УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ШЕЗ-ийн хоёр гишүүний сул орон тоонд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэлсэн. Парламентын сайтад зарласан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавих шаардлага хангасан нэр дэвшигчид энэ сарын 27-ны 17:30 цаг хүртэл материалаа илгээх учиртай.
ШЕЗ-ийн гишүүний томилгооны процесс Шүүхийн хуульд заасан цаг хугацаанаас хоцорч буй боловч Ажлын хэсгийн зүгээс шуурхай ажиллавал хаврын чуулганаар амжуулах бүрэн боломжтой гэдгийг иргэний нийгмийн байгууллагууд хөндөж, Шүүхийн тухай хууль болон журамд нийцсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж буй эсэхийг анхааралтай ажиглаж буй юм.
Энэ удаагийн томилгооны үйл явцын онцлог нь шинэчлэгдсэн журмын дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус журмын онцлох болон дэвшилттэй зохицуулалтын талаарх мэдээллийг тоймлосныг дээрх хүснэгтээс харж болно.

Мөн журмын дагуу 5-р сарын 27-нд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах сүүлийн хугацаа бөгөөд энэ цаг үетэй зэрэгцэн Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсгийг байгуулах ёстой.
Тиймээс 27-н буюу ирэх долоо хоногийн лхагва гараг гэхэд ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшигчид материалаа илгээх, Хууль зүйн байнгын хороо ажлын хэсгээ идэвхжүүлэх шаардлагатай.
Шүүхийн ерөнхий зөвлөл-ийн шүүгч бус гишүүнийг томилох сонгон шалгаруулах журмыг энэхүү зураглалаас харж болно.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд тавигдах шаардлага:
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан дараах шаардлагыг хангасан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй Монгол Улсын иргэн байна. Үүнд:
1.Хууль зүйн өндөр мэргэшилтэй;
2.Эрхзүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан;
3.Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй;
4.Сүүлийн 5 жил шүүгчээр ажиллаагүй;
5.Сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал болон улстөрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй;
6.Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавих шаардлага хангасан иргэдээс дараах баримт бичгийг 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд ажлын цагаар биечлэн, түүнчлэн цахим шуудангаар /PDF болон Word форматаар тус тус/ хүлээн авна:
1.Нэр дэвших тухай хүсэлт, түүний хавсралт / “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан загварын дагуу бичиж, гарын үсэг зурсан байх, эндээс загварыг харна уу./;
2.Төрийн албан хаагчийн анкет /гарын үсэг зурсан байх/;
3.Иргэний үнэмлэхийн хуулбар;
4.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;
5.Эрх зүйн бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
6.Хууль зүйн өндөр мэргэшилтэй гэдгийг нотлон харуулсан үйл ажиллагааны талаарх баримт;
7.Эрхзүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт;
8.Хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;
9.Шүүхийн тухай хуулийн 76.3-т заасан шаардлагыг хангасныг нотлох бусад баримт.
Холбоо барих:
Лавлах утасны дугаар /ажлын цагаар/: 51-262727
Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг:
Төрийн ордон, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, 276 тоот өрөө
Цахим шуудан: bayarsaikhanb@parliament.mn











.jpeg)



