Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдлээ. Энэ тухайгаа УИХ дахь олонхын бүлэгт ч биечлэн уламжлав. Нэгэнт чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргасан бол Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг ажлын таван өдрийн дотор хэлэлцэн, санал, дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд танилцуулах ёстой. Ингээд нэгдсэн хуралдаанаар байнгын хорооны санал, дүгнэлтийг мөн ажлын таван өдрийн дотор хэлэлцэн, ил санал хураалт явуулж, хүсэлтийг нь УИХ-ын нийт гишүүний олонх дэмжсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнд тооцох юм.
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдах товтой байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн өргөдлийг өдөр алдалгүй хэлэлцэх биз ээ.
Ерөнхийлөгчийн тухай хуульд заасны дагуу бүрэн эрхийн зургаан жилийн хугацааг хугацаанаас өмнө дуусгавар болгох гурван үндэслэл бий. Тэдгээрээс тус хуулийн 3.1-т заасанчлан биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж УИХ-д өргөдөл гаргах арга замыг сонгов. Уг нь хотын дарга асан Х.Нямбаатар түүнийг огцрохыг шаардсан. Харин сөрөг хүчин АН-ын зүгээс Х.Нямбаатарын нэрлээд байгаа олон зуун сая ам.долларын хэрэгт холбоотой хүн бүрийг, Төрийн тэргүүнээс авхуулаад бүгдийг нь ажлаа өг, огцор, импичмент зарлана хэмээн чухам аль хэлбэрээр хариуцлага тооцох вэ гэдэг нь бүрхэг агуулга хэлсэн.
Гэвч АН-ынхны хэлсэн шүлс хатаагүй, албан шаардлагаа цаасан дээр буулгаж амжаагүй байхад нь амдуулж аваад “Чөлөөлөгдье” гэчихлээ, Ерөнхийлөгч.
Өөрөөр хэлбэл, огцорч биш, өөрөө өргөдлөө өгөөд явах замыг тэр сонгов. Үнэндээ одоогийн нөхцөлд өнөөгийн Ерөнхийлөгчийг огцруулах боломж бараг үгүй. Тодорхой хэлбэл, Үндсэн хуулийн 35.2-т заасанчлан Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулах ёстой. Гэтэл У.Хүрэлсүх тангаргаасаа няцсаныг, Үндсэн хууль хийгээд Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ зөрчсөнийг Цэц дүгнэж, түүнийг нь УИХ-аар хэлэлцэх хүртэл хэчнээн хугацаа зарцуулах нь тодорхойгүй, ирэх зургадугаар сар хүртэл зууралдах нь ойлгомжтой.
Тэгээд ч огцорсон Ерөнхийлөгч байснаас, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Төрийн тэргүүн гэж үлдвэл түүний түүх илүү баатарлаг болж баяжина.
УИХ-ын гишүүн, Шадар сайд, Ерөнхий сайдын албан тушаалаас өөрөө татгалзах замаар илүү өндөр алба авч ирсэн замналтай хүн шүү дээ. Гэхдээ чөлөөлөгдөх хүсэлтийг нь дор хаяж 64 гишүүн дэмжих болов уу. Ийн ёсоор болгохгүй байсан ч тэр “оноо” алдахгүй. Ер нь аль ч тохиолдолд түүний энэ алхам өөрт нь л ашигтай. Монголын ард түмний эв нэгдэл, төрийн нэр хүндийг аврах гэж биш, өөрийнхөө нэр төрийг түрүүлж бодсон, эрх мэдлээ илүү баталгаажуулах гэсэн тактикийн алхам байлаа. У.Хүрэсүх Ерөнхийлөгчөөс буусан ч хаанчлах хүсэл нь хэвээрээ байгааг хангалттай харж буй, бултаараа.
Үндсэндээ үлдсэн хэдэн сарын хугацаанд Ерөнхийлөгчөөрөө байж, үнэмшихэд ч бэрх мэдээллийг нэг мөр няцааж чадахгүй нялцганаж суухаар дараагийн ажлаа бодож ханцуй шамлахаар шийдэж. “Оюутолгой” төслийн ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараа, шатахуунтай холбоотой асуудлыг шалга гэж лүндэн буулгасан нь ч чөлөөлөгдөх алхмынх нь оршил байж. Тэр чөлөөлөгдсөнөөр Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулж, төрийг тэргүүнтэй болгох ёстой. Ирэх гуравдугаар сар гэхэд дараагийн Ерөнхийлөгчөө сонгочихсон байх нь. Ийн гурван сарын өмнө сонгууль явуулах нь түүнд л ашигтай, намд нь гарзтай гэж тооцсон байж болно. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН ялагдаж, ялагдлынх нь хариуцлагыг үүрүүлж Н.Учралыг намын даргаас нь авч хаяна гэж тооцсон байхыг үгүйсгэхгүй. Үүнийгээ АН-тай тохирсон ч байх. “АН-ын шаардлагаар чөлөөлөгдөж байна” гэх жүжиг тавьчихлаа гэж хэн хүнгүй л ярьж байна.
Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын дараа У.Хүрэлсүх намдаа баатрын дүрээр эргэн ирж, УИХ-ын сонгуулийг удирдан орно гэсэн үг.















