АНУ-ын Луизиана мужийн Шривпорт хотод олон нийтийн дунд нэгэн этгээл буугаар гал нээсний улмаас 1-14 насны найман хүүхэд (гурван хүү, таван охин) амь үрэгдсэний долоо нь түүний хүүхэд байж. Өнгөрсөн ням гарагт болсон уг хэргийг гэр бүлийн асуудлаас үүдэлтэй хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлсний сацуу сэжигтэн Шамар Элкинс хулгайн машинаар зугтахаасаа өмнө 10 хүнийг буудсан бөгөөд тэд түүнийг хөөж гүйцэн хөнөөсөн гэв. Насанд хүрсэн хоёр эмэгтэйг шархдуулсны нэг нь хүүхдүүдийн ээж бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа аж. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр сэжигтэн гудамжинд нэг эмэгтэй рүү гал нээснийхээ дараа ойролцоох байранд очиж хүүхдүүдийг хөнөөжээ. Тус байранд өөр нэг хүүхэд байсан бөгөөд дээврээс үсрэн амь гарсан байна.

АНУ дахь буунаас үүдэлтэй хүчирхийллийг мөрддөг байгууллага “Gun Violence Archive” (GVA)-аас мэдээлснээр энэ явдал нь 2024 оны нэгдүгээр сард Иллинойс мужийн Жолиет хотод найман хохирогч амиа алдсанаас хойш тус улсад үйлдэгдсэн, хамгийн олон хүний аминд хүрсэн аллага юм. Сэжигтэн нь 2019 онд галт зэвсгийн хэргээр баривчлагдаж байж. 31 настай Шамар Элкинс нь тус хотын оршин суугч бөгөөд 2013 оны наймдугаар сараас 2020 оны наймдугаар сар хүртэл мужийнхаа Үндэсний гвардад алба хаажээ. Зарим гэрчийн ярьснаар тэд гэр бүлээ цуцлуулах гэж байсан, шүүх хурал нь даваа гарагт товлогдсон байж. Мөн сэжигтэн албан ёсны эхнэр, дөрвөн хүүхдээс гадна шархадсан эмэгтэйн төрүүлсэн гурван хүүхдийн эцэг аж. Хүүхдүүд нь бүгд нэг дор хамтдаа байж. Харин амиа алдсан нэг хүүхэд нь тэдний үеэл гэнэ.