Гадаад нөхцөл өдөр өдрөөр хүндэрч, төсвийн алдагдал тэрбум, тэрбумаар нэмэгдэж байна. Энэ оны эхний улирлын гүйцэтгэлээр манай улсын төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гараад байна. Төсвийн тодотгол хийх асуудлыг Н.Учралын Засгийн газар оруулж ирэх бололтой. Тэгвэл төрийн хэмнэлт гэж хамгийн их ярьдаг манай дарга нар өөрсдөө яг хэмнэж чаддаг уу. Одоогийн Ерөнхий сайд асан Н.Учрал дөрвөн сарын хугацаанд УИХ-ын даргаар ажиллахдаа аймгуудын төсөвт ямар хэмжээний “дарамт” үзүүлснийг цувралаар хүргэж байна.
Ерөнхий сайд Н.Учрал 2025 оны арваннэгдүгээр сараас 2026 оны гуравдугаар сар хүртэл УИХ-ын даргаар сонгогдон ажилласан. Тэрбээр УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Баянхонгор, Хөвсгөл аймагт очиж ажиллан, иргэдтэй уулзсан. Тэгвэл Ерөнхий сайд Н.Учралыг аймгуудад ажиллах үеэр хоол, буудал, гарын бэлэг гэх нэр тодотголтой чамгүй их зардал аймгуудын Засаг дарга нарын нөөц сангаас гарчээ. Тухайлбал, УИХ-ын дарга Булган аймагт гуравдугаар сарын 7-нд ажилласан.
Тухайн үед УИХ-ын дарга, дэд дарга болон хойд бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон ажлын албаны ажилчдын буудал болон хоол, бэлэгний зардалд 44,391,200 төгрөг зарцуулжээ.

Бүр тодруулбал, Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлэхэд 2 сая 200 мянган төгрөг, хоолны зардалд 31 сая 241 мянган төгрөг, буудлын зардалд 10 сая 950 мянган төгрөг зарцуулсан байна. Эдгээр зардлыг Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир 2026 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн А/171 дүгээр захирамжаар гаргажээ.
Манай төрийн дээд албан тушаалтнуудын нэг “попордог” сэдэв нь Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг хангана гэдэг. Гэвч тэдний үйлдэл нь энэ мэтээр эсрэгцэж байна. Одоогийн Ерөнхий сайд Н.Учрал ч хэмнэлтийн хуулийг бүх шатанд хэрэгжүүлэх ёстой гэдгийг удаа дараа хэлж байсан. Одоо ч Засгийн газрын тэргүүний хувьд “төрийн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж байна” гэж зарлаад байгаа.
Хэдий орон нутгийн иргэдийн дуу хоолойг сонсох, тэдний амьдрал ахуйтай танилцах нь чухал ч хамгийн ихээр төрийн хэмнэлт гэж ярьдаг дарга нар маань 40-60 хүний өргөн бүрэлдэхүүнтэй аймгуудаар явж, хүндэтгэл үзүүлэх нэрийдлээр бэлэг сэлт авч явах нь хэр нийцтэй вэ гэдгийг асуухад хүргэж байна.
















