Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага парламент хүүхдийн эрхийн зөрчсөн ноцтой хуулийг өргөн баригдангуут нь шуурхайлан хэлэлцэхээр болсон нь НҮБ, иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн зүтгэлтнүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулж байна. Өв соёлоо хамгаалах нэрийн дор хүүхдийг золиослох ёсгүй гэж шаардаж байгаа.

Хаврын морин уралдааныг хориглосон Улсын дээд шүүхийн шийдвэр 2018 онд гарч,  жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан,бэлтгэлийн явцад хүүхдээр морь унуулах болон аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон захиргааны хэм хэмжээний акт батлахыг Засгийн газарт даалгасан. Энэ дагуу Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Мөн хаврын морин уралдааныг сэргээх нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциудтай нийцэхгүй.

Гэтэл У.Отгонбаяр нарын нэр бүхий 25 гишүүний өргөн барьсан хаврын "Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг УИХ өнөөдөр байнгын хороогоор, маргааш чуулганаар хэлэлцэхээр товложээ.

Өөрөөр хэлбэл, хаврын морин уралдааныг сэргээх агуулгатай энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын 2027 оны төсөв баталсны дараахан ингэж шуурхайлж орж ирж байгаа нь “Гишүүдийг тойргийнх нь төсвөөр барьцаалав уу” гэсэн хардлагыг дагуулж байна.

Мөн энэ парламент эрх мэдэл, албан тушаалтнуудад хариуцлага тооцох, олон нийтийн эрх ашгийн төлөөх хуулийг хэлэлцдэггүй хэрнээ ил цагаан уяачдын лобби орсон хаврын уралдааныг сэргээх хуулийг ийнхүү өргөн барьснаас хойш ганцхан сарын дотор оруулж ирлээ. Үүний ганцхан жишээ нь УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн өргөн барьсан Нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгийг хураах тухай хуулийн төсөл УИХ-ын даргын шүүгээнд хав дарагдаад 547 хонож байна. Нийтийн алба дахь авлигыг таслан зогсоох, хууль ёсны орлогоос нь хэтэрсэн, эх үүсвэр нь тодорхойгүй эд хөрөнгийг иргэний журмаар нэхэмжилж хураахад чиглэсэн эл хуулийн төслийг анх 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Түүнээс хойш 1 жил, 5 сар, 29 хоног өнгөрлөө. Энэ хуулийг УИХ-ын танхимд хэлэлцдэггүй юм бол талбай дээр ард түмэнтэйгээ гарна гэсэн акцыг ч О.Алтангэрэл гишүүн эхлүүлээд буй. Энэ мэт олон нийтэд хэрэгтэй цөөнгүй хууль УИХ-ын босгыг давж чадахгүй хүлээж буй.

Гэтэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр нарын гишүүд 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Өвөл, хаврын морин уралдааныг хуульчлах асуудлыг тусгасан нь олон нийтийн дунд анхаарал татаад байгаа энэ хуулийг өргөн бариад 36 хоног буюу 1 сар, 5 хоног болж байна. Өмнөх жишээнүүдээс харахад уяачдын эрх ашгийг гүйцэлдүүлэх энэ хуулийг ингэж шуурхай УИХ-аар хэлэлцэхээр товлож оруулж ирж байгаа нь өнөөгийн УИХ-ын дарга С.Бямбацогт уяачдын лоббинд автсан уу гэдгийг харуулж байна. Тиймээс уяадын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхдийн хичээл ном сурч боловсрох эрхийг хөсөр хаяж зөрчсөн хуулийг УИХ-ын хэн гэдэг гишүүд дэмжиж кноп дарахыг олон нийтэд анхааралтай ажиглаж байна.

Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн шийдвэр болон уралдаанч хүүхдүүдийн эрхийг зөрчиж уяачдын лоббинд автсан УИХ-ын дарга, төрийн түшээд хэн хэн байхыг харах үлдлээ.

‍