Засгийн газар 14 хоногийн өмнө улсын төсвийг тодотгохоо мэдэгдсэний дагуу өнөөдөр төслөө УИХ-д өргөн барилаа. Энэ өдөр мөн УИХ дахь сөрөг хүчин АН-ынхан ээлжит бусаар хуралдаж, парламентын ээлжит бус чуулган зарлан, төсвийн тодотголын төслийг хэлэлцэхийг эрх баригчдаас шаардахаар зэхсэн ч Засгийн газар өрсөж, өөрт нь ирэх олон асуултаас бултаж амжив.

Тодотголын төслийг өргөн барих үеэрээ Ерөнхий сайд Н.Учрал хүйтэн өвлийг дотоод эв нэгдэл, бусад намынхантай ойлголцож байж давна хэмээн онцолсон нь хүйтнээрээ алдартай Монголын өвлийг хэлээгүй нь лавтай.
Харин хэдийн хүндэрсэн эдийн засаг, инфляц, үнийн огцом өсөлт, шатахууны хомсдол, иргэдийн амьжиргааны доройтлыг цалин, тэтгэврийн нэмэгдэл төдийхнөөр аргалж болох ч Ардын намынхны ахиж нийлэхээргүй хагарал, бусад намынхан, сөрөг хүчнийхний хүчтэй шаардлагыг тэсэж, даах, эсэхдээ эргэлзсэн итгэл муутай үг гэлтэй.
Үнэхээр ч өнөөгийн эрх баригчдын улиг болтлоо хэлж ирсэн гадаад орчин, геополитикийн нөхцөл л бидэнд гай дуудлаа гэх гутамшигт тайлбараасаа тэд өөрсдөө ч ичиж буй биз. Монголчуудын зарж мөнгө олдог нүүрсний үнэ 10 жилийн өмнө тонн тутамдаа 30 ам.доллар байсан бол өдгөө 100 “ногоон” давсныг АН-ынхан сануулсныг зориуд энд тэмдэглэе. Ер нь МАН-ынхан эдийн засаг, тэр дундаа түүхий эдийн үнийн хамгийн таатай үеийг эзэгнэж, эрх барьж ирсэн байдаг.
Харамсалтай нь, тэд энэ “цонх” үеийг ашиглаж чадаагүй. Ар араасаа хөврөх олон асуудлыг аль болох аргацааж, гал унтраах байдлаар дарж, аргалсаар өнөөдөртэй золгосон. Нууж, далдалсан нийгмийн асуудлууд нь дэлбэрэхэд бэлэн болж, намынхан нь ч даргаа дотроосоо намнахаар зэхэж буйг тэр зөнгөөрөө мэдэрснээ ийн илэрхийлэв гэлтэй.
Тэгээд ч эрх баригч намынхан энэ зунжингаа энд тэнд, Хөвсгөл, Хэнтийд гэх мэтээр хэд арваараа хуралдаж, нууц төлөвлөгөө боловсрууллаа гэх үг яриа тасарсангүй.
Нөгөө талд сөрөг хүчин АН-ынхан Н.Учралын Засгийн газрыг огцруулах санаачилга гарган УИХ дахь бүлгийн 42 гишүүнээс 40 нь дэмжиж гарын үсэг зураад буй. Гишүүн Ж.Баясгалан хүндэтгэх шалтгааны улмаас гарын үсэг зураагүй байгаа бол Ч.Лодойсамбуу гишүүн намынхаа санаачилгыг дэмжихгүйгээ илэрхийлсэн. Харин намын нэгдмэл бодлогыг сөрсөн, эсэргүүцсэн хэнд ч болов хариуцлага тооцохоо тус намын дарга О.Цогтгэрэл мэдэгдэж, Ерөнхий сайдын өргөн барьсан төсвийн тодотголын төслийг “нүглийн нүдийг гурилаар хуурсан” хэмээн үл тоов.
















