Монгол Улс ураны салбарын ирээдүйн талаар хэлэлцэж буй энэ үед хамгийн тулгамдсан асуудлын нэг нь цацрагийн аюулгүй байдлыг бие даан хянах, шинжлэх лабораторийн тогтолцоо юм. Цацраг идэвхт бодисын нөлөөлөл нь хөрс, ус, агаар, хүн амын эрүүл мэндтэй шууд холбогдох тул шинжлэх ухааны үндэслэлтэй, хараат бус хяналт зайлшгүй шаардлагатай байна.

Одоогоор манай улсад олон улсын стандартад нийцсэн, иж бүрэн цацрагийн шинжилгээ хийх төрийн өмчит, бие даасан лаборатори байхгүй. Энэ нь зөвхөн ураны олборлолт гэлтгүй, цацрагтай холбоотой бүхий л салбарт (эмнэлэг, аж үйлдвэр, геологи гэх мэт) мэдээллийн үнэн зөв байдал, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлдөг.

Тэгвэл энэ чухал асуудлыг төр анхааралдаа авч эхлээд буйг Засгийн газраас мэдэгдсэн.

Уг лаборатори нь:

• Газрын гүн дэх болон олборлолтын орчны цацрагийг хянах,

• Хөрс, ус, агаар дахь урт хугацааны өөрчлөлтийг үнэлэх,

• Хүний, амьтны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг шинжлэх,

• Ураны төсөл, үйлдвэрүүдэд хөндлөнгийн дүгнэлт гаргах боломжийг олгох юм.

Олон улсын жишгээр ураныг олборлох үед төслийн үр нөлөө, байгаль орчны хяналт зэрэг нь зөвхөн компаниудаас хамаарах бус, төрийн зүгээс бие даан, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээ хийх чадамж байх ёстой гэж үздэг. Казахстан, Канад, Франц зэрэг оронд ийм лаборатори нь салбарын итгэлцлийг хангадаг стратегийн байгууламж болдог.

Монголын иргэд өнөөдөр “Ураны төсөл хэрэгжиж болно, гэхдээ бид өөрсдийн лабораторитой байх ёстой” гэдэг ухаалаг шаардлагыг тавьж байна. Энэ бол эсэргүүцэл бус, хариуцлагын шинэ шатны эхлэл юм.

Бид цөмийн эрчим хүч, ураны салбарыг хариуцлагатайгаар хөгжүүлэхийн тулд шинжлэх ухаандаа тулгуурлаж, төрийн чадавхаа нэмэгдүүлэхээс өөр замгүй.