Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохуны урилгаар БНХАУ-ын Жянсу мужийн Ляньюньган хотноо 2026 оны есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Дэлхий дахины аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-д оролцож байна.

Өнөөдөр \2026.09.09\ БНХАУ-ын Жянсу мужийн Ляньюньган хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхий дахины аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-ын нээлт болж, албан ёсоор эхэллээ.

“Дэлхий дахины аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум” нь БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны санаачилгаар 2015 оноос “Ляньюньган форум” нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд олон нийтийн аюулгүй байдлын салбар дахь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийтлэг сорилтыг хамтран даван туулах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тогтвортой хөгжил, дэвшлийг дэмжих олон улсын чухал платформ болон хөгжсөн юм.

Сүүлийн арван жилийн хугацаанд тус форумд дэлхийн 100 гаруй улсын хууль сахиулах байгууллагын удирдлага, олон улсын байгууллагын төлөөлөл, шинжээч, судлаач зэрэг 5000 гаруй төлөөлөгч оролцож, терроризм, цахим гэмт хэрэг, зохион байгуулалттай хил дамнасан гэмт хэрэг зэрэг уламжлалт болон шинээр бий болж буй аюулгүй байдлын сорилтыг даван туулах чиглэлээр туршлага, мэдээлэл солилцож ирсэн байна.

Энэ удаагийн форумын хүрээнд олон улсын хар тамхи, терроризмтой тэмцэх хамтын ажиллагаа, кибер аюулгүй байдал, шилжилт хөдөлгөөний удирдлага, олон нийтийн аюулгүй байдлын техник, технологи, тоног төхөөрөмж, цагдаагийн боловсрол, сургалт, аялал жуулчлалын аюулгүй байдал болон олон улсын харуул хамгаалалтын үйлчилгээ зэрэг чиглэлээр найман дэд форум зохион байгуулагдаж байна.

Монгол Улсаас форумд оролцож буй төлөөлөгчид холбогдох дэд форумуудад оролцож, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаа, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар туршлага солилцоно.

Мөн форумын үеэр “Олон улсын цахим залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх эвсэл”-ийг үүсгэн байгуулах бага хурал зохион байгуулагдаж байна. Уг эвслийг байгуулах санаачилгыг БНХАУ-ын Засгийн газраас 2025 оны есдүгээр сард дэвшүүлсэн бөгөөд одоогоор 40 гаруй улс хамтран байгуулахад оролцохоо илэрхийлээд байна.

Эвслийг үүсгэн байгуулагч улс орнууд “Олон улсын цахим залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх эвслийг байгуулах тухай хамтарсан тунхаглал”-ыг баталж, эвслийг албан ёсоор байгуулснаа зарлахаар төлөвлөж байгаа юм.

Монгол Улс цахим болон харилцаа холбооны залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль сахиулах байгууллагуудын мэдээлэл солилцоо, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хамтран ажиллах саналаа БНХАУ-ын талд албан ёсоор хүргүүлээд байна.

Форумд оролцох үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохунтай хоёр талт уулзалт хийнэ.  Монгол, Хятадын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх, шинэ төрлийн болон цахим гэмт хэрэгтэй тэмцэх, хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцоно.

Түүнчлэн форумд оролцож буй бусад улсын дотоод хэргийн сайд, холбогдох байгууллагын удирдлагуудтай хоёр талт уулзалт хийж, Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох асуудлаар санал солилцоно.