Хууль зүй дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн өчигдөр өөрийн багаа зарлалаа. Тэрээр Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Сайннямбуугийн Баатаржавыг, зөвлөхөөрөө хуульч Намжилын Чинбатыг томилжээ.
Ингэснээр Г.Тэмүүлэн сайд цэцийн Н.Чинбатаар зөвлүүлж, цагдаагийн дарга асан С.Баатаржаваар тамгаа бариулахаар болж байна. Шинэхэн сайд үнэхээр ийм сонголт хийв үү эс бөгөөс хэн нэгний хүсэл сонирхлоор зурагдав уу.
Товчхондоо энэ томилгоо Г.Тэмүүлэнг өөрийн толгойгоор ажиллах бус Ерөнхий сайд Н.Учралын утсан хүүхэлдэй гэдгийг бүрэн дүүрэн баталчихав уу гэдэг санал шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөлөө. Ялангуяа, шинэ залуу сайддаа итгэл хүлээлгэж байсан хууль зүйн салбарынхны урам хугарсныг ил тод хэлж байна.
Үнэндээ Г.Тэмүүлэнд зарчим алга. Байлаа ч түүнийгээ хэрэгжүүлэх эрх мэдэл алга. Г.Тэмүүлэн сайд анх ажлаа авахдаа "Хууль дээдлэх ёсыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нийгмийг төлөвшүүлэхийн төлөө шударгаар хариуцлагатай ажиллах болно" хэмээн мэдэгдэж тангараг өргөж байв. Гэтэл түүнд энэ бодлого, зарчмаа хэрэгжүүлэх эрх мэдэл алга гэдгийг дээрх томилгоо харууллаа. Зөвхөн Н.Учралын улс төрийн урсгалыг дагаж хөвөгч гэдгээ үүгээр баталлаа.
Уг нь хууль зүйн салбарт хар тамхи, хууль бус уул уурхай, алт олборлолт гээд төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой маш олон асуудал бий. Үндсэндээ хууль хүчний байгууллагын удирдлагууд, тэр дундаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зэргээр бүх шатандаа илжирч, ялзарсан талаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан "Улстөрчид, бизнесийнхэн, хууль хүчний байгууллагууд өнгөрсөн хугацаанд мафийн сүлжээ угсарсан нь бүрэн утгаараа ажиллаж байна. Үүнд улс төр, улс орон, хууль сахиулах байгууллага, төрийн цэргийн байгууллагыг татан оролцууллаа. Мөрдэстэй байгууллагууд хууль зөрчиж акц хийхдээ төрийн нэрээр хулгай дээрмээ нуух гэсэн нөхөд амь тавин тэмцэж байна.
Монгол Улсын хар хайрцагны бодлогыг гадаад орчин нөхцөл тогшиж байна. Тиймээс хууль бус үйл ажиллагааг тэвчихгүй, хулгай дээрэм хээл хахуулийг хүлээхгүй, хар тамхи цахим залиланг таслан зогсоох ёстой төрийн цэргийн байгууллагууд төрийн эрхийг хууль бусаар авахаар, хулгай дээрмээ илчлэгдэхээс айн бүлэглэж байна. Шүүхийн шийдвэрт хууль бус тагнуулын газар бий болсон.
Монгол Улсад хар тамхи өнөөдөр цагаан нэртэй хар тахал болсон. Хүүхэд багачууд 100, 100 мянгаараа өртөж байна. Хар тамхи хэдэн зуун мянгаар тоологдох хэмжээнд хүрсэн. Үүнийг өнөөдрийн хууль сахиулах байгууллагын зарим ялзарсан, илжирсэн удирдлага, хурандаа, генералууд дарж ирсэн. Хар тамхитай тэмцэх төсвийг улсын төсвөөс зориуд хасаж ирсэн. Намайг сайдаар ирэхэд "хар тамхи илрүүлэх тест 24-хөн ширхэг байна. Тест авч өгөөч" гэсэн байдалтай байсан.
Хар тамхийг албаар эзэнгүй болгож, залуусыг хар тамхинд живүүлэх хорлох ажиллагаа. Үүний ард улстөрчид, урлаг соёлынхон, ТӨК-ийн захирлууд хүртэл бий. ЦЕГ дотроос хүртэл "хэргийг битгий мөрд, хаа" гэдэг үүрэг өгч байна" зэргээр ноцтой баримт дэлгэж байв.
Гэтэл энэ олон бугшсан асуудлыг эмхэлж цэгцлэх, тэмцэх үүрэгтэй томилогдсон Г.Тэмүүлэн сайдад үүнийг өөрчлөх хүсэл эрмэлзэл, санасан бодсоноо хэрэгжүүлэх эрх мэдэл байна уу гэдгийг түүнийг тойрсон томилгооноос харж болохоор. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон нь хувь хүн талаасаа ч карьертаа цэг тавих уу гэдэг асуудал хөндөгдөж буй.
Гэтэл Г.Тэмүүлэн сайдад шадарлаж буй С.Баатаржавын хувьд энэ салбарын байж болох бүхий л том суудал дээр сандайлсан нэгэн. ЦЕГ-ыг удирдаж явсан. Салбараас хөндийрөх хугацаандаа Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан. Харин эргэж ирээд ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн сайдын тамга, эрх мэдлийг атгалаа.
С.Баатаржав Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар бригадын генерал цол хүртэж байсан. Харин Хишгээгийн Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд байх үед дэд сайдаар нь томилогдож байв. Төрийн хайр хишгийг хүртсээр яваа тэрээр буцаад ч хүчин зүтгэлээ ямар нэг байдлаар харуулдаг биз ээ. Сайн, саар жишээ, факт баримт ч хэвлэлийн хуудаснаа олон бий.
Харин Н.Чинбат бол Оюуны өмч болон Үндсэн хуулийн цэцийн дарга явсан хүн. Түүний үед цэц нэр хүнд тааруу байж ирсэн нь Н.Чинбаттай ч холбоотой гэгддэг.
Түүнийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Цэцийн дарга Н.Чинбат Монголын төрөөр өчнөөн жил тэжээлгэчихээд самарчихаад явж байна. Намын жагсаалтаар сонгууль хийдэг Үндсэн хууль зөрчсөн бузрын зүйлийг оруулж ирсэн" хэмээн хатуухан шүүмжилж байв.















