Хүн мэдэхгүй, мэдлэггүйгээсээ болж алдах нь олонтоо. Гэвчиг мэдсээр байж зориудаар “алдаа” гаргагчид бидний эргэн тойронд байсаар ирсэн. Ийн албаартах нь дийлэнхдээ ашиг хонжоо, хөрөнгө мөнгөтэй холбоотой байх нь бий. Тэгвэл хогны асуудлыг ч ийм ашиг хонжоо олох хэрэгсэл болгон ашиглагчид энэ цэнхэр гарагт дэндүү олон болжээ. Бүр бидний яг хажууд зэрэгцэн байна.
Шатаах төрлийн байгууламжуудыг эрчим хүч үйлдвэрлэхээр тоноглон “Waste-to-energy (WTE)” буюу Хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх (ХХЭХҮ) байгууламж хэмээн нэрлэдэг. Хог хаягдлыг шатаах уг аргыг дэмжигчид “ХХЭХҮ” нь хог хаягдлын бүхий л асуудлыг шийдвэрлэх хамгийн тохиромжтой өндөр технологийн шийдэл, орчны бохирдолгүй үйл ажиллагаа явуулах, цахилгаан эрчим хүчний борлуулалтаас их ашиг олох, шинэ ажлын байр бий болгох боломжтой арга хэмээн танилцуулдаг.
Тэд бүгдийг нь хамаад шатаая, түүнээсээ эрчим хүч гаргая. Үүн шиг төгс шийдэл байхгүй. Хоггүй болохын сацуу эрчим хүчээ шийдчих нь” гэсэн үлгэр зохиож, сэнхрүүлдэг.
Магадгүй та яагаад шатааж болохгүй гэж бодож байгаа байх. Шалгаан нь хог шатаах нь олон талын сөрөг үр дагавартай. Шатаах байгууламж бол хог хаягдлыг устгах биш, харин боловсруулах байгууламж юм. Хог хаягдлыг устгадаггүй, ердөө өөр хэлбэрт шилжүүлдэг. Цааш нь устгах шаардлагатай. Эндээс гарах хаягдал дайвар бүтээгдэхүүнд агаар бохирдуулагч хийн хаягдал (хорт хавдар үүсгэгч диоксин, фуран, тоосонцор гэх мэт), хөнгөн үнс (байгууламжийн шүүлтүүрт торж үлдсэн үнсний нарийн ширхэгт тоосонцор), ёроолын үнс эсвэл лаг (байгууламжийн зууханд үлдсэн зүйлс), боловсруулалтад ашигласан уснаас ялгарсан шингэн зэрэг орно. Шатаах байгууламжид шатаагддаг материалын ихэнх нь хорт бодис агуулдаг.
Шатаах боловсруулалтаас мөн химийн хорт нэгдлүүд үүсдэг тул шатаах явцаас гарч буй хаягдал дайвар нь боловсруулсан анхны хог хаягдлаасаа ч илүү хортой байдаг.

Эцэстээ, шатаах боловсруулалт нь хог хаягдлын хэмжээг бууруулж байгаа ч хоруу чанарыг нь нэмэгдүүлдэг. Хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх шатаах байгууламж бүхий хот, орон нутагт аюултай хог хаягдлаа булшлах тусгайлан бэлтгэсэн ландфилл шаардлагатай хэвээр байна. Шатаах боловсруулалтаас гарсан үнс нь нарийн тоосонцор бүхий хөнгөн үнс зэрэг дайвар бүтээгдэхүүн агуулдаг тул хогийн цэгт хаяхын өмнө савлаж, баглах шаардлагатай. Эс бөгөөс үнс салхинд хийсэж тархах эрсдэл өндөр. Мөн үнсийг ХХЭХҮ байгууламжаас аюултай хог хаягдал булах цэг рүү зөөвөрлөхдөө энгийн хогны машинаар аюулгүй тээвэрлэх боломжгүй тул тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх шаардлагатай.
Гэх мэтчилэн бидний бодож байгаагаас илүү ярвигтай, аюултай нөхцөл байдал үүсдэг. Тиймдээ ч хог шатаах аргыг олон улсад хэрэглэхээс татгалзаж эхэлсэн. Хуучин, найдваргүй, ирээдүйгүй арга технологи гэж үздэг болсон.
Гэвч манайд хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр болоод буй нь харамсалтай.
Тодруулбал, Нийслэлээс “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2026–2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр хоногт 1270-1500 тонн ахуйн хог хаягдал боловсруулах хүчин чадалтай зэргээр ярьж буй. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд зураг төсөл боловсруулах, санхүүжилт босгох, барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй сонгон шалгаруулалтыг урьдчилсан байдлаар зарлаад байгаа юм.
Угтаа манай улсад шатаах байгууламж биш харин “Тэг хаягдал”-ын урт хугацааны бодлогыг баримталж хэрэгжүүлэх зоригтой шийдвэр гаргагчид хэрэгтэй байгаа. Тэг хаягдлын арга хандлага нь нэгдүгээрт, нөөцийн үр ашгийг нэмэгдүүлэх, хог хаягдлын гарцыг эх үүсвэр дээр нь бууруулах, хоёрдугаарт, Монгол Улсад үүсэж буй аливаа хог хаягдлын дахин ашиглалт, дахин боловсруулалтыг нэмэгдүүлэх нь дамжиггүй.
Иргэд бид ч үүргээ ухамсарлаж "Хог хаяж болохгүй, шатааж бүр болохгүй" гэдгийг ойлгох цаг болжээ. Мэдээж хог хаяхгүй амьдарна гэдэг боломжгүй. Гэхдээ бид хэрэглээгээ танаж байгальд ээлтэй ухаалаг сонголтууд хийж, улмаар ангилж, ялгаж дараагийн шатанд бэлэн болгох боломжтой. Энэ үйлдэл тань дадал болсноор таны үр хүүхэд, эргэн тойрныхонд нөлөөлж чадна.

.jpg)


.jpg)











