага хангахгүй бол хүнсний бус зориулалтаар ашигладаг байна.
TML plastic үйлдвэрийн менежер Г.Хулан:
-Манай үйлдвэр жилд 20 мянган тонн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай. Италид үйлдвэрлэсэн Европын холбооны стандарт шаардлагуудыг бүрэн хангасан “Sorema” төхөөрөмжөөр хагас боловсруулсан бүтээгдэхүүн буюу хэрчдэс бий болгодог. Харин Австрийн “Erema” төхөөрөмжөөр хэрчдэсийг эцсийн бүтээгдэхүүн буюу rPET үрэл болгодог. Ингээд эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн чанар хяналтын алба буюу дотоод лабораторид олон улсын болон MNS стандартуудын дагуу шинжилдэг. Хүнсний зориулалтын шаардлага хангаж байвал энэ чиглэлээр, харин шаардлага хангахгүй бол хүнсний бус зориулалтаар ашигладаг.
“Хог хаягдалгүй Монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал Франк Шеперс

-Ирээдүйд 100 хувь анхдагч түүхий эдээс гаралтай PET савлагаа байхгүй болно. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн байдлаар дахин боловсруулсан материал ашигладаг болно гэсэн үг. Энэ нь Европт аль хэдийн хэрэгжиж эхэлсэн. Харин Монголд rPET хуванцар савыг дахин боловсруулснаар хүнсний зориулалтаар ашиглах боломжгүй гэх буруу ойлголт мэр сэр байна. Үнэндээ Европ, АНУ-ын хүнсний аюулгүй байдал хариуцсан олон улсын байгууллагууд аюулгүй болохыг баталгаажуулж, зөвшөөрсөн байдаг.
Түүчнлэн хүн хуванцарт хамгийн их өртдөг газар нь дотоод орчин гэдгийг Шим тэжээл судлаач Ц.Сонинхишиг хэлж байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс төдийлөн мэдэхгүй ч хуванцраар хийсэн материал тавилга бусад хэрэгслээс хуванцарт хамгийн их өртдөг. Мөн хаягдсан хуванцар сав салхинд хийсэж, гол мөрөн далайд орж, бохирдуулдаг байна. Тиймээс ч далайн гаралтай хүнс хамгийн их хуванцар агуулдаг аж. Үүнээс гадна зарим гоо сайхны бүтээгдэхүүнд ч хуванцрын агууламж бий бөгөөд хүмүүс төдийлөн мэддэггүй байна. Өөрөөр хэлбэл, савласан ус ундаанаас илүү агаар, далайн хүнс, тавилга зэргээс хуванцарт өртөх эрсдэлтэй байдаг.
Европчууд хэрэглэсэн савныхаа 95 хувийг цуглуулж, дахин боловсруулдаг

Дэлхий нийт PET хуванцрыг дахин боловсруулан ашиглаад удаж буй. Европын орнууд л гэхэд хэрэглэсэн PET хуванцрынхаа 95 орчим хувийг цуглуулан, дахин боловсруулдаг байна. Германчууд л гэхэд хуванцар савынхаа 99 хувийг цуглуулж, дахин боловсруулдаг аж. Харин Азиас япончууд хэрэглэсэн савныхаа 80 хувийг, солонгосчууд 60 хувийг нь цуглуулан боловсруулдаг аж. Ийн хуванцар сав цуглуулж, дахин боловсруулах түвшин нь өндөр улс орнууд технологиос гадна хариуцлагатай үйлдвэрлэгчийг дэмжих, иргэддээ зөв дадал зуршил суулгах бодлого хэрэгжүүлжээ. Тухайлбал, европчууд хариуцлагатай үйлдвэрлэгчдийг татвараас чөлөөлөх, хогоо ангилан ялгаагүй иргэдийг торгох зэрэг арга хэмжээ авдаг байна. Япон, Солонгост ч иргэд хогоо ангилж, төрөл бүрээр нь хаях өдрийн хуваарьтай аж. Тухайлбал, даваа гарагт гялгар уут, мягмар гарагт хуванцар сав хаях гэх мэтээр хуваарилж, ангилан ялгадаг байна.
Түүнчлэн Coca Cola компанийн хувьд дэлхийн 64 оронд дахин боловсруулсан саванд аль нэг төрлийн бүтээгдэхүүнээ савлаж байгаа. Харин 2024 оны байдлаар бүх төрлийн бүтээгдэхүүнээ дахин боловсруулсан савлагаанд шилжүүлсэн 11 улс бүртгэгджээ. Манай улс ч тэдний жишгээр хүнсний зориулалттай хуванцрыг олон улсын стандартын дагуу дахин боловсруулж эхэлж буй бөгөөд 2030 он гэхэд бүх ус ундааны савыг rPET болгох зорилт тавьж буй.
Дахин боловсруулах нь өндөр өртөгтэй ч...
Улс орнууд хуванцар саваа бүгдийг нь дахин боловсруулахыг зорьж буй нь зөвхөн хог хаягдалтай холбоотой бус. Хуванцар савыг дахин боловсруулснаар агаар хөрс усны бохирдлыг багасгахаас гадна эрчим хүчний нөөцийг хэмнэж, байгалийн баялгийг хадгалж, хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлж, ажлын байр нэмэгдэж, тойрог эдийн засгийг дэмжих бодит ажил. Хуванцар сав дахин боловсруулах нь шинэ сав үйлдвэрлэхээс өртөг өртөгтэй ч ногоон ирээдүй, ногоон эдийн засгийг дэмжих ач холбогдол өндөр гэдгийг үйлдвэрлэгчид хэлж буй.
