Монголчуудын хувьд байртай болно гэдэг мөрөөдөл болж алсарсаар байна. Жилээс жилд үнэ нь нэмэгдэх орон сууц гэдэг залуу гэр бүлийн хувьд бүр ч мөрөөдөл болсон. Багахан тоо дурдвал орон сууцгүй өрхийн тоо 997 мянга буюу нийт өрхийн 70 хувийг эзэлж байна. Харин нөгөө талдаа залуучууд, залуу гэр бүлийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Тэдний хувьд орон сууцтай болох ганц найдвар болсон Ипотекийн зээлийн хөтөлбөр гэхэд 7-8 жилийн хүлээгдэлтэй байгаа.
Тодруулбал, есдүгээр сарын 18-ны байдлаар ипотекийн зээлийн хүсэлт 7.9 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд жилд нэг их наяд төгрөгийн санхүүжилт олговол одоо хуримтлагдсан хүсэлтийг шийдвэрлэхэд 7-8 жил шаардлагатай гэсэн тооцоолол гарчээ. Энэ хүндрэлийг шийдвэрлэхийн тулд Монголбанкнаас Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмыг шинэчлэх төслийг боловсруулж, Засгийн газар болон холбогдох байгууллагаас санал авч байна.
6, 8, 10, 12, 14 хувийн шаталсан хүүг судалж байна
Одоогийн байдлаар ипотекийн зээлийг зах зээлийн хүүгээс хямд буюу жилийн 6 хувийн хүүгээр олгож байгаа. Гэвч хөнгөлөлттэй хүүтэй бүтээгдэхүүний эрэлт өндөр байдаг жишгээр санхүүжилтийн эх үүсвэртэй харьцуулахад хүсэлт маш ихээр хуримтлагдсаар байна.
Монголбанкнаас ипотекийн зээлийн хүүг зах зээлийн хүүтэй тодорхой хэмжээнд ойртуулахын зэрэгцээ иргэдийн нөхцөл байдалд нийцүүлэн ялгаатай хүү тогтоох хувилбарыг судалж байна.
Тухайлбал, 6, 8, 10, 12, 14 хувийн шаталсан хүүтэй байх хувилбар яригдаж байгаа аж.
Энэ нь бүх зээлдэгчид ижил хүүгээр зээл олгохоос илүүтэйгээр иргэний амьдарч буй газар, анх удаа орон сууц авч байгаа эсэх зэрэг нөхцөлийг харгалзан зээлийн хүүг ялгаатай тогтоох зарчимд шилжих хувилбар юм.
Тухайлбал, Улаанбаатар хотоос алслагдсан орон нутагт амьдарч буй иргэнд 6 хувийн хүүгээр зээл олгох, анх удаа орон сууц худалдан авч байгаа иргэнд тодорхой хувийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг зохицуулалт хийх боломжийг судалж байгаа аж.
Өөрөөр хэлбэл, ипотекийн хөнгөлөлтийг бүх зээлдэгчид адилхан олгох бус, илүү шаардлагатай бүлэгт чиглүүлэх боломжийг хэлэлцэж байна.
Ипотекийн зээлийн дарааллыг E-Mongolia-аар харах боломж бүрдэнэ
Ипотекийн зээлийн эрэлт өндөр байгаа энэ үед иргэд зээлийн хүсэлтээ ямар дараалалд байгааг мэдэх боломжгүй, хэзээ зээлд хамрагдах нь тодорхойгүй байгаа нь асуудал дагуулж буй.
Тиймээс мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкнаас E-Mongolia платформд ипотекийн зээлийн хүсэлтийн дарааллыг харуулах программ боловсруулж, нэвтрүүлэхэд бэлэн болгожээ.
Уг системээр зээл хүсэгч өөрийн хүсэлтийн дарааллыг харахаас гадна санхүүжилтийн эх үүсвэрээс хамааран дараалал нь хэр урагшилж байгааг хянах боломжтой болох аж.
Ингэснээр иргэн өөрийн зээл ямар хугацааны дараа шийдвэрлэгдэх боломжтойг урьдчилан тооцоолох боломж бүрдэх юм.
Энэ нь зөвхөн иргэдэд бус, барилгын компаниудад ч тодорхой мэдээлэл өгөх боломжтой. Тухайлбал, тухайн орон сууц худалдан авагчдын ипотекийн зээл хэзээ шийдвэрлэгдэх боломжтойг барилгын компаниуд мэдсэнээр борлуулалт, санхүүжилт, барилгын ажлын төлөвлөгөөгөө илүү бодитой гаргах нөхцөл бүрдэх юм.
Ипотекийн санхүүжилтийг төсөвтэй хамт ил тод хэлэлцэх боломжтой болно
Ипотекийн зээлийн тогтолцоонд хийх өөрчлөлтийн нэг хэсэг нь санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх асуудал юм.
Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Харин энэ намрын чуулганаар эцэслэн батлахаар буй.
Хуулийн төсөлд ипотекийн зээлийн хөтөлбөрийг төсвийн хэлэлцүүлэгтэй уялдуулах зохицуулалтыг тусгаж байгаа аж.
Ингэснээр улсын төсөв хэлэлцэх үед ипотекийн зээлд хэдий хэмжээний санхүүжилт олгох, Хуримтлалын сан болон Засгийн газраас ямар хэмжээний эх үүсвэр гаргах зэрэг асуудлыг илүү нээлттэй хэлэлцэх боломж бүрдэх юм.
Ипотекийн зээлийн асуудал гэдэг зүгээр нэг санхүүгийн асуудал биш юм. Энэ бол Монгол улсын нийгэм, эдийн засгийн томоохон асуудал. Харин энэ зээл хэдхэн хүнд хүрдэг хямд зээл хэвээр үлдэх үү, эсвэл илүү олон өрхийн асуудлыг шийддэг тогтвортой тогтолцоо болох уу гэдэг нь ипотекийн шинэчлэлийн гол сорилт болж байна.






.jpg)

.jpg)






