Үндэсний аудитын газраас Засгийн газрын тусгай сангуудад аудит хийж 129.6 тэрбумын 57 зөрчил,  122 тэрбумын 35 албан шаардлага, 7.6 тэрбумын 20 зөвлөмж хүргүүллээ.

Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийг дэмжих сан нь Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр хүн амд боловсрол олгох, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалтын ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлдэг. Тэгвэл тус сангийн 2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийхэд ноцтой зөрчлүүд илэрчээ.

Энэ  хугацаанд эхний хагас жил нь Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан, сүүлийн 5 сар нь Ж.Чинбүрэн ажилласан юм.

Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/89, А/273, А/314, А/410 дугаар тушаалаар Монголд эмчлэгдэх боломжгүй зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн 84 иргэнд, 3,921,996.7 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Мөн Орхон аймгийн БОЭТ-өөс авах тендерийн хэмнэлтийн 34,643.9 мянган төгрөг, өмнөх онуудад санхүүжилт олгосон Бүдүүн шулуун гэдэсний бага гэмтэлтэй МЗН төслийн 37,350.0 мянган төгрөг, МҮОНРТ-ийн төслийн 35,810.0 мянган төгрөг, Ковер дизайн ХХК-ий төслийн 25,200.0 мянган төгрөг, нийт 133,003.9 мянган төгрөгийг урьдчилж төлжээ.

Гэвч Бүдүүн шулуун гэдэсний бага гэмтэлтэй МЗН-ийн 37,350.0 мянган төгрөгийн 1 төсөл, Ковер дизайн ХХК-ийн 25,200.0 мянган төгрөгийн төслийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа бол өмнөх оны аудитаар МҮОНРТ-ийн хэрэгжүүлээгүй “Алаг амьдрал” төслийн урьдчилгаанд олгосон 35,810,000.00 /гучин таван сая найман зуун арван мянга/ төгрөгийн төлбөрийн акт тогтоосон ч барагдуулаагүй.

Тус сангийн хөрөнгөөр эрх шилжүүлэн хэрэгжүүлсэн 16 төслийн сонгон шалгаруулалт, түүнээс гарсан үр дүнг цахимаар нээлттэй ил тод мэдээлээгүй нь сонгон шалгаруулалтанд оролцогчдод давуу байдал бий болох, ашиг сонирхлын зөрчил үүсэх, төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдах эрсдэлтэй гэж үзсэн байна.

Тайлант хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дэвшилтэд технологи нэвтрүүлэх чиглэлээр эрх шилжүүлэн хэрэгжүүлсэн 1,221,850.0 мянган төгрөг буюу 1.2 тэрбумаар санхүүжүүлсэн 2 төслийн үр дүнг мэргэжлийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулаагүй учраас албан шаардлага өгсөн.

Эрүүл мэндийг дэмжих сангийн нийцлийн аудитаар 1,221,850.0 мянган төгрөгийн зөрчил илэрснээс 1 зөрчилд албан шаардлага хүргүүлж, 3 зөрчилд зөвлөмж өгчээ. Түүнчлэн шилэн дансны цахим системд батлагдсан төсөв, төсвийн гүйцэтгэлийн 2 мэдээллийг хугацаа хоцроож мэдээлсэн. Шилэн дансанд байршуулсан мэдээлэл холбогдох хууль тогтоомжийн заалттай нийцээгүй гэж дүгнэлээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газар нь 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлийг боловсруулж батлуулах талаар тусгаагүй.

Өмнөх оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн хариуцлага тооцох 1 албан шаардлага, 22,245.6 мянган төгрөгийн 1 албан шаардлага, 1 зөвлөмжийг тус тус бүрэн хэрэгжүүлж 114,560.0 мянган төгрөгийн 1 албан шаардлага хэрэгжих шатанд, 35,810.0 мянган төгрөгийн 1 төлбөрийн актыг төлөөгүй биелэлт 67.4 хувьтай байна. Өмнөх оны аудитаар тогтоосон 35,810.0 мянган төгрөгийн төлбөрийн акт төлөгдөөгүй тул хариуцлага тооцох албан шаардлага хүргүүлжээ.

.