Гурван жилийн өмнө буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний өглөө “Сутай таун” хотхонд гал гарч албан үүргээ гүйцэтгэж явсан Хан-Уул дүүргийн Аврах гал унтраах 14 дүгээр ангийн алба хаагч, дэслэгч Э.Энхболд амь эрсэдсэн юм. Талийгаач удам дамжсан гал сөнөөгч байсан төдийгүй тэр өдөр Сутай хотхоны 80 хүнийг аварч, харамсалтай нь өөрөө нас барсан юм.
Ослоос хойш хоёр жилийн дараа түүний аав НОБГ-ын орлогч дарга асан, бэлтгэл хурандаа Д.Эрдэнэбаатар NTV телевизийн “Болзоо” нэвтрүүлэгт оролцохдоо гал сөнөөгч хүүгээ галд алдсан талаар болон нөхөн төлбөр, хүндэтгэлтэй холбоотой асуудлыг хөндсөн. Мөн ганц хүүгийнхээ асуудлыг ч бус өргөсөн тангарагийнхаа төлөө үүрэг гүйцэтгэж яваад алтан амиа алдсан алба хаагчдын талаар “2012 онд Дорнод аймгийн Баяндун сумын түймэрт Онцгой байдлын 4 алба хаагч амиа алдаж байсан. Тэдний нэг нь ахлах ахлагч Г.Багабиш.
Түймрийн нөөлгөөс хамгийн залуу аврагчаа хамгаалж, дарж унаад өөрөө 90 хувийн түлэгдэлтэй эмнэлэгт ирээд нас барсан. Яагаад гэсэн асуултад, залуугаараа чи үлд гэж хэлсэн байдаг. Тэгээд сүүлд ар гэрийнхэн нь нэхэн шагнуулахаар хөөцөлдөөд бүтээгүй.
Мөн МИ-8-ын ослоор амиа алдсан Д.Батбаатар комиссарыг дурсаж, Дундговь аймгийн Онцгой байдлын газрыг түүний нэрэмжит болгох гээд чадаагүй. Энэ хүмүүс чинь амиа өгчихсөн шүү дээ! Бусдын төлөө гэсэн агуу сэтгэлийг алдаршуулахад яагаад ийм хатуу байдаг юм бэ? Үрэгдсэнийг хүлээгч зохиол дээр гардаг шиг ээж аав, үр хүүхэд, ах дүү нь л байдаг” хэмээн дурссан.
Харин тухайн үед Шадар сайд Х.Ганхуяг “Эх орныхоо төлөө албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан нэг ч аавын хүүг ингээд орхиж болохгүй. Бэлтгэл хурандаа Д.Эрдэнэбаатарын хөндсөн асуудалтай холбогдуулан яаралтай ажлын хэсэг байгуулж, нөхцөл байдлыг нэн даруй шалгаж эхэллээ. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын нэр төр, гавьяа зүтгэлийг Монголын төр үргэлж дээдлэх ёстой гэдгийг онцлон илэрхийлье. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын ар гэрийг хамгаалж, хуульд заасан анхаарал халамж, дэмжлэгийг бүрэн хүргэх нь төрийн үүрэг. Энэ хүрээнд талийгаач Э.Энхболдын ар гэртэй холбоотой асуудлыг холбогдох байгууллагуудаас нягтлан тодруулж, гарсан дүгнэлтэд үндэслэн зохих шийдвэрийг гаргахаа мэдэгдэж байна” хэмээн мэдэгдэж байв. Үүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрч Шадар сайд Х.Ганхуяг ажлаа өгч түүний албыг Н.Номтойбаяр хүлээж аваад буй юм.
Тэгвэл албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан аврагчийн асуудал юу болсон талаар бид Шадар сайд асан Х.Ганхуягаас тодруулахад “Амь насаа алдсан алба хаагчдад нөхөн төлбөр олгох хууль журам бий. Энэ дагуу тухайн үедээ хоёр өрөө байр, бэлэн мөнгө олгох сонголтоос ар гэрийнхэн нь бэлэн мөнгийг нь авсан юм байна лээ. Мөн онцгой байдлын байгууллагаас тусламж дэмжлэг олгосон гэж ойлгосон. Гэхдээ ар гэрийнхний хувьд хүндэтгэл үзүүлэх асуудлыг хөндөж байгаа. Тиймээс гамшиг осолтой тэмцэж онцгой байдлын салбарт ажиллаж байгаад амь насаа алдсан алба хаагчдад зориулсан хүндэтгэлийн цогцолбор барих асуудлыг шийдэх боломжтой.
Тэнд амь насаа алдсан хүмүүсийн нэрийг мөнхөлж тэмдэглэлт өдрөөр цэцэг өргөдөг байх зэргээр хүндэтгэлийн хөшөө, цогцолбор байгуулах асуудлыг даруй шийдэх чиглэлийг тухайн үед нь ОБЕГ-т өгсөн. Хаана ямар байрлалд хүндэтгэлийн цогцолцор байгуулах уу эсвэл хөшөө дурсгал байх уу гэдгийг ОБЕГ-аас шийдэх ёстой” гэлээ.














