Авлигатай тэмцэх газраас жил бүр төрийн байгууллагуудын үйл ажиллагаан дахь авлигын эрсдэл, шударга байдлын түвшинг тогтоох зорилгоор цогц судалгаа явуулдаг. Улс орон даяар өрнөдөг энэхүү судалгаанд төрийн гүйцэтгэх эрх мэдлийн яам, агентлаг, ЗДТГ-уудыг хамруулдаг. Төрийн байгууллагаар үйлчлүүлсэн иргэд, ААН-ийн төлөөлөл, төрийн албан хаагчдын төлөөлөл, бодлогод оролцогч, шинжээчдийг хамруулж мэдээлэл цуглуулдаг учир энэхүү судалгааны үр дүн тун бодит.

Энэ жилийн Шударга байдлын үнэлгээний тайлан гарч, уламжлал ёсоор олон ч яам агентлагын хосыг шувтарч, үнэн мөнийг нь дэлгэлээ.

Үүнээс хамгийн анхаарал татсан нь бидний эрүүлийг сахин хамгаалах үүрэг бүхий Эрүүл мэндийн яам байв. Учир юу гэвээс дээрх судалгаанд оролцогч төрийн байгууллагууд Шударга байдлын үнэлгээгээ сайжруулахын төлөө мэргэжлийн хүмүүстэй хамтарч хичээж, чармайж бодит үр дүн гаргадаг юм байна.

Гэтэл үг авдаггүй, дуулгаваргүй сурагч шиг Эрүүл мэндийн яам жил бүр л бахь байдгаараа байсаар ирж. Энэ жилийн тухайд өмнөх жилүүдээсээ ч улам дорджээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Шударга байдлын үнэлгээ нь найман оноогоор буурчээ. Өмнөх онд 46-д эрэмбэлэгдэж байсан бол энэ онд 69 болтлоо буурсан байна. Бүрэлдэхүүн үнэлгээнүүд бүгд бууралттай буюу Гадаад шударга байдлын үнэлгээ 14.7, Дотоод шударга байдлын үнэлгээ 6.5, Бодлогод оролцогчдын үнэлгээ 2.7-оор тус тус буурчээ. Тиймдээ ч Шударга байдлын үнэлгээ нь доод эрэмбэд шилжжээ.

Тус яам нь энэ оны судалгаанд нийт төрийн байгууллагууд дундаас шууд ба шууд бус байдлаар бэлэг өгсөн давтамж хамгийн өндөр  байсан байна. Үүнийгээ дагаад бэлэгний мөнгөн дүн бас их өсөлттэй гэсэн үр дүн гарчээ. Тухайлбал, 120 хүний 19 нь бэлэг өгсөн гэж хариулжээ.

Мөнгөн дүнгийн хувьд 500 мянгаас бага дүнд 17 хүн, 2.1 саяас дээш дүнгүүдэд хоёр хүн хариулт өгсөн байлаа.

Дээр дурьдсанчлан өмнөх жилүүдэд ч ЭМЯ Шударга байдлын үнэлгээгээр сүүл мушгисан. 2024 оны судалгаагаар 59.2 оноо авсан нь 16 яамнаас 12-т эрэмбэлэгдэж байв. Энэ нь өмнөх оноосоо мөн л 8.3 пунктээр буурсан үзүүлэлт байжээ.