Дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугамыг Яармаг–Арцат–Өнөр хороолол чиглэлд барьж байгаа бөгөөд өнөөдрөөс /2025.08.25/ 19 тулгуур баганыг суурилуулж эхэллээ.
Тулгуур багана нь шугамын тогтвортой байдал, аюулгүй ажиллагааг хангах үндсэн бүтцийн хамгийн чухал хэсэг юм. Тиймээс ч тулгуур багана болон бүхий л тоног төхөөрөмж, эд ангиудыг Францаас буюу Помагийн үйлдвэрээс 100% нийлүүлж бөгөөд Пома группын төслийн талбайн инженер Жоан Антониноор ахлуулсан багийн хяналт дор олон улсын стандартын дагуу угсарч байна.
Франц улсаас импортлох нийт 150 чингэлэг ачаанаас хоёр буудлын тоног төхөөрөмжүүд болон тулгуур багана бүхий 84 чингэлэг ирсэн бөгөөд бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Пома группын төслийн талбайн инженер Жоан Антонин “Эхний ээлжинд 20 метрийн өндөртэй тулгуур баганыг суурилуулж босголоо. Ил харагдах энэхүү тулгуур багана нь 20 метрийн өндөртэй боловч, мөн газрын гүнээс доош 9 метр шон суурь цутгасан. Ингэхдээ газар хөдлөлтөд тэсвэртэй байх, геологийн онцлог нөхцөл зэрэг зэрэг олон улсын стандарт шаардлагыг мөрдөж, аюулгүй технологи бүхий бүтээн байгуулалтыг хийж байна. Төслийн хамгийн өндөр тулгуур багана нь нийт 42 метр байх бөгөөд энэхүү бүтээн байгуулалтын ажлыг “Моннис” компанийн туршлагатай, мэргэжлийн баг бидэнтэй хамтран хийж гүйцэтгэж байгаа.Төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлэхээс өмнө бидний зүгээс туслан гүйцэтгэгч компанийн ажилтнуудад дадлага олгох зорилгоор үе шаттай сургалт оруулсан” гэв.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй Дүүжин замын тээврийн төсөл нь байгальд ээлтэй шийдэл юм. Өөрөөр хэлбэл, энэхүү төсөл нь нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна агаар, орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй, ногоон шийдэл гэдгээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг. Иймд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн төслийг хөгжүүлэх хүрээнд түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулахад бодит хувь нэмэр болох энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болсон нь өнөөдөр үр дүнтэйгээр, төлөвлөсний дагуу хэрэгжиж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн өмнө Дүүжин замын тээврийн Европын Холбооны стандартыг монголд нутагшуулсан. Тухайлбал, “Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага”-тай холбоотой 15 стандартыг Стандарт, хэмжил зүйн газрын Авто тээврийн стандартчиллын техникийн хороогоор батлуулан, MNS бүртгэлд шилжүүлээд байна” гэв.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас төслийн гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллаж буй бөгөөд гүйцэтгэгч талтай өдөр бүр бүтээн байгуулалтын явцыг зөвшилцөн, төслийг шуурхай хэрэгжүүлэхээр ажиллаж байна
