Багш нар өнөөдрөөс ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд буй. Учир нь багш нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардсан боловч Засгийн газраас эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учир энэ жил 15-20 хувь, цаашид үе шаттай нэмнэ гэдгийг мэдэгдсэн. Боловсролын сайд П.Наранбаярын хэлснээр багш нарын үндсэн цалинг 20 хувь нэмснээр 1 сая 483 мянган төгрөгөөс 1 сая 770 мянган төгрөг болж байгаа аж.
Харин багш нар ажил хаялт зарлавал хууль зөрчсөн үйлдэл болно гэж мэдэгдэв.
Түүнчлэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир багш нар ажил хаяж, тэр нь шүүхээр хууль бус гэж тогтоогдвол цалингийн асуудал яригдана гэх “сүрдүүлгийн” өнгө аястай мэдэгдлийг өчигдөр хийв.
Тэрбээр "Хөдөлмөрийн аливаа маргаан бол хуулиар зохицуулагддаг. Хэлэлцээр гурван үе шаттай явах ёстой. Нэгдүгээрт, маргалдагч хоёр тал харилцан тохиролцоно. Тохиролцоонд хүрээгүй бол хоёрдугаар үе шатанд зуучлагч томилж ажиллуулдаг. Манай яамнаас зуучлагч томилогдон ажилласан ч үр дүнд хүрээгүй тул гурав дахь үе шатанд арбитр томилон ажиллуулж байна.
Арбитрын гаргасан шийдвэр бол эцсийнх. Ажил хаях гэж буй багш нартаа хэлэхэд арбитр Даваа гарагт томилогдсон, 10 хоног ажиллах ёстой. Шийдэлд хүрэхгүй бол шүүхэд шилждэг. Томилогдсон арбитраас хэн ч татгалзах боломжгүй бөгөөд шийдвэр нь эцсийнх байдаг.
Гарсан шийдвэр таалагдахгүй байна гэж үзвэл шүүх дээр маргаан үүсгэнэ. Харин шүүх дээр хууль бус ажил хаялт байна гэж шийдвэр гарвал багш нарын ажил хаясан хугацааны цалин, нэмэгдлийн асуудал гарна. Энэ бол эдийн засгийн үр дагавартай үйл ажиллагаа шүү. Ажил хаях тохиолдолд хуулийнхаа дагуу ажлаа хаяарай гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд зөвлөж байна. Засгийн газраас тодорхой хэмжээнд шийдвэр гаргахаар оролдож байна. Иймд хүлээцтэй хандана уу.
Хууль бусаар ажил хаясан гэж үзвэл шүүх дээр ажил хаясан багш нарын цалингийн асуудал яригдана. Турхирч, удирдаж байгаа хүмүүс нь болгоомжтой хандах ёстой" гэлээ.
Багш нарын цалин хөлсийг нэмэх, нийгмийн баталгааг сайжруулах ёстой байгууллага нь Засгийн газар. Тиймээс тэд Засгийн газартаа хүсэлтээ тавьж буй.
Гэтэл асуудлаа ярьж, шаардлага тавьсныхаа төлөө багш нар шүүхэд ч дуудагдаж магадгүй нөхцөл байдал руу орж байна.
Төр төлөөлж буй сайд нар нь багш нарын цалинг нэмэх бус хасах “сүрдүүлэг” бүхий мэдэгдлийг ч хийв. Багш нар тэдний “сүрдүүлгийг” эс тоож өнөөдөр ажил хаявал төрийн нэхэмжлэхтэйгээр шүүхэд дуудагдах бололтой.














