Алтанбулагийн чөлөөт бүсээр хуурамч архи оруулж ирж худалдаалдаг бүхэл бүтэн мафи буй. Энэхүү мафижсан далд бизнест 5000-6000 хүн хамааралтай гэх. 5000 хүн сард хамгийн багадаа хоёр шил архи оруулж ирдэг гэж тооцвол 10 мянган шил архи бар, лоунж, хүнсний дэлгүүрүүдээр тараагдаж, иргэд өндөр үнээр худалдан авсаар байна.
Энэ талаар ГЕГ-ын дарга Г.Энхтайванаас тодруулахад “Чөлөөт бүс руу өдөрт хэд хэдэн удаа нэвтэрч архи согтууруулах ундаа худалдаалдаг бүлэг бизнесийн асуудал байсныг илрүүлж таслан зогсоосон. Таслан зогсоож хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд Гаалийн байгууллага бусад төрийн байгууллагатай хамтарч ажилласан” гэсэн юм.
Цагдаагийн байгууллагаас ганц удаагийн шалгалтаар энэ төрлийн гэмт хэрэг зохион байгуулдаг бүлэглэлийн 10 мянга орчим шил согтууруулах ундааг хураан авсан байдаг. Хуурамч архи монголчуудын амьд явах эрхэд халдаж буй нь ч нууц биш болсон. Статистик мэдээллээс харахад 2025 оны эхний хагаст гэхэд гэмтэл, хордлого, гаднын шалтгаант нас баралт 1539 бүртгэгджээ. Энэ нь 2024 онтой харьцуулахад 6.1 хувиар өссөн гэж байгаа.
Үхлийн шалтгааны тэргүүлж буй хүчин зүйл нь архины хордлого. Архины хордлогоор нас барагсдын тоо зам тээврийн осолд өртөгсдөөс дариу хоёр дахин их байгаа юм.
Түүгээр ч зогсохгүй осгож, хөлдөж, гэмтэж бэртсэнийг тоолбол гуравхан сая монголчуудад бүр хэтийдсэн тоо гарч байна. Энэ оны эхний хагаст л гэхэд 12 мянга шахам хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол гэмтэлд өртсөн байна.
















