УИХ-ын сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд төрөөс санхүүжилт олгох хуультай. Үүний дагуу өнгөрсөн жилийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор нэр бүхий долоон нам, эвсэлд төрөөс энэ жил 7.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох тооцоог Сонгуулийн ерөнхий хорооноос хийгээд буй.

Гэхдээ Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8-д төрийн санхүүжилт нь “Улсын төсвөөс нэг намд олгох санхүүжилтийн нийт хэмжээ нь намын гишүүний болон сонгуульт гишүүний татвар, иргэний болон хуулийн этгээдийн өгсөн хандивын орлогын нийлбэрээс хоёр дахин их, эсхүл түүнээс илүү байж болохгүй” хэмээн заачихсан. Сонгуулийн ерөнхий хорооныхон дээрх долоон нам, эвслийн тайланг хянахад хоёр эвсэл, нэг намд олгох санхүүжилт хуулийн дээрх заалтаар дээд хэмжээнээс хасагдаж тооцогдохоор байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хорооноос Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8 дахь зохицуулалтыг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх шаардлагатай гэж үзэн уг заалтын талаар тайлбар гаргуулах хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлжээ. Иймд Дээд шүүхээс хүсэлтийн хариуг ирүүлсний дараа төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоох аж.

Энэ оны хувьд тэдэнд төрөөс хоёр төрлийн санхүүжилт олгохоор буй. Өөрөөр хэлбэл, дээрх дурдсан 7.4 тэрбум төгрөг бол тэдгээрийн нийлбэр дүн юм. Эхний санхүүжилт нь тэдгээр долоон нам, эвсэлд жил бүр өгөх мөнгө (дээд хэмжээгээр тооцсон нь) юм. Тодруулбал, энэ жилийн хувьд тэдэнд нийт 6.5 тэрбум төгрөгийг төрөөс дараах хэмжээгээр олгохоор тооцсон юм.  

1. МАН                             2.8 тэрбум (2.803.290.600)

2. АН                                2.1 тэрбум (2.140.069.800)

3. ХҮН нам                      630.6 сая (630.666.300)

4. Үндэсний эвсэл         314.1 сая (314.146.800)

5. ИЗНН                          306.9 сая (306.919.800)

6. Шинэ нэгдсэн эвсэл 229.9 сая (229.950.600)

7. Үнэн ба зөв нам         134.5 сая (134.583.900) төгрөг.

Энэ жилийн хувьд хэмээн тодотгосон нь уг тооцооллыг хийхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг харгалзаж байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл,

хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жил бүр шинэчилдэг тул дээрх нам, эвслүүдэд төрөөс олгох санхүүжилтийн хэмжээ түүнийг даган өөрчлөгдөнө гэсэн үг.

Хоёр дахь санхүүжилтийн тухайд тодруулъя. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хүйсийн квот буюу эмэгтэй улс төрч болон хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчийн тоогоор олгох санхүүжилт юм. Гэхдээ үүнийг зөвхөн нэг удаа буюу сонгуулийн дараа жил олгохоор Улс төрийн намын тухай хуульд заасан. Өөрөөр хэлбэл, тэд энэ мөнгийг дахин авахгүй. Үүний дагуу дээрх долоон нам, эвсэлд нийт 891 сая төгрөгийг дараах байдлаар хувааж өгөхөөр буй.

1. МАН                            16.5 сая (16.500.000)

2. АН                               33 сая (33.000.000)

3. ХҮН нам                     363 сая (363.000.000)

4. Үндэсний эвсэл        132 сая (132.000.000)

5. ИЗНН                          148.5 сая (148.500.000)

6. Шинэ нэгдсэн эвсэл 82.5 сая (82.500.000)

7. Үнэн ба зөв нам         115.5 сая (115.500.000) төгрөг.