Монгол Улсад эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, амьдралын хэв маяг, хэвшмэл ойлголтоос үүдэлтэй эрэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудал хуримтлагдсаар байна. Ялангуяа, эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд онцгой анхаарахгүй бол үүний цаана амиа хорлолтын ноцтой асуудал нуугдаж буй.
Эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдээс даруй тав дахин өндөр, амиа хорлож буй хүмүүсийн 85 буюу дийлэнх нь эрчүүд байгааг төрийн бодлогын түвшинд ч өрх гэр бүл, иргэн нэг бүрийн ухамсар, хариуцлага талаас ч анзаарахаас аргагүй болтлоо даамжирч томорчээ.
Түүнчлэн жендэрийн хэвшмэл ойлголт, “эрэгтэй хүн сэтгэлзүйн асуудлаа илэрхийлэх ёсгүй” гэх нийгмийн хүлээлт, эдийн засаг, нийгмийн дарамт, архидалт, сэтгэл зүйн хямрал, гэр бүлийн асуудал зэрэг хүчин зүйлс амиа хорлолтын шалтгаан болж байгааг ХЭҮК-ын судалгаа харуулж байна. Тэд урьдчилан сэргийлэх үзлэг, эмнэлгийн тусламжид оройтож хандах, сэтгэл зүйн болон эрүүл мэндийн асуудлаа нууцлах, мэдрэмжээ илэрхийлэхгүй байх нь өвчнийг хүндрүүлж, сэтгэл гутрал цаашлаад амиа хорлоход хүргэж байна. Судалгаанаас харахад амиа хорлох оролдлого 10 наснаас эхлэн бүртгэгдэж байгаа нь ноцтой асуудал юм.
-Донтох эмгэгээр 4122 хүн эмчлүүлснээс 3378 буюу 81.9 хувийг эрэгтэйчүүд-
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2025 онд амбулаторийн 18 кабинетаар үйлчлүүлсэн нийт 78.274 үйлчлүүлэгчийн 46 хувь эрэгтэйчүүд байжээ. Тухайлбал, донтох эмгэгийн кабинетад 19 төрлийн сэтгэцийн эмгэгээр өвчилсөн 4122 хүн эмчлүүлснээс 3378 буюу 81.9 хувийг эрэгтэйчүүд, 744 буюу 18.0 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн онд нийт 19 төрлийн сэтгэцийн эмгэгээс тэргүүлэх 5 сэтгэцийн эмгэг буюу үгүйлэх хам шинж өвчлөлөөр 1848 хүн, цочмог хордлого өвчлөлөөр 459 хүн, хэтрүүлэн хэрэглэх өвчлөлөөр 284 хүн, даслын хам шинж өвчлөлөөр 606 хүн, солиорлын эмгэг өвчлөлөөр 445 хүн эмчлүүлжээ.

Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах байдал нь нийгэм, соёлын хэвшмэл ойлголт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан хангалтгүй байна. Улмаар сэтгэл гутрал болон дотоод сэтгэцийн зовуурийг эрт илрүүлэх, эмчилгээ авах боломж алдагдах явдал нийтлэг байна. Тухайлбал, СЭМҮТ-ийн мэдээллээр 2025 онд сэтгэл гутралын улмаас амбулаториор үйлчлүүлсэн хүмүүсийн ердөө 13 хувь нь эрэгтэй байсан бол сэтгэцийн эмгэгтэй хэвтэн эмчлүүлэгчдийн 46.6 хувь нь эрэгтэйчүүд байх жишээтэй. Мөн онд аддиктологийн төвөөр хэвтэн эмчлүүлсэн 3722 хүнээс 2822 буюу 75.8 хувь нь эрэгтэйчүүд, 900 буюу 24.2 хувийг эмэгтэйчүүд эмчлүүлжээ.
Комиссын судалгаанд 47 оролцогчдын 60 гаруй хувь нь сэтгэл зүй, санхүү, зан үйлийн асуудалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн ч сэтгэл зүйн тусламж, зөвлөгөө авсан хувь 20.9 хувьтай байна.
Судалгааны үр дүнгээс харахад эрэгтэйчүүд сэтгэл зүйн тусламж авах соёл, хандлага муу, асуудлаа нуух байдал түгээмэл байгаа нь сэтгэл гутрал, амиа хорлолтын эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж дүгнэжээ.
Монгол Улсад сүүлийн 5 жил эрэгтэйчүүдийн нас баралтын 3 дахь ноцтой хэлбэр нь амиа хорлолт байгаа нь тулгамдаж буй асуудал юм. Эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын түвшин эмэгтэйчүүдээс их байгааг дээр дурдсан. Тухайлбал, 2015-2024 оны хугацаанд Монгол Улсад 100,000 хүн ногдох амиа хорлож нас барсан тохиолдлын түвшинг хүйсээр ялган харуулбал эрэгтэйчүүдийн дундах түвшин 24.1-28.6 хооронд хэлбэлзэж, эмэгтэйчүүдийнхээс үлэмж өндөр байгаа бол эмэгтэйчүүдийн дундах түвшин 3.1-4.7-ийн хооронд байна.
Дээрх үзүүлэлтээс харахад 2015-2024 онд амиа хорлож нас барсан тохиолдлын түвшин эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдээс тогтмол 5-8 дахин өндөр байгаа нь эрэгтэйчүүдэд чиглэсэн сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, урьдчилан сэргийлэх бодлого, үйлчилгээ хангалтгүй байгааг илтгэж байгааг ХЭҮК судалгаандаа онцолжээ.

Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаанаас харахад 5 суралцагч тутмын нэг нь амиа хорлохоор төлөвлөж, 7 суралцагч тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийсэн гэжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд амиа хорлох талаар бодож байсан гэж суралцагчдын 39 хувь нь, төлөвлөж байсан гэж 22.2 хувь нь, нэг ба түүнээс олон удаа оролдлого хийж байсан гэж 15.8 хувь нь хариулжээ. Комиссын судалгаанаас үзэхэд амиа хорлолтод архины хэт хэрэглээ, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, мансууруулах бодисын хэрэглээ, мөрийтэй тоглоом зэрэг хувь хүний зан үйлтэй холбоотой хүчин зүйлсээс гадна сургуулийн орчны дээрэлхэлт, гэр бүл, нийгмийн харилцааны асуудал, ялангуяа залуучуудын дунд ганцаардлын мэдрэмж нэмэгдэж буй байдал, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг (зуд), ажилгүйдэл, нийгэм, эдийн засаг, орчны зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байна гэж үзсэн байна.
ЭМЯ-наас 2024 онд гаргасан “Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан насанд хүрсэн хүн амын дундах халдварт бус өвчний эрсдэлийн тархалт” судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 40.3 хувь нь тамхи татдаг, тамхи татаж эхэлсэн дундаж нас 19.8 байсан бол 14.6 хувь нь сүүлийн 30 хоногт архи, согтууруулах ундааг “стандарт уулт” хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн байна.
Комиссын судалгаанд оролцогчдын дөрөвний нэг орчим нь тогтмол давтамжтайгаар согтууруулах ундаа хэрэглэдэг гэжээ. Судалгаанаас үзэхэд эрэгтэйчүүдийн архи, тамхины хэрэглээ эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байгаа нь зөвхөн хувь хүний сонголтоор хязгаарлагдахгүй, нийгэм, соёл, эдийн засаг, бодлогын олон хүчин зүйлийн нийлмэл нөлөөллийн үр дүн болохыг харуулж байна.
Тухайлбал, сэтгэл зүйн хүчин зүйлсийн хувьд эрэгтэйчүүд стресс, бухимдал, сэтгэл гутралыг даван туулахад архи, тамхийг ашиглах нь элбэг. Үүний цаана эрэгтэйчүүд сэтгэл зүйн тусламж авах, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх соёл сул хөгжсөн байгааг илэрхийлж байна.
Үүнд ялангуяа нийгмээс ноогддог “эрэгтэй хүн архи даадаг байх”, “тамхи татах нь эршүүд байдлын илэрхийлэл” гэх хэвшмэл ойлголт түгээмэл байдаг бөгөөд энэ нь эрсдэлтэй зан үйлийг өөгшүүлэх хандлагыг бий болгож байна. Мөн ажилгүйдэл, орлогын дарамт, хөдөлмөрийн хүнд нөхцөл, эрүүл мэндийн боловсрол, архи, тамхины хор уршгийн талаарх мэдлэг дутмаг байдал нь эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд донтох эмгэгтэй хүнд сэтгэл засал танин мэдэхүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх Сэтгэц нийгмийн сэргээн засах төв 2024 онд байгуулагдан хүн амд тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Тус төв нь төсөл арга хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд давхардсан тоогоор 8,408 хүнд донтох эмгэгийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ.
Кейс:
Өрхийн эмнэлэгт ирж байгаа эрэгтэйчүүдээс яг өөрсдөө зориод үзүүлье гэсэн хүн бараг байдаггүй. Заавал нэг хүн дагуулж орж ирдэг. Эсвэл өөрөө ирдэг нь яалт ч үгүй хяналтад байдаг эмээ бичүүлэх гэж ирдэг. Эмнэлгийн стандартаар нэг эмч нэг өрөөнд ганцаараа суух ёстой байдаг. Гэвч өрхийн эмнэлгүүдэд энэ стандарт хангагддаггүй, нэг өрөөнд 2-уулаа суудаг. Энэ тохиолдолд эрэгтэй хүн тэр бүр нээлттэй байж чаддаггүй. Жишээ нь түрүү булчирхайн томролын зовуурь болох шээс ойрхон хүрдэг зовуурь хэлэхэд нь бид чиглүүлж нэмэлт асуулт асууж байж эмийн эмчилгээ, нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг санал болгодог.
(Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд хийсэн жендэрийн судалгаанаас
Кейс:
-Эрэгтэйчүүд сэтгэл санааны, бие махбодын, бэлгийн хүчирхийлэл, үл хайхрах, чимээгүй, үе тэнгийн хүчирхийлэл, хүүхдийн хөдөлмөр, цахим дарамт, сэтгэл зүйн зөвлөгөө, цахим зохисгүй хэрэглээ, гэр бүлийн харилцаа, үе тэнгийн харилцаа, хууль эрх зүй, боловсрол зэрэг асуудлаар хандаж зөвлөгөө авч байсан. Харамсалтай тус төвийн үйл ажиллагааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам цааш нь үргэлжлүүлээгүй бөгөөд санхүүжилтгүйн улмаас үйл ажиллагаа нь зогссон байна. (Жишиг төвд нийгмийн ажилтны ажил үүргийг гүйцэтгэж ажилласан зөвлөхийн ярилцлагаас
Тиймээс ХЭҮК эмнэл зүйн болон зан үйлийн эмчилгээнээс бусад төрлийн эмчилгээг олон улсад туршигдсан удирдамжаар нэмэлт эмчилгээ, сэргээн засах арга хэмжээг нэвтрүүлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, донтох эмгэгийг даван туулагчдыг зөвлөгчөөр бэлтгэж, сэргээн засах тусламж, үйлчилгээний хүний нөөцийн бүрэлдэхүүнд ажиллуулах тогтолцоог бүрдүүлж, нийгэм хамт олонд суурилсан (Community based) сэтгэцийн болон донтох эмгэгийн сэргээн засах тусламж, үйлчилгээг хөгжүүлэх нь зүйтэй. Мөн хүүхэд, залуучуудад сөрөг хэвшмэл ойлголт төлөвшихөөс урьдчилан сэргийлж, “тусламж хүсэх нь сул дорой биш” гэсэн эерэг хандлагыг төлөвшүүлэхийг анхаарах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг илтгэлд дурдаад байна.





.jpg)








.jpg)

.jpg)