Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр, өнөөдөр ээлжит хурлаа хийж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэв. Мөн банкнаас шинээр олгох болон тус шинээр олгосон зээлийн нөхцөлийг нь өөрчлөх тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг бусад хэрэглээний зээлийн адилаар 50 хувиар тогтоохоор шийдвэрлэлээ.

Мөнгөний бодлогын мэдэгдэлд "Жилийн инфляц алгуур саарч, өнгөрсөн сард улсын хэмжээнд 8.3, Улаанбаатар хотод 9.4 хувьтай гарлаа. Инфляц ийнхүү саарахад мах, гурил зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болон импортын барааны үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлөв. Инфляц хүлээлтээс эрт саарах хандлага ажиглагдаж эхэлсэн хэдий ч зарим  төрийн зохицуулалттай бараа болон үйлчилгээний үнийн өсөлтийн нөлөөгөөр инфляц энэ онд Төвбанкны зорилтоос өндөр байх хүлээлт хэвээр байна. Инфляцын цаашдын төлөв Засгийн газраас хэрэгжүүлэх төслүүд, түүний санхүүжилт, экспортын орлого болон валютын ханшийн төлөв, цаг агаар болон нийлүүлэлтээс шалтгаалсан хүнсний үнийн өөрчлөлтөөс хамаарна.

Эдийн засгийн өсөлт 2025 оны нэгдүгээр улиралд 2.4 хувьд хүрч хүлээлтээс бага гарлаа. Голлох эрдэс бүтээгдэхүүний олборлолт буурсан, тээврийн салбарын орлого хурдтай саарсан, татвар, худалдааны салбарын үйлдвэрлэл агшсан зэрэг нь өсөлт саарахад нөлөөллөө. Энэ онд хөдөө аж ахуйн салбар зудын хүндрэлээс сэргэх, зэсийн баяжмалын олборлолт нэмэгдэх, шинэ төслүүдийн бүтээн байгуулалт эхлэх зэрэг нь эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байна.

Гадаад орчны хувьд геополитикийн нөхцөл байдал, улс орнуудын худалдааны бодлоготой холбоотойгоор тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад эрэлт, түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж байна. Харин алт, зэсийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь манай улсын худалдааны нөхцөлд эерэг нөлөөтэй байна.

Тэтгэврийн орлого барьцаалсан зээл сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж, тэтгэврийн зээлдэгчдийн хувьд өр төлбөрийн дарамт, санхүүгийн ачаалал өндөр болсон бөгөөд цаашид ч хүндрэх эрсдэлтэй байна. Иймд тэтгэврийн зээлийг зохистой түвшинд нь зохицуулах шаардлага байна.

Дээрх бодлогын шийдвэр нь инфляцын хүлээлтийг тогтворжуулах замаар инфляцыг 2026 онд +/-2 нэгж хувийн интервалд зургаан хувийн орчимд тогтворжуулах, 2027 оноос +/-2 нэгж хувийн интервалд 5 хувьд хүргэх Төв банкны зорилттой нийцтэй бөгөөд дунд хугацаанд макро эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж байна.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ" хэмээжээ.