Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээг бэр нь дэлгэснээр олны анхааралд орууллаа. Тиймдээ ч төрийн гурван өндөрлөгийн нэг, төрийн өндөр албан тушаалтанд тооцогддог Ерөнхий сайдын хамаарал бүхий хүн болох хүү, бэр хоёр нь хэний мөнгөөр зугаацаж буйг сонирхож, шалгая хэмээн шахаж шаардах нь зүйн хэрэг. Энэ дагуу жам ёсоороо Засгийн газрын тэргүүний 20 настай хүүгийн задарч яваа мөнгөний эх үүсвэрийг нотлох давлагаа нийгэм даяар өрнөж байна. Ийн сошиал давлагаа бодит алхам руу дөхөх эхлэлийг нэр бүхий иргэд тавилаа. Иргэн Ц.Лут-Очир, Ш.Оюунбат нар "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн, худ ургийн холбоотой Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа гэх хүмүүсийн тансаг байдал өөрсдийн хөрөнгө орлоготой огт нийцэхгүй байна. Үүнийг авлигаар санхүүжүүлсэн байж болзошгүй гэх мэдээлэл тархсан байгаа тул хуулийн дагуу АТГ шалгаж мухарлах ёстой" гэсэн бичгийг АТГ-т өгөөд байна. Одоо АТГ ажлаа хэрхэн хийхийг харах үлдэж буй юм.
Гэхдээ энд нэг “юм” байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн болоод хамаарал бүхий хүмүүсийн хөрөнгө орлогыг шалгах ёстой АТГ-ын даргад эргэлзэх шалтгаан бий.
Учир нь АТГ-ын дарга З.Дашдаваагийн бүрэн эрх дуусахад Ерөнхий сайд “хөөцөлдөж” хүчилсээр албан тушаалд нь улираасан. Их ч бяр гаргаж, их ч тохироо хийсэн нь тодорхой. З.Дашдавааг дэмжихгүй гэсэн гишүүдийг “Тэгвэл чи авлигын асуудалтай шүү” гэж байгаад томилуулсан нь саяхан л даа. Тиймээс АТГ-ын бүрэн эрхийн хугацаагаа дахин зургаан жилээр сунгуулж нийтдээ 12 жил зөөлөн суудалд тухлахаар болсон З.Дашдаваад Л.Оюун-Эрдэнийн орлогыг нотлуулах нь битгий хэл шалгах сонирхол бий болов уу. Сонирхол байлаа гэхэд зориг бий юу.
Түүх харвал, З.Дашдаваа яг зургаан жилийн өмнө, 2019 онд АТГ-ын даргаар томилогдож байв. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байсан. Ингэхдээ “Нийгмийн хүлээлтэд хүрэхээр хэмжээнд сайн ажиллаж чадахгүй бол АТГ бараг татан буугдах байх шүү. Нийгэмд хүлээлттэй байгаа хэргүүдээ шийдвэрлэх дээр анхаарч ажиллаарай. АТГ гэдэг бол албан тушаалтны хэрэг шалгадаг байгууллага шүү. Томилж буй хүмүүстээ биш төрийн сүлд тугандаа залбирч маш хариуцлагатай ажиллаарай. Засгийн газар хамтарч ажиллана” гэж байв. Тэгвэл энэ үгээ одоо өөртөө зориулж хэлэх болж байна. Мөн хамгийн эгзэгтэй нь Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд холбогдох хуульд “…АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасны дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх удаа АТГ-ын даргыг санал болгож томилуулаад байгаа юм.
Товчхондоо, АТГ-ын дарга, Засгийн газрын тэргүүн хоёрын “ах, дүү”-гийн хамаарал нэг иймэрхүү. Тиймээс АТГ олон нийтийн шахалт шаардлагаар ажиллах уу, албан тушаалтны таашаалд нийцүүлж "эзэн"-дээ тал засах уу гэдгийг харах үлдэж байна.