МУИС-ийн, Улс төр судлалын тэнхимийн доктор, дэд профессор Г.Туяагэрэлтэй ярилцлаа.
-Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэдэг болоод удлаа. Та бүхний судалгаанаас харахад улс төрийн намууд гүйцэтгэх засаглалын тогтворгүй байдалд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Улс төрийн намд итгэх иргэдийн итгэл буурахаар нийгэмд “Асуудлыг намгүйгээр шийдье” гэдэг ойлголт бий болж эхэлдэг. Гэтэл бодит байдал дээр ардчиллын баталгаа, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал нь улс төрийн намын төлөвшил, хөгжилтэй шууд холбоотой.
Судалгаанаас харахад Монголд гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг 1.6-2.3 жил гэж тодорхойлдог. Энэхүү үзүүлэлт нь гүйцэтгэх засаглалыг бүрдүүлж байгаа улс төрийн намуудын хөгжил төлөвшил, эрх зүйн орчинтой холбоотой. Улс төрийн намын хуулийн шинэчилсэн найруулга энэ оны эхнээс хэрэгжих ёстой байсан. Гэтэл хуулиа дагаж мөрдөхгүй байх, дахин өөрчлөхөөр ярьж байгаа зэрэг нь гүйцэтгэх засаглалын тогтворгүй байдал, улс төрийн намын төлөвшилд сөрөг үр дагавар авчирч болзошгүй байна.
Улс төрийн намын хөгжилд нөлөөлж буй зайлшгүй шийдвэрлэх ёстой гурван асуудал бий. Нэгдүгээрт, санхүүжилтийн ил тод, нээлттэй байдал. Хоёрдугаарт, намын шийдвэр гаргах түвшинд гишүүн нэг бүр оролцох боломжтой юу, эсвэл цөөн тооны эрх мэдэлтэй хэсгийг тойрсон фракц нөлөөлж байна уу гэдгийг олж харж байж дотоод ардчилал хангагддаг. Гуравдугаарт, нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах журам тодорхой байх ёстой. Эдгээр гурван асуудал хэр бүрхэг байна, тэр хэмжээгээр улс төрийн намын хөгжил төлөвшилд нөлөөлдөг. Эдгээр асуудлаа бүрэн шийдвэрлээгүй нам гүйцэтгэх засаглалын түвшинд ажиллах, эвсэж юм уу хамтарч байгаа тохиолдолд төр тогтворгүй болох үндсэн шалтгаан болдог. Улс төрийн намд үүссэн санхүүжилтийн ил тод бус байдал, гишүүдийн идэвх, оролцоо, итгэл үнэмшилгүй байдал бүгд гүйцэтгэх засаглалын түвшинд ажиллаж эхлэхээр тодорхойгүй, хаалттай болж эхэлдэг. Нэг ёсондоо, Засгийн газрын кабинетад орж ажиллахад тавигдах ур чадварын шалгуур үзүүлэлт тодорхойгүй байдаг. Тиймээс гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангах ил, тод, нээлттэй, хүн нэг бүр идэвх оролцоотой, мэргэшсэн байх зарчим бүгд намын түвшинд хангагдах ёстой. Улс төрийн намууд энэ бүхнийг шийдвэрлэж байж гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал хангагдана, ахиц дэвшил гарна.
Улс төрийн нам дотоод асуудал, фракцын зөрчил тэмцэл нь төрийн эрх бариагүй үед намын “өвчин” байна. Гэтэл энэ асуудлаа дотооддоо шийдэж чадалгүй төр засгийн эрх мэдэл бариад ирэхээр төрийн “өвчин” болж хувирдаг.
