МИАТ компани сүүлийн үед байсхийгээд л нислэгээ цуцалсаар байгаа нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байна. Үндэсний агаарын тээвэрлэгч төрийн өмчит томоохон компани байж гадна, дотны хүмүүсийн төлөвлөсөн аялал, ажлыг нурааж, тасалбарынхаа үнэд тохирсон үйлчилгээ үзүүлж, хариуцлагатай ханддаггүй. Нислэгээ гэнэт цуцалж маршрутыг өөрчилснөөс ачаа бараагаа авч чадахгүй чирэгдэж, бухимдаж буй иргэд ч цөөнгүй байгаа аж.

Ялангуяа, аялал жуулчлалын оргил цагаар нислэгээ цуцалж, цагийн хуваарийг нь гэнэт өөрчилснөөс аялагчид учраа олохгүй сандарч бухимдсан сэтгэгдэлтэй ирж, буцаж байгааг хүлээн авагч компани, хөтөч тайлбарлагчид хэлж байна.

Хэдхэн хоногийн өмнө түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэж энд тэндгүй найр наадам, хөл хөөр болсон МИАТ ТӨХК-ийн эл үйлдэлд хэн хариуцлага хүлээх вэ. Нэг онгоц нь эвдэрлээ гэхэд оронд нь нөхөөд гаргах нөөц, бэлтгэл бэлэн байдал, эрсдлийн менежмент хаана байна вэ.

Хамгийн сүүлд л гэхэд өчигдөрхөн МИАТ компани Boeing 787-9 агаарын хөлөгт техникийн доголдол гарлаа гээд тухайн өдрийнхөө буюу наймдугаар сарын 2-ны Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ161/162 дугаар нислэгийн хугацааг тулгаж, урьдчилж хэлэхгүйгээр гэнэт цуцалснаас иргэд хаа холоос нисэх буудалд очоод буцсандаа бухимджээ. Компанийн зүгээс тасалбар худалдан авсан зорчигчдыг бусад нислэгт шилжүүлэх, дамжих нислэгийн зохицуулалтыг шуурхай зохион байгуулна гэсэн боловч хариуцлагагүй хандаж мэдээллийн ажилтан нь хариу өгөхгүй, мэйлээр шуурхай мэдэгдэхгүйгээр иргэдийг чирэгдүүлсэн талаарх гомдол санал олон байна. Мөн долдугаар сарын 26-ны Улаанбаатар- Истанбулын нислэг 4-5  цаг хойшилж өөр маршрутаар ниссэнээс өнөөдрийг хүртэл ачаагаа авч чадаагүй, сураг нь ч гараагүй хүмүүс байна.

Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар нислэгийн хуваарьт өөрчлөлт орсонтой холбогдуулан 2026 оны 8 дугаар сарын 4-ний өдрийг дуустал Сөүл, Токио, Бээжин чиглэлийн зарим нислэгийн цагийн хуваарьт ч өөрчлөлт орж төлөвлөсөн ажил нь бүтэлгүйтэж байгаа талаар хариуцлага нэхсэн хүмүүс нэмэгдсээр байна.

“МИАТ”-ийн алдагдал 32 тэрбумд хүрэв

Энэ онд л гэхэд “МИАТ” ТӨХК-ийн алдагдал 9.6 тэрбумаас 32 тэрбум 841 сая төгрөг болж огцом өссөнийг аудитын байгууллага тогтоосон.

МИАТ ТӨХК-нь баазын тээврийн хэрэгслийн 34 автомашинаас 7 авто машин нь авто машин унах эрхгүй газрын захирлуудад үйлчилж байгаа бөгөөд жолоочийн замын хуудсыг өдөрт 100-140 км явснаар тогтмол бүртгэсэн, нийт 71.8 сая төгрөгийн шатахууны зардал гаргасан байна.

Мөн зарим албан тушаалтнуудын хувийн автомашинд 111.4 сая төгрөгийн шатахууныг олгож үрэлгэн зардал гаргасан.

Тус компанийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй 87-73 УКС /Nissan patrol/ 93-59 УБВ Toyota land cruiser 200/ маркийн 2 автомашин нь цагаан болон цэнхэр өнгийн дэвсгэрт бүхий 2 янзын улсын дугаартай байжээ. Мөн Бээжин хотын төлөөлөгчийн газарт үндсэн 2 ажилчинтай боловч 3 автомашин, Сөүл хотын төлөөлөгчийн газарт үндсэн 6 ажилчинтай боловч 4 автомашин, Токио хотын төлөөлөгчийн газарт үндсэн 3 ажилчинтай боловч 3 автомашин тус тус ашигладаг аж.

Өвлийн улиралд дуудлагын бэлэн байдлыг хангах зорилгоор 22 автомашинд 4-6 сарын хугацаатай дулаан зогсоолын гэрээ байгуулж 63.7 сая төгрөг төлснөөс 9 автомашин  нэгжийн дуудлагад явдаггүй, газрын дарга нарт үйлчилдэг 9 автомашины дулаан зогсоолын төлбөрт 25.0 сая төгрөг төлж үр ашиггүй зарцуулсан.

Өмнөх онд элэгдлээрээ анхны өртөө бүрэн нөхсөн үлдэх өртөггүй 3 нэр төрлийн 114 ширхэг үндсэн хөрөнгөд тайлант хугацаанд, нийт 123 сая төгрөгийн элэгдлийг тооцож буруу бүртгэсэн.

Тайлант оны 1-9 дүгээр сард 9 аж ахуйн нэгж байгууллага болон урлаг, соёл, спортын ажилтнууд зэрэг нийт 452 иргэний билетийн үнийг 50-100 хүртэл хувиар буюу 531.3 сая төгрөгийн хөнгөлөлт олгохдоо бартерын болон хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, үр дүнг тооцоогүй, улирал тутам тайлагнаагүй байна.

Тус байгууллагын үндсэн хөрөнгийн дансанд түүврийн аргаар хяналтын тооллого хийхэд 6.4 сая төгрөгийн үнэтэй I mac pro-27, 5.6 сая төгрөгийн үнэтэй macbook pro 13.3 inch, нийт 12 сая төгрөгийн үнэтэй 2 ширхэг хөрөнгийг ажлаас халагдсан албан тушаалтнаас хүлээж аваагүй аж.

Бараа материалын дансанд 10-аас дээш жилийн насжилттай 17 нэр төрлийн 114.5 сая төгрөгийн, 5-10 жилийн насжилттай 18 төрлийн 42.4 сая төгрөгийн, нийт 156.8 сая төгрөгийн бараа материалын ашиглалтгүй нөөц үүсгэсэн. Тайлант онд нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ажилчдын цалинг 1.8 тэрбум, ерөнхий удирдлагын зардлын цалин 1 тэрбум төгрөгөөр тус тус хэтрүүлж, зөрчил давтагдсан. Мөн үйлдвэрлэлийн нэгжид зуны нислэгээр 283 түр орон тоог баталсан байдаг боловч үүнд хамаарахгүй 39 ажилтныг түр томилон ажиллуулж, 832 сая төгрөгийн цалин олгож, үр ашиггүй зардал гаргасан зэргээр татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаагийнхаа оронд онгоцны тоо, бэлтгэл, бэлэн байдал, сахилга хариуцлагаа сайжруулах шаардлагатай баймаар.