Сав цуглуулах сүлжээ
Хуванцар сав дахин боловсруулж буй TML үйлдвэрийн түүхий эдийг цуглуулах ажлыг SESL Smart Solution компани хариуцдаг. Энэ компани Улаанбаатар хот дахь хэрэглэгчдийн аль ч бүс, цэгт ангилан ялгасан хуванцар хог хаягдлыг өөрийн тээврээр очиж авдаг бол орон нутгаас татан авах ажлыг тээврийн компаниудтай хамтран зохион байгуулдаг байна. Өнөөгийн байдлаар тус компанийнхан 1600 харилцагчтай бөгөөд тэдний ихэнх нь орон сууцны хорооллуудын СӨХ гэнэ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ч сав ангилан ялгаж, дахин боловсруулах үйл явцад идэвхтэй оролцож байгаа аж. Гэхдээ иргэдийн дийлэнх нь хогоо ангилан ялгах дадал хэвшилгүйгээс дахин боловсруулах боломжтой хуванцар сав хогийн цэг, далай тэнгис, гол мөрөн, хээр талд хаягдаж байна.
SESL Smart Solution компанийн үйл ажиллагаа хариуцсан менежер О.Өнөржаргал:
Хуванцрыг дахин боловсруулах боломжтой, боломжгүй гэж ангилдаг. Тиймээс хэрэглэгчид хуванцрыг Монгол дахь үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай уялдуулж, зөв ангилж сурвал илүү үр дүнтэй. Сард нэг айлаас дахин боловсруулах боломжтой буюу PET хуванцрын хаягдал тав орчим кг гардаг. Тиймээс овор ихтэй, дахин боловсруулагдах боломжтой хог хаягдлыг ангилан ялгаж хэвшвэл хог ачилтын зардал ч буурах боломжтой.
Боломж их ч бодлого дутуу
Ус, ундааны PET хуванцар сав хот суурин газрын хог хаягдлын их хувийг эзэлдэг. PET нь техникийн хувьд дахин боловсруулах боломж өндөртэй, зах зээлд үнэ цэнтэй түүхий эд боловч зөв цуглуулж, ангилах тогтолцоо сул байгаа нь бодит саад болж байна. Тухайлбал, иргэд хогоо ангилах дадал зуршилгүй, сав цуглуулах урамшууллын системгүй, хуванцар хэрэглээг бууруулах, дахин боловсруулахыг дэмжих хууль, зах зээлийн механизм бүрэн хөгжөөгүйтэй холбоотой.
Өөрөөр хэлбэл, манай улсад хуванцар хог хаягдал дахин боловсруулах тойрог эдийн засгийн суурь, технологи бүрдсэн ч санхүүгийн болоод удирдлагын зөв менежмент, тогтолцоо, иргэдийн бодит оролцоо дутуу дулимаг хэвээр байна.
Сав дахин боловсруулах түвшин нь өндөр улсуудын жишиг туршлагаас харахад зөвхөн өндөр технологи бус зөв бодлогын шийдэл байсныг харж болно. Тухайлбал, сав буцаан өгөх хөшүүрэгтэй, хариуцлагатай үйлдвэрлэгчийн тогтолцоотой, дахин боловсруулсан түүхий эдийг худалдан авах зах зээлийн баталгаатай байдаг аж.
PET хуванцрыг дахин боловсруулснаар хог хаягдлыг бууруулж, байгаль дэлхий, хүн амьтны эрүүл мэндийг хамгаалж, ажлын байр бий болгож, зах зээлийг тэлэх, дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн эргэлтэд орох боломжтой билээ.
Хууль эрх зүйн талаас ч манай улсад учир дутагдалтай зүйлс байна. Хог хаягдлын тухай хуульд дахин боловсруулалт, тойрог эдийн засгийн ойлголтууд туссан ч хэрэгжүүлэх механизм сул байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Дахин боловсруулалт нь сайн дурын байдалтай, санхүүгийн дэмжлэг, булшлахыг хориглосон, бууруулах шаталсан заалт огт байхгүй. Хяналт, торгуулийн систем, албадлага зэрэг нь сул байгаа учраас хог хаягдлын хяналт сайжрахгүй байна.
Эдгээр нь сав дахин боловсруулах гинжин хэлхээг тасалдуулж, хүрэх үр дүнг хойш татаж мэдэхээр байна. Дахин боловсруулах зөв гинжин хэлхээ нь товчхондоо ангилж хаях, хурааж цуглуулах, цэвэрлэх, дахин боловсруулах, шинэ сав хийх юм. Энэ хэлхээг ашиглаж чадахгүй бол хэдийнээ дийлдэхээ байсан хуванцрын хог хаягдал хүрээгээ тэлж, байгаль дэлхий, хүн амьтны эрүүл мэндэд сөргөөр үзүүлэх нөлөө ихэссээр байх болно. Тиймээс хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж ашиглах нэн шаардлага буй. Гэхдээ энэ нь зөвхөн нэг талын хариуцлагын асуудал биш. Үйлдвэрлэгч, импортлогч, хэрэглэгч иргэд гээд бүх талын оролцоо хандлага зүтгэл чухал. Нэг үеэ бодоход дотооддоо хэрэглэсэн бүх PET савыг дахин боловсруулах хүчин чадалтай үйлдвэртэй болчихлоо. Харин иргэд эхний ээлжид өдөр бүр шахуу хэрэглэгддэг ус, ундааны хуванцар саваа ахуйн хог хаягдлаас ангилан ялгаж, дахин боловсруулах боломжийг бүрдүүлмээр байна. Хариуцлагатай иргэд хогоо ангилахаас эхэлдэг олон улсын жишээ туршлагыг сонссон байх. Тэгвэл бид яагаад хариуцлагатай байж чадахгүй гэж. Хуванцраа ангилан ялгахаас эхлэн хариуцлагатай иргэн болоорой.
Б.Цэнд-Аюуш
















