“Бодлогод залуусын хяналт” ТББ-аас “Хууль боловсруулах үйл явцад залуучуудын оролцооны арга замыг зураглах нь” сэдвээр оюутан залуусын оролцоог хангах семинар зохион байгууллаа.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Иргэний орон зайн хуулиудын шинэчлэлд идэвхтэй иргэдийн оролцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Хууль тогтоомжийн тухай хуульд заасан олон нийт, ялангуяа залуучуудын оролцоог хангах арга зүйг туршилтын байдлаар сүүлийн жил гаруй хугацаанд хэрэгжүүлж буй юм. Энэ хүрээнд иргэний орон зайн хувьд ач холбогдолтой хуулиудыг УИХ-аар хэлэлцэхэд залуучууд, иргэний нийгмийн байгууллагууд утга учиртай оролцоход нь дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааны тогтвортой харилцааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж буй талаар тус байгууллагын захирал Ц.Мандхайхатан “Ерөнхийлөгч, УИХ-аас өргөн барьсан хуульд олон нийтийн оролцоог хангах хэлэлцүүлэг хийхийг шаардахгүй, иргэдийн санал тусах боломжгүй байна. Хэдийгээр хууль тогтоомжийн хуулиар мэргэжилтэн, экпертүүд, иргэний нийгмийн байгууллагыг хуулийн процесст оролцуулна, ил тод байна гэдэг боловч практикт төлөвшөөгүй байна. Тиймээс хуулийн төсөлд төдийлөн эрх ашиг нь хөндөгдөж байгаа хэсэг, иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолой тусахгүй байна. Иргэдийг утга учиртайгаар оролцуулахын тулд эргээд тайлагнах, хариу үйлдэл үзүүлэх олон улсын жишиг бий. Иргэдийн оролцоог хангаж байж эргээд төрд итгэх итгэл бий болдог. Тиймээс бид хууль боловсруулах үйл явцад залуучуудын оролцооны арга замыг зураглах нь сэдвээр оюутан залуусын оролцоог хангах чиглэлд ажиллаж байна” гэлээ.

Семинарт 25-30 оюутан, залуусын төлөөлөл ирж хууль тогтоох үйл явцын талаарх мэдлэгээ үнэлж, оролцоогоо зураглалаа. Тэд төрд дуу хоолойгоо хүргэх арга замыг ихэвчлэн жагсаал цуглаан гэж боддог байсан бол цахим өргөдөл гаргах D-Petition-ийг мэдэж авснаар илүү үр нөлөөтэй гэж үзжээ. Ингэхдээ “Оюутан залууст илүү ойлгомжтой байх үүднээс D-Petition дээр хуулийн төсөл, байнгын хороодыг тайлбарласан бүтэц байвал зүгээр. Мөн хэт албаны хэллэгээс илүү энгийн ойлгомжтой байх хэрэгтэй” гэсэн саналыг Залуусын давлагаа клубын зохицуулагч А.Уянга хэлж байв.
Түүнчлэн бусад улс оронд гадны иргэдийн саналыг ч цахимаар хүлээж авдаг бол манайх зөвхөн 18 наснаас дээш Монгол Улсын иргэний саналыг авахаар тусгасан. Цаашид цахим өргөдлийн 100.000 иргэний гарын үсэг зурах босгонд хүрээгүй саналыг хэрхэн авч үзэх, холбогдох байгууллагад шилжүүлэх үйл явцыг журамлах. Цахим өргөдөл гаргаж буй иргэн, өргөдөлд нэгдэж буй иргэдийн статистик нас, хүйс, салбарын гэх мэтээр нарийвчлан гаргаж, мэдээлэх үйл явцыг тодорхой зааж, төрийн бодлогын дүн шинжилгээ болон судалгааны эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. “Өргөдлийн хариу” илгээхдээ ерөнхий хариу биш, шийдвэрийн товч утгыг тодорхой хүргэх зэргээр “Нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлтийн талаар өргөдөл гаргагчид мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулах журам”-ын төсөлд нэлээдгүй санал, зөвлөмжийг “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас өгчээ.

“Нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлтийн талаар өргөдөл гаргагчид мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулах журам”-ын төсөлд өгсөн санал, зөвлөмж”
ЕРӨНХИЙ САНАЛ:
• Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан босгонд хүрээгүй цахим өргөдлүүд нь хэдийгээр олон нийтийн дэмжлэг авч чадаагүй боловч иргэдийн тодорхой бүлгүүдийн эрхэд сөргөөр нөлөөлөх, төрийн бодлогын гадна үлдэх магадлалтай. Иймд Өргөдлийн байнгын хорооны зүгээс хуулийн босгод хүрээгүй саналыг хэрхэн авч үзэх, холбогдох байгууллагад шилжүүлэх үйл явцыг журамлах.
• Мөн цахим өргөдөл гаргаж буй иргэн, өргөдөлд нэгдэж буй иргэдийн статистик нас, хүйс, салбарын гэх мэтээр нарийвчлан гаргаж, мэдээлэх үйл явцыг тодорхой зааж, төрийн бодлогын дүн шинжилгээ болон судалгааны эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэх.
• Одоогийн нөхцөлд тоон гарын үсэг авах нь хүндрэлтэй, иргэдийн оролцоог бууруулж буй бөгөөд төрийн бусад байгууллагуудад ашиглагдаж буй системтэй уялдуулах боломжийг тусгах.
• Санал авах явц, саналын тоо, хянаж буй байгууллагын шийдвэрийг нээлттэй хяналтын самбарт байршуулах.
• “Өргөдлийн хариу” илгээхдээ ерөнхий хариу биш, шийдвэрийн товч утгыг тодорхой хүргэх.
• Хяналтын 14 хоногийн хугацааг хугацаа хэтрэхгүйгээр биелүүлэх болон хариу өгөөгүй, эсвэл үндэслэлгүй татгалзсан тохиолдолд хариуцсан ажилтанд хариуцлага тооцох эрх зүйн заалт оруулах.
НАРИЙВЧИЛСАН САНАЛ:
1) Заалтад утга нэмэх санал:
• 1.1-д cаналыг “олон нийтэд мэдээлэх үйл ажиллагааг” гэж нэмэх
• 3.3-т Энэ журмын 3.2-т заасан өргөдлийг хүлээж авсан өдрөөс хойш 14 хоногийн
дотор энэ журмын 2.4-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэх үндэслэл бүхий
хариуг өргөдөл гаргагчид цахимаар мэдэгдэж, мэдээлсэн тухай бүртгэл хөтөлнө
гэж нэмэх
• 3.7-д өргөдөл гаргагчид цахимаар мэдэгдэж, мэдээлсэн тухай тэмдэглэл
хөтөлнө гэж нэмэх
2) Заалт нэмүүлэх санал:
• 3.9-д “Иргэдэд зөвлөгөө өгөх тусгай хэсэг ажиллуулж цахим өргөдөл гаргах
заавар, зөвлөмж, жишээ өргөдөл бүхий сургалтын хэсэг байршуулна” гэж
шинээр нэмэх
• 5.5-д “Иргэдэд зориулсан тусгай хэсэгт Монгол Улсын Их Хурлын нэгдсэн
чуулганаас гарсан шийдвэрийг байршуулах” тухай заалт нэмэх
3) Бүлэг нэмэх санал:
• 6. Шийдвэрлэлтийн явцын хяналт
6.1. Дэмжигдсэн өргөдлийн шийдвэрлэлтийн явцыг цахим системээр дамжуулан
иргэд хянах боломжтой байна.
6.2. Явцын мэдээллийг 7 хоног тутам шинэчилнэ.
• 7. Архив, статистик мэдээлэл
7.1. Цахим системд өмнө гаргасан өргөдлүүдийн архив, дэмжигдсэн саналын тоо, хэлэлцсэн асуудлуудын статистик мэдээллийг нийтэд нээлттэй байлгана.
• 8. Хувийн мэдээллийн хамгаалалт
8.1. Иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор цахим системд шифрлэлт,
зөвшөөрлийн механизм, мэдээлэл хадгалах бодлого хэрэгжүүлнэ.
8.2. Хувийн мэдээлэлтэй холбоотой аливаа зөрчил гарсан тохиолдолд хариуцсан
ажилтан шуурхай арга хэмжээ авна.

