Нам дотоод асуудлаа шийдвэрлэх гарц нь Улс төрийн намын тухай хуулиа хэрэгжүүлэх, намын дүрэм журмаа сайжруулж ил тод болгох, гишүүдээрээ нээлттэй хэлэлцүүлж батлах үйл явц буюу нам дүрмээрээ юу шийдэх вэ гэдэг тал дээр тодорхой бодлогын баримт бичигтэй болж байна гэсэн үг. Харин энэ бодлогын баримт бичгийнхээ дагуу асуудлаа шийдвэрлэж чадвал нам дээр хүн биш журам засаглана. Жишээлбэл, намын дүрэмд парламентад нэр дэвших, жагсаалтад орох, тойрогт өрсөлдөх хүмүүст ямар шалгуур тавих вэ гэдгийг намын дээд удирдлага мэддэг байх ёсгүй. Намын гишүүд, сонгогчид мэдэх ёстой. Улс төрийн нам тухайн нэр дэвшигчийг ямар шалгуураар сонгож УИХ-д нэр дэвшүүлж байгааг сонгогчдын хэдэн хувь нь мэдэж байгаа вэ гэдэг чухал. Өөрөөр хэлбэл, өнөөгийн нөхцөлд намын гаргаж ирсэн жагсаалт дундаас иргэд сонголтоо хийж байгаагаас хэн гэдэг нэр дэвшигч ямар шалгуураар ард түмнийг төлөөлж чадна гээд нэр дэвшиж байгааг нь мэдэхгүй байна. Угтаа ард иргэд сонгогдчихсон хүмүүсээс сонголтоо хийж байгаа хэрэг.
УИХ ч тэр, орон нутаг ч гэсэн яг ямар шалгуур хангасан хүмүүс нэр дэвших эрхээ авах буюу намын сонгон шалгаруулалтын систем дүрэмдээ ил тод, нээлттэй байх юм бол дотоод ардчиллын механизмыг бий болгоно. Намын хүний нөөцийн бодлого, дэмжлэг, хариуцлагын хөшүүрэг намын дүрэмдээ тодорхой туссан байх ёстой болохоос Улс төрийн намын хуулиар зохицуулдаггүй. Иймээс л намын дүрмийн шинэчлэлийн асуудал чухал байгаа юм. Товчхондоо, улс төрийн намын тогтвортой байдлыг хангаж байж гүйцэтгэх засаглал бие даасан, хараат бусаар ажиллах механизм бүрдэнэ.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлээр намууд дүрмээ шинэчилж байж Дээд шүүхэд бүртгүүлэх зохицуулалттай. Намын дүрмээ зөрчсөн бол ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Тухайлбал, Засгийн газрын гишүүн кабинетынхаа эсрэг ажилласан бол яах юм. УИХ дахь намын бүлгийн шийдвэрээ дагахгүй хувийн тоглолт хийвэл яах юм. Энэ тохиолдолд ёс зүйн зөрчил гэж үзэх үү, ямар дүрэм журмаар шийдвэрлэх вэ гэдэг тодорхой байх шаардлагатай. Хэрэв зөрчил гэж үзэж байгаа бол хүлээлгэх хариуцлага ямар байх вэ. Энэ бүгдээс үүдэлтэйгээр нийгэмд үүсээд буй шүүмжлэл, эсэргүүцлийг дүрэм журмын хүрээнд шийдвэрлээд явдаг байх ёстой. Тодорхой бус байгаа учраас асуудлыг томруулах үндсэн шалтгаан болж байна.
-ОЛОНХТОЙ САНАЛ НИЙЛЭЭГҮЙ ЦӨӨНХИЙН АСУУДЛЫГ БОДЛОГЫН ТҮВШИНД ХЭРХЭН ТУСГАЖ ЧАДАЖ БАЙНА ВЭ ГЭДЭГ АРДЧИЛЛЫН ЧАНАРЫН ХЭМЖҮҮР ЮМ-
-Танхимаа бүрдүүлэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Харин сайд болохын тулд ямар шалгуур шаардлага хангах ёстой вэ гэдэг дүрэм журмыг нам дүрэмдээ тусгаж, нээлттэй болгох нь гэж ойлголоо?
-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол Монгол Улсын Ерөнхийлөгчид тавигддаг шаардлага бий. Мөн УИХ-ын гишүүнээр сонгогдох насны хязгаарын заалт байгаагаас өөр бусад шалгуур шаардлага хуульчлагдаагүй байна. Ер нь хуульчлагдах шаардлагагүй ч байж магадгүй. Харин улс төрийн намын дотоод дүрэм журамд хэн аль шатанд ажиллахаас шалтгаалан сонгон шалгаруулалт, шалгуур үзүүлэлт тодорхой байх ёстой. Ингэж байж нам ил тод нээлттэй, гишүүн бүр оролцох боломжийг хангаж өгнө.
Ардчилал гэдэг олонхоороо түрж шийдвэр гаргах юм уу эсвэл шийдвэр гаргах эрх мэдэлтэй цөөн тооны хүмүүсийг тойрон хүрээлсэн фракцийн механизм биш. Харин олонхтой санал нийлээгүй цөөнхийн асуудлыг бодлогын түвшинд хэрхэн тусгаж чадаж байна вэ гэдэг ардчиллын чанарын хэмжүүр юм. Магадгүй улс төрийн нам дээр гарч байгаа шийдвэр намын дарга, аль нэг түвшний удирдлага, алба, хэлтсийнх байж болно. Гэхдээ хамгийн гол нь намын зохион байгуулалтын бүтцэд орж байгаа мянга мянган гишүүдийн үзэл бодлын илэрхийлэл байх ёстой. Үүнийг намын нээлттэй байдал, дотоод ардчилал хангагдсан гэж үздэг. Мэдээж намын гишүүн нэг бүртэй уулзаж ярилцах боломжгүй ч тэдгээрийн саналыг төлөөлөх механизмыг яаж бүрдүүлэх вэ гэдэг нь шинэчлэлийн бодлогын цөм байх, үүнд технологийн хөгжлийг ашиглах талаарх шийдэл судалгаанууд дэлхийн хэмжээнд цөөнгүй хийгдэж байна. Намын бодлого шийдвэрийг нийт гишүүдэд маш бага өртөг зардлаар хүргэх технологийн шийдлийг хэрэгжүүлэхэд улс орнуудад маш том өөрчлөлт гарсаар байна. Нам хаалттай хэлбэрээс нээлттэй хэв шинж рүү шилжиж байгаагийн нэг жишээ нь хатуу гишүүнчлэлээс татгалзаж, дижитал намын тухай үзэл баримтлал гарч ирж байна.

-Эрх барьж байгаа намын дотоод асуудал төрийг хямраалаа. Нэг намын эрх мэдлийн өрсөлдөөнөөс болж улсын төсвөө хэлэлцэхгүй хоёр сар алдах жишээтэй. Гэтэл Монгол улсад 37 нам бүртгэлтэй байгаа хэрнээ МАН, АН гэсэн хоёр нам л байр сууриа илэрхийллээ. Бусад намуудын дуу хоолой хаачив гэдгийг судлаачийн талаас хэрхэн харж байна вэ?
-Төрийн үйл ажиллагааг тогтвортой, тасралтгүй явуулахад зөвхөн парламентад байгаа сөрөг хүчин ажиллах ёстой гэсэн үг биш. Монголд улс төрийн 37 нам бүртгэлтэй байгаа мөртлөө яагаад байр сууриа идэвхтэй илэрхийлэхгүй байна вэ гэвэл гуравдагч хүчний төлөвшил, институцлэл ямар түвшинд байгааг харуулж байгаа хэрэг. Эдгээр намууд тодорхой хэмжээгээр бойжих гэж оролдож байгаа байх. Олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллээс харахад дүрмийн шинэчлэлээ хийж, СЕХ, аудитын байгууллагын сургалтад хамрагдаж шат ахих, хөгжих гэж хичээж байна гэж харж байгаа.
Төрийн бодлого үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавьж, сөрөг хүчний байр сууринаас хандах үйл явц бол улс төрийн намууд байгуулагдаад 1-2 жилийн дотор хийдэг зүйл бол бас биш юм. Улс төрийн зарим намын онцлог, туршлагаас харахад институцжих үйл явцад магадгүй 10 жил хангалтгүй. Цаг хугацаанаас гадна хүний нөөц чухал.
Манай улсын хувьд сонгогчдын тоотой харьцуулж, эдийн засгийн агуулгаар нь аваад үзэхэд жижиг зