Шударга ёсны баталгааг хангах, хараат бус шүүхийг цогцлооход ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн чухал үүрэг, оролцоотой. Тэгвэл өндөр өрсөлдөөнтэй болох учиртай зөвлөлийн гишүүний ээлжит шалгаруулалт энэ цаг мөчид өрнөж байна. Үүнтэй холбогдуулан Нээлттэй нийгэм форумын эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаатай ярилцлаа.

-ШЕЗ-ийн шүүгч бус хоёр гишүүний сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлалаа. Шинэчилсэн журмын онцлог нь юу байна вэ?

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний тав нь шүүгч бус гишүүн байдаг. Өнгөрсөн онд шүүгч бус дөрвөн гишүүн шинээр томилогдохоор байсны хоёрыг нь УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд санал болгосны дагуу Хууль зүйн байнгын хорооноос оны зааг дээр томилсон. Харин үлдсэн хоёр сул орон тоо хэвээрээ буюу оны эхнээс ШЕЗ найман гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Өөрөөр хэлбэл, зөвлөлийн журмаар хамтын шийдвэр гаргадаг байгууллагын хувьд бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаа явуулах боломжийг цаг алдалгүй бүрдүүлж өгөх шаардлагатай байгаа.

Гэвч Хууль зүйн байнгын хорооноос шүүгч бус гишүүнийг томилох журмыг шинэчлэх шаардлагатай гэж үзсэний улмаас хойшилсон. Үүнээс үүдээд шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтыг хаврын чуулганаар зохион байгуулж амжих уу гэдэг нөхцөл байдал үүслээ.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах, томилох журмыг ямар агуулгаар хэрхэн өөрчилж шинэчлэх талаарх мэдээлэл хомс буюу батлагдсаных нь дараа бид олж танилцсан. Шинэ журмаар процессыг илүү тодорхой болгохоос гадна Ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй холбоотой ашиг сонирхлын зөрчлийг хөндсөн. Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй бол түүнийгээ мэдэгдэх, татгалзах өөрчлөлтийг оруулсан. Мөн зарим нэг хавсралт мэдээлэл, маягтуудыг шинэчилсэн байна.

Бидний зүгээс журмын шинэчлэлээр сонгон шалгаруулах процессыг илүү хаалттай болгочих вий, олон нийтийн мэдээлэл авах, хяналт тавих боломж хязгаарлагдах вий гэж болгоомжилж байсан ч нээлттэй байдлыг хөндөөгүй хэвээр үлдээсэн нь сайшаалтай. Харин бүр олон нийтэд мэдээлэл түгээх сувгийг тэлсэн зэрэг давуу талууд байна.

-Материал хүлээн авах хугацаа нэлээн тулчлаа. Хуульчдын оролцоо хэр байгаа бол?

-Шинэчилсэн журмын хүрээнд хоёр дахь сонгон шалгаруулалтыг зарлаж тавдугаар сарын 27 буюу нөгөөдөр нэр дэвшигчдийн материал хүлээн авах хугацаа дуусна. Хэчнээн журам эрх зүйн орчин сайжирсан ч салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, шаардлага хангасан сайн шилдэг хуульчид ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад орж нэр дэвшүүлэх эсэхэд санаа зовж байгаа. Тиймээс хуульчид маань идэвхтэй оролцоосой, нэрээ дэвшүүлж олуулаа өрсөлдөөсэй гэж хүсэж байгаа. Хуульчдын маань идэвх санаачилга манлайллаас олон зүйл  шалтгаална. Шүүхийн салбарын захиргааны гол удирдлагын байгууллага хэрхэн ажиллах, шүүх эрх мэдлийн хүрээнд хараат бус байдлыг бэхжүүлэхэд голлох үүрэгтэй зөвлөлийн бүрэлдэхүүнд шилдэг, шударга хуульчид нэр дэвшиж өрсөлдөөсэй.

Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, ашиг сонирхлын зөрчилгүй байх зэргээр мэргэжлийн ур чадвараас гадна ёс зүй чухлаар тавигдаж байна.

-Өнгөрсөн жилийн сонгон шалгаруулалтаас харвал та бүхний хувьд шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл юу бий юу. Нэр дэвшигчдийн чанар хэр байсан бол?

-Хуулиараа ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд тавих шаардлага гэж бий. Гэхдээ ажлын хэсгийн бүрэлдэхүүн буюу мэргэжлийн өндөр ур чадвартай хуульч гэж хэнийг хэлэх вэ гэдэг асуулт тавигдаж байгаа. Тэгэхээр сонгон шалгаруулалтад биечлэн оролцож нэр дэвшигчдийн материалтай танилцаж, мэдээлэл цуглуулж ярилцлага хийж үнэлж дүгнэж, санал өгч байгаа Ажлын хэсгийн гишүүд маш өндөр хариуцлагатай байх ёстой. Бидний зүгээс сонгон шалгаруулалтыг хийж байгаа 11 хүний бүрэлдэхүүний хувьд харьцангуй мэргэжлийн байгууллагын төлөөлөл орж ирсэн гэж харж байгаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хариуцлагатай мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж чадвал улстөрчдийн ашиг сонирхлыг хаах зэрэг олон давуу талтай.

Өнгөрсөн жил шаардлага хангасан 24 нэр дэвшигчийн дөрөв нь олонхийн санал авч сүүлийн шатанд орж ирсэн. Эндээс харвал нэр дэвшигчдийн чанар тийм ч сайн байж чадаагүй юм болов уу.

Тиймээс энэ удаа өрсөлдөх хуульчид маань шүүх эрх мэдлийн талаар илүү академик судалгаа шинжилгээ хийсэн хөгжлийн бодлого тодорхойлох хэмжээний мэргэшил байр суурьтай, туршлагатай, нийгэмд манлайлал үзүүлж байсан хүмүүс байгаасай гэсэн хүлээлттэй байна.

-Нэр дэвшигч болон Ажлын хэсгийн бүрэлдэхүүний ашиг сонирхлын зөрчлийг хэрхэн ялгаж салгаж байгаа вэ?

-Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ашиг сонирхлын зөрчилгүй байхыг нэлээн чухалчилсан байна лээ. Бидний харж буйгаар бол хууль шүүхийн салбар тийм ч том биш. Хуулийн сургууль цөөн учраас төгсөгчид төдийлөн олон байдаггүй. Нэг сургууль төгсөж, хамт ажиллах асуудал түгээмэл. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчил гэж яг юуг тодорхойлох вэ гэдэг асуудал салбарын томилгоонд маргаантай, шийдвэрлэхэд төвөгтэй байдаг. Энэ мэтээр бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй бол ашиг сонирхлын зөрчил дээр хэтэрхий механикаар хандах нь учир дутагдалтай юм болов уу. Мэдээж маш дотно хувийн харилцаатай бол түүнийгээ мэдэгдэж Ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс татгалзах ёс зүй хэн бүхэнд байх учиртай.

Шүүх салбарын хөгжил, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх ардчиллын гол зарчмыг түүчээлж авч явах гол байгууллагын төлөөллийг нээлттэйгээр сонгон шалгаруулж томилох өрсөлдөөнд шилдэг хуульчид маань нэрээ дэвшүүлээсэй гэж дахин хүсэх байна. Энэ нь бусад салбарын хувьд ч ардчилсан зарчмыг дээдэлсэн томилгооны процесс нь жишиг болох боломжтой.

-Энэ удаагийн сонгон шалгаруулалт хугацааны хувьд нэлээн хойшиллоо. Хаврын чуулганаар амжих уу?

-Хуулиараа томилох эсэх нь УИХ-ын бүрэн эрх. Гэхдээ ШЕЗ-ийн бүрэлдэхүүн сул орон тоотой, сонгон шалгаруулалт хойшлоод байх юм бол сөрөг нөлөө гарч таарна.

Зөвлөлийн 10 хүний зургаа буюу олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэхэд зөвлөлийн бүрэлдэхүүний гаргаж байгаа шийдвэр бүрэн дүүрэн, хүчин төгөлдөр байх уу зэргээр эргээд эргэлзээ эрсдэл үүсэх боломжтой. Хоёрдугаарт, зөвлөлийн зарим гишүүдийн бүрэн эрхийн хугацаа энэ оны долоо, наймдугаар сард дуусах зэргээр гишүүдийн бүрэн эрхийн хугацаа зөрөх байдлаар ялгаатай байгаа.

Энэ нь эргээд төрийн үйл ажиллагааны залгамж тасралтгүй жигд үргэлжлэх, гишүүдийн сонгон шалгаруулалт удаашрах нь ажлын хурд гүйцэтгэл талаасаа ямар үр дагавартай вэ гэдгийг эргэж харах, зарим нэг зохицуулалтыг ярилцах хэрэгтэй юм болов уу. Ер нь бол зөвлөл дөрвөн жилийн хугацаанд нэгдсэн бодлого төлөвлөгөөгөөр үйл ажиллагаа явуулах нь алсаараа институцийн хөгжил талаасаа ач холбогдолтой.

Нээлттэй нийгэм форумын зүгээс зөвлөлийн гишүүний томилгооны нээлттэй ардчилсан үйл явцыг бэхжүүлэх, дэмжихэд хөндлөнгийн хяналт тавьж ажилладаг. Цаашид энэ чиглэлд судалгаа дүн шинжилгээ хийж бодлогын зөвлөмж үзүүлэх тал дээр анхаарч байна.