Шатахуун түгээгүүрийн гадна ах нар хэсэг хэсгээрээ бөөгнөрөн тамхи татан элдвийг хуучилж, зарим нь машиндаа утсаа ухаж эсвэл унтаж, өөр бусад нь машинаа цоожлоод явсан харагдана. Улаанбаатар хотын хотхон бүрийн ойролцоох шатахуун түгээгүүрийн урт дарааллын нийтлэг дүр төрх нэг иймэрхүү.
Ингэж дугаарласны эцэст 20.000-30.000 мянган төгрөгөнд шатахуун худалдан авч чадвал азын сугалаа хожсон дайны юм уу даа. Ямар сайндаа зарим шатахуун түгээх газруудын фэйсбүүк стори үзэлт өндөртэй байна гэдэг хошигнол хүртэл гарах вий дээ.

Хөдөөд бол байдал бүр хэцүү байгаа бололтой. Өвлийн бэлтгэл ажлын ид үед малчид, газар тариалан эрхлэгчдийн хувьд ажил нь зогсонги, хүлээлтийн байдалтай байгаа бол амралт зугаалгаар явсан иргэд энд тэнд бензингүй зогсож байгаа тухай мэдээлэл цахим хуудсаар хөвөрч байна. Ихэнх нь суурин болгон дээр хэдэн цаг оочирлож, балга бензин хийлгэж дараагийн сууринтай золгож байна гэх.

Ерөнхийдөө Монголчууд бидний хувьд хэзээ шатахуун ирэх нь тодорхойгүй түгээгүүрийн гадна хонон өнжин дугаарласан “шар гэрэл” нь ассан өдрүүдийн тоо энэ жил бүр олон байв.

Цаашид ч энэ байдал хэр олон давтагдахыг тааварлах аргагүй. Гадна нөхцөл байдал дайнтай, хомсдолтой байгаа энэ үед хэр удаан бид оочирлож дугаарлах нь бүр эргэлзээтэй.
Холбогдох албанаас өгч байгаа мэдээллээр өдөр бүр тодорхой хэмжээний шатахуун орж ирж байгаа аж. Ашигт малтмал газрын тосны газраас хамгийн сүүлд өгсөн мэдээллээр Сүхбаатар боомтоор долоодугаар сарын 31-нд 2,460 тонн, наймдугаар сарын 1-ний өдөр 1,364 тонн нийт 3,824 тонн Аи-92 автобензин орж ирсэн байна. Энэ нь манай улсын 2 өдрийн ердийн хэрэглээтэй тэнцэх гэнэ. Харин өчигдөр буюу наймдугаар сарын 2-нд 2,100 тонн Аи-92 автобензинийг Улаанбаатар хотын Толгойт, Рашаант өртөөнд байрлах агуулахад буулгах ажлыг зохион байгуулж байна гэдгийг мэдэгдсэн.

Хэдийгээр автобензин энэ мэтээр өдөр бүр нийлүүлж байгаа ч эрэлтээ гүйцэхгүй байна. Нэг үгээр ОХУ-аас орж ирж байгаа автобензины нийлүүлэлт хангалтгүй байна гэсэн үг. Бидэнд дахиад ч өөр эх үүсвэр хэрэгтэйг анхааруулж байгаа. Өмнө нь шатахуун тасалдахад ч энэ талаар хэлж л байсан. Гэвч Засгийн газарт өнөөдрийг хүртэл дорвитой шийдэл байсангүй. ОХУ-аас шатахууныхаа 90 хувийн хамааралтай бидний хувьд нөхцөл байдал бүр хүндэрч нийлүүлэлт зогсох вий гэдэг эрсдэлийг олон улс судлаачид анхааруулсаар буй.

Харин шатахууны хомсдолд орох бүрд засгийн газраас тэр дундаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням гал намжаасан мэдэгдэл хийсээр ирсэн. Сүүлд шатахууны хомсдоход БНХАУ-аас шатахуун импортолно гэдэг мэдээллийг өгч байсан ч одоогоор орж ирээгүй байгаа. Харин өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын "GS Caltex" компанитай хэлэлцээ хийлээ гэдэг мэдээллийг цахим хуудсаараа өгсөн. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллээр БНСУ-аас сар бүр 10.000 тонн онгоцны түлш, 20.000 тонн АИ-92, 20.000 дизель түлш авахаар болжээ.

Харин 20.000 тонн АИ-92 автобензин гэдэг манай улсын хувьд дунджаар 10 хоногийн нөөц юм.

Монгол хүний хэлдгээр чамлахаар чанга атга гээд уужирч бодож болох ч дайн тулааны хурцадмал нөхцөл, дэлхий нийтээр нефтийн бүтээгдэхүүний асуудалтай байхад БНСУ-аас импортлох 10 хоногийн нөөц монголчууд бидний “шар гэрэл”-ийг унтрааж чадахгүй л болов уу. Бид цаашдаа ч нөөцөө нэмэгдүүлж, энэ чиглэлээр өөр улс орнуудтай яриа хэлэлцээр хийх шаардлагатай. Том зургаар нь харж улс орныхоо стратегийн гол бүтээгдэхүүний нийлүүлэлтийн илүү нэмэхгүй бол улсаараа тэг зогсож ч магадгүй байна.   

 Наанадаж шатахуун хүлээсэн өдрүүдийн тоогоор иргэд эдийн засгийн хувьд зогсонги байдалд орж байна. Цаанадаж НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) 10 гаруйхан хоногийн дараа болно. Энэ хурлаас өмнө бид асуудлаа шийдэж чадах уу. Эсвэл дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим зочин, төлөөлөгчийг явган алхуулж ч магадгүй байна.