Нийслэлийн Замын хөгжлийн газар LCMS (laser Crack Measurement System) буюу Лазераар замын эвдрэлийг хэмжигч төхөөрөмж нэвтрүүлж байгаа талаараа өнгөрсөн оны есдүгээр сард мэдээлж байв. Харин тус төхөөрөмж 3.5 тэрбум орчим төгрөгийн өртөгтэй аж.
Нийслэлийн Замын хөгжлийн газраас тус төхөөрөмжийг худалдан авах тендер зарлаж, энэ оны долоодугаар сарын 24-нд шалгаруулсан байна.
Тус тендерт “Мехлопат” ХХК шалгарч, 3,498,093,170 төгрөгийн өртгөөр ажлыг гүйцэтгэсэн байна.


LCMS төхөөрөмжийг талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр тухайн үед “LCMS системийг оруулж ирснээр авто замын чанар байдлыг хурдан хугацаанд тогтоож, дүүрэг бүрийн засвар, арчлалтын урт хугацааны төлөвлөгөөг гаргах боломжтой. Тодруулбал, авто замын чанар байдлын түвшнийг 80-85 хувьтай барьж, 10-15 жилийн хугацаатай ашиглалтын шаардлагыг хангуулахад тус системийн тусламжтайгаар мэдээллийг бүртгэж, ашиглана” гэж байв.
Харин Шинэ Зеланд улсын “Дата Колекшн Лимитед” компанийн тусламж, үйлчилгээний инженер Виниш Ваала “Манай компани авто замын эвдрэл гэмтлийг тооцоологч өндөр түвшний системийг үйлдвэрлэдэг. Тодруулбал авто зам болон явган хүний зам дээр байгаа хагарал, суулт, нүх, ан цавыг зэрэг бүх эвдрэлийг оновчтой тооцоолж, мэдээллийг хадгалж авдаг юм. Монгол Улс хоёр дахь системээ хүлээн авч байна” гэж өнгөрсөн оны есдүгээр сард төхөөрөмж хүлээлгэн өгөхдөө хэлж байсан юм.
Эндээс харахад тус бүр нь 3.5 тэрбум орчим төгрөгийн өртөгтэй хоёр төхөөрөмж худалдан авчээ.
Эдгээр төхөөрөмжүүд Улаанбаатар хотын авто зам болон явган хүний замын хагарал, суулт, нүх, ан цавын эвдрэлийн мэдээллийг цуглуулж байгаа гэнэ. Ингэснээр замын эвдрэлийг бүртгэн авч, засвар, арчилгаа хийхэд хялбар болно гэдэг мэдээллийг нийслэлийн Замын хөгжлийн газар өгч байв.
















