УИХ-ын гишүүн Ц.Баатархүү тэтгэврийг мэргэжлийн институтээр дамжуулж, бага хүүтэй урьдчилгаа зээл олгох хуулийн төсөл боловсруулж байгаа тухай мэдэгдсэн. Энэ талаар тодрууллаа.

-Тэтгэврийн зээлийг банкаар дамжуулахгүй, мэргэжлийн байгууллагаар дамжуулж бага хүүтэйгээр олгох хуулийн төсөл боловсруулж байна гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Тэтгэврийн  тогтолцооны реформыг бид хийх шаардлагатай байна. Ингэхдээ тэтгэврийн институт буюу санг удирддаг, менежмент хийдэг мэргэжлийн байгууллагатай болох шаардлагатай. Аль яам нь тэтгэврийн санг удирдаж, ямар банканд байршуулах вэ гэдэг маргаанаас болж тэтгэврийн сан хүнд байдалд байгаа. Тэтгэврийн санг улс төрөөс хамааралгүй байлгаж, сангийн хөрөнгийг арвижуулж, өгөөжийг нь өгдөг багтай болгох хэрэгтэй байна. Тиймээс манай хуулийн төсөлд тэтгэврийн тогтолцоог бүрэн өөрчлөхөөр байгаа. Тэтгэврийн тогтолцоог өөрчилснөөр сан нь өөрөө институцээрээ дамжуулж ахмадуудад тэтгэврийн урьдчилгаа өгдөг байх юм.

Тэтгэвэр гэдэг хүмүүс ажил хөдөлмөр хийж, ирээдүйд хэрэглэх мөнгийг хуримтлуулдаг. Гэтэл манайд банкаар дамжуулахаар 16 хүртэл хувийн хүүтэй байдаг. Эх үүсвэр нь тодорхой учир энэ зээл банканд ашигтай. Харин ахмадууд өндөр хүүтэй зээл болж очдог.  

-Бусад орнууд тэтгэврийн зээлээ хэрхэн зохицуулдаг юм бол?

-Тэтгэврээ урьдчилгаа хэлбэрээр маш бага хүүтэй олгодог тогтолцоо Шинэ Зеланд, Австрали зэрэг дэлхийн улс орнуудад бий.

Тухайлбал, Азийн улс орнуудаас БНСУ-д ахмадууд 2-3 хувийн хүүтэй тэтгэврийн урьдчилгаа авдаг.

Энгийнээр хэлбэл, 800 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүн, зургаан сараас нэг жилтэй тэнцэх тэтгэврийн урьдчилгааг зайлшгүй нөхцөлд, бага хүүтэйгээр авна. Цаашид сар бүр 100 мянган төгрөг хасуулаад явъя гэдэг, тогтолцоо байна. Тиймээс бид ахмадуудын тэтгэврээ хүүлж зээл олгох биш, өөрийнхөө мөнгийг өөрөө авах эрх, сонголтыг нь өгөх хуулийн төслийг бичиж байна.

-Мэргэжлийн байгууллага нь хэрхэн ажиллах вэ. БНСУ шиг 2-3 хувийн хүүтэй болгох боломж байгаа юу?

-Тэтгэврийн сан гэдэг хуримтлалын сангийн хөрөнгө жил бүр өсөж үржиж байх ёстой. Банканд байршуулсан ч тодорхой хүү бодогдоно. Үүнийг мэргэжлийн байгууллага удирдаад эхлэхээр өгөөж нь нэмэгддэг. Хоёрдугаарт сангийн өгөөжөөр мэргэжлийн байгууллага үйл ажиллагааны зардал, тэнд ажиллаж байгаа цалингаа тавина. Тэтгэврийн санг удирдаж байгаа байгууллагад иргэд цахимаар ч юм уу өргөдлөө өгч, энэ хүнд тэтгэврийн урьдчилгаа зайлшгүй олгох шаардлагатай юм байна гэдэг шийдвэр гаргадаг. Нэг онцлох зүйл нь тэтгэврийн урьдчилгаа авах бүх ахмадад өгдөггүй. Тодорхой нөхцөлүүд тавьдаг. Яагаад вэ гэвэл, бүгд урьдчилгаа авчихвал тэтгэврийн сан санхүүгийн хувьд хүндрэлтэй болчихно.

Тиймээс эрүүл мэндийн шалтгаан, орон сууцны нөхцөлөө сайжруулах, гэр бүлд тохиолдсон онцгой нөхцөл байдал, гамшгийн үе гэх мэт нөхцөлүүдийг зааж өгдөг.

Хоёрдугаарт ажил мэргэжлийг зааж өгөх хувилбарууд байгаа.

Тэтгэврийн суурь шинэчлэлийг Монгол Улс хийхгүй бол ирэх жилийн төсөв дээр яг одоогийн асуудлуудаа ярих гээд байна. Юү вэ гэвэл, тэтгэвэр нэмье, улсын төсөв хүрэлцэхгүй байна л гэж байгаа. Ер нь инфляцтай уялдуулж тэтгэвэр нэмнэ гэдэг тэтгэвэр нэмэхгүй л гэсэн үг. Зургаан хувийн инфляц байна гэдэг нь зургаан хувиар төгрөг үнэгүйдэж байна гэсэн үг.

Төгрөг үнэгүйдсэний төлөө зургаан хувиар нэмнэ гэдэг нь тэтгэврийг нэмж байгаа биш, тогтвортой байлгаж байгаа юм.

Тэтгэвэр нэмэх үндсэн бодлого нь дундаж цалингийн хэдэн хувьтай тэнцэж байгааг харах ёстой.