Хүний хувийн мэдээллийг хамгаалах чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа мэдээлэл хийлээ. “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК, “Дижитал инфосек” ХХК-ийн өнгөрсөн арваннэгдүгээр сард байгуулсан гэрээний дагуу хөгжүүлсэн, хатуу болон хийн түлшний хяналтын нэгдсэн систем болох “Хотула” аппликейшн Монгол Улсын иргэдийн халдашгүй чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах, хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн тус тус Комиссоос шалгалт явуулжээ. Шалгалттай холбоотойгоор нийслэлийн эрх бүхий албан тушаалтнаас бичгээр холбогдох тайлбар авсан ч бүрэн хариулт өгөөгүй гэж тэд үзсэн байна. Иймд нэр бүхий албан тушаалтнуудыг Хүний эрхийн үндэсний комисст ирж тайлбар өгөхийг хүссэн ч албан бичгээр тайлбар ирүүлнэ гээд алга болсон тул тэд өөрсдөд байгаа мэдээлэл, туршилтын хүрээнд дүгнэлт гаргаснаа танилцуулав.
Тодруулбал, “Хотула” аппликейшны хэрэглэгчдийг бүртгэх, танин баталгаажуулах горим нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн тавдугаар зүйлд заасан “Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, зөвхөн хуульд заасан үндэслэлээр, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлөөр ашиглах, боловсруулах зарчмыг хангахгүй байна гэж тэд мэдэгдсэн юм. Мөн тус аппликейшнээс үйлчилгээ авахын тулд хэрэглэгчийн ажилладаг салбар, байгууллага, сарын орлого, түүний эх үүсвэр зэрэг мэдээллийг шаардаж байгаа нь хатуу болон хийн түлшний хяналтын нэгдсэн систем болох үндсэн зорилгоос хэтэрсэн өргөн хүрээнд хувийн мэдээллийг цуглуулж байж болзошгүй гэв. Түүнчлэн “Хотула”-гийн нууцлалын тохиргоонд хэрэглэгчийн байршлын мэдээллийг цуглуулж, боловсруулах боломжтой нөхцөл бүрдүүлсэн нь түүгээр дамжуулан тухайн хүний амьдралын хэв маяг, зан харилцаа, дадал зуршлыг тодорхойлж байж болзошгүй учраас Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 16.1.1 дэх шаардлагыг хангаагүй. Улмаар ногоон оноо өгөх зохицуулалтын хүний эрхийн эрсдэлийг тооцоолоогүй, хамгаалах арга хэмжээ аваагүй. Хэрэглэгчийн зан төлөвийг тодорхойлох энэ зохицуулалт нь нийгмийн онооны систем үүсгэх боломжтойгоос гадна ялгаварлан гадуурхах, тэгш бус байдал үүсгэх эрсдэлээс хэрхэн хамгаалах нь тодорхой байгаа” хэмээн онцоллоо.
Иймд “Хотула” нь хүний хувийн мэдээллээ хамгаалах эрхийг зөрчсөн гэж үзэж, дүгнэлтэд дурдсан нөхцөл байдлыг арилгаж, эрсдэлээс бүрэн хамгаалсан гэдгээ Хүний эрхийн үндэсний комисст нотлох хүртэл эл аппликейшнийг ашиглахыг зогсоох, түүгээр үзүүлж буй төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүлээн авах бусад боломжийг бүрдүүлэх шаардлагыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид 30 хоногийн хугацаатай хүргүүлсэн байна.
















