“И-Монгол” бол Монгол Улсын төрийн бүх цахим үйлчилгээг “нэг цонх”-оор үзүүлэх зорилготой нэгдсэн систем юм. 2025 оны есдүгээр сарын байдлаар “И-Монгол” систем нь 87 байгууллагын 1263 үйлчилгээг цахимаар хүргэж байна. Үүнд иргэний улсын бүртгэлтэй холбоотой нийт 12 лавлагааг оруулан нийт 17 төрлийн үйлчилгээ багтаж буй. Энэ хэрээр хэрэглэгчийн тоо нэмэгдэж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 24-ний байдлаар нийт хоёр сая хэрэглэгчтэй болж. Энэ нь Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 88 орчим хувийг хамарч байна. Тэгвэл
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос явуулсан “Хүний эрх ба цахим технологи” олон нийтийн хяналт шалгалтын тайланд уг системтэй холбоотойгоор хувийн мэдээлэл алдагдах эрсдэл харьцангуй бага хэмээн дүгнэж.
Харин ХУР системийн хэрэглэгчдэд тавих хяналт сул байгаа нь болзошгүй эрсдэлийн эх сурвалж болж буйг дээрх тайланд анхааруулсан байна. ХУР бол иргэд, аж ахуйн нэгжид хүрэх төрийн үйлчилгээг хөнгөвчлөх зорилготой мэдээлэл солилцооны систем. Өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар төрийн 182, хувийн хэвшлийн 498 байгууллага тус системд холбогдон ажиллаж байна. Уг системд хандах эрх олгох гэрээний харилцаанд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ) хяналт тавьж ажилладаг. Тодруулбал, ХУР системийг ашиглах хүсэлтэй байгууллагууд Засгийн газрын 2022 оны 196 дугаар тогтоолоор баталсан Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журамд заасны дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ЦХИХХЯ-нд хандах бөгөөд тус яамнаас шаардлага хангасан этгээдтэй гэрээ байгуулан, уг системийг ашиглах эрх олгодог.
Улмаар байгуулсан гэрээнийхээ мөрөөр систем, сүлжээнд нь техникийн үзлэг, шалгалт хийх, холбогдох нөхцөл, шаардлагуудыг нь хангаж байгаа, эсэхийг дүгнэх ёстой ч яамнаас нь хяналт, шалгалт хийж байгаагүйг ХЭҮК-ын тайланд онцолсон байна.
Үүнээс гадна ТҮЦ машинаар дамжуулан хэрэглэгчийн мэдээллийг гаргаж өгч байгаа нь хүний хувийн мэдээллийг алдагдах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж. Уг машиныг ажиллуулдаг “Гэрэгэ системс” ХХК нь ХУР системийг ашиглахдаа бусад байгууллагаас ялгаатай гэрээний хүрээнд ажилладаг талаар тус тайланд дурдаж, эл компанид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх санал гаргасан байна.
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос явуулсан “Хүний эрх ба цахим технологи” олон нийтийн хяналт шалгалтын тайлангийн мөрөөр холбогдох талуудын байр суурийг цувралаар хүргэх болно.










.jpeg)




