Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн хүрээнд шинэ үеийн Өндөр хүчин чадал бүхий супер компьютерийг (HPC) өнөөдөр Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор хүлээлгэн өглөө. Энэ нь цаг уурын урьдчилсан таамаглал, эрт сэрэмжлүүлгийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн хэдэн арван жилд хийгдсэн хамгийн том хөрөнгө оруулалтын нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлийн менежментэд стратегийн хөгжил дэвшлийг нэвтрүүлж буй онцлох үйл явдал юм.
Энэхүү шинэ системийг нэвтрүүлснээр Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ) олон улсын жишиг, стандартад нийцсэн уур амьсгалын загварчлал, цаг уурын урьдчилсан мэдээг гаргах боломжтой боллоо.
Шинэ үеийн өндөр хүчин чадалтай супер компьютерийн (HPC) орон зай, цаг хугацааны өндөр нарийвчлалтай тооцоолж гаргасан прогноз, мэдээлэл нь Монгол орны хүн амын гуравны нэгийг бүрдүүлдэг хөдөөгийн малчин өрхүүдийн өдөр тутмын амьдралд шууд тусгалаа олж, гамшгийн эрсдэлээс иргэдийн амьжиргааг хамгаалахад чухал дэмжлэг болохын сацуу улс орны бодлогын түвшинд шийдвэр гаргалтыг илүү бодит мэдээлэл, өгөгдөлд тулгуурлах боломж бүрдэх ба Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох урт хугацааны чадавхийг бэхжүүлэх юм.
Энэхүү шинэ үеийн суперкомпьютер нь Монгол Улсын тооцооллын хүчин чадалд асар том дэвшил авчирч байна. Өмнөх системтэй харьцуулахад тооцоолох хурд нь 16 дахин нэмэгдэж, өгөгдөл хадгалах багтаамж нь 20 дахин өссөнөөр ЦУОШГ агаар мандлын загварчлалын нарийвчлал, орон зайн шинжилгээг харьцангуй өндөр түвшинд хийх боломжтой боллоо. Энэ нь ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээнээс эхлээд олон жилийн уур амьсгалын өөрчлөлтийн төлөвийг хүртэл илүү нарийн, найдвартай таамаглах боломжийг бий болгож байна.
АДАПТ төсөл нь дан ганц дэвшилтэд техник, технологийн хөрөнгө оруулалтаар хязгаарлагдалгүй түүнийг ашиглах хүний нөөцийн чадавхыг ч бэхжүүлэхэд анхаарч байна. Тухайлбал, ЦУОШГ-ын мэргэжилтнүүдийг сүүлийн үеийн дэвшилтэт таамаглалын аргачлал, “Weather Research and Forecasting (WRF)” цаг уурын судалгааны шинэ загварууд, дата өгөгдөл боловсруулах дараах үеийн аргачлалыг оновчтой болгох чиглэлээр сургалтад хамруулж байгаа нь тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж, шинэ системийн боломжийг бүрэн дүүрэн ашиглан сайжруулсан таамаглалын үйлчилгээг хүргэх нөхцөлийг бүрдүүлж байна.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, “Энэхүү шинэ супер компьютерийн технологи нь ЦУОШГ-ын цаг агаар, уур амьсгалын гамшгийн эрт сэрэмжлүүлэг болон урьдчилсан таамаглалын үндсэн чиг үүргийг цоо шинэ түвшинд гаргах чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээн дурдав.

ЦУОШГ-ын дарга Э.Баттулга, “HPC системийн тусламжтайгаар бид тодорхойгүй байдлыг бууруулж, цаг уурын урьдчилсан мэдээний онч байдлыг сайжруулаад зогсохгүй, ирээдүйн уур амьсгалын өөрчлөлтийн чиг хандлагын нарийвчилсан загварчлалыг хийх боломжтой болж байна. Энэ нь хөдөө аж ахуй, дэд бүтэц, гамшгийн бэлэн байдал зэрэг олон салбарын төлөвлөлт, удирдлагыг илүү нарийвчлалтай болгох юм” хэмээн цохон тэмдэглэв.

НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска “Биднийг энэ чухал түүхэн мөчид хүрэхэд хувь нэмэр оруулсан бүх хүнд талархал илэрхийлье. Зуд, үер, ган зэрэг уур амьсгалтай холбоотой байгалийн гамшигт үзэгдлүүд улам бүр олширон эрчимжиж буй энэ үед энэхүү систем нь зөвхөн малчдад төдийгүй бүх Монголчуудын амьжиргааг хамгаалахад чиглэсэн илүү нарийн таамаглал, хүчирхэг эрт сэрэмжлүүлгийн систем, найдвартай өгөгдлөөр хангах болно. НҮБХХ нь Монгол Улстай хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэн, энэхүү системийг бүрэн дүүрэн ашиглах замаар илүү тэсвэртэй, тогтвортой, хөгжин дэвжсэн ирээдүйг цогцлоохын төлөө тууштай ажиллах болно” гэв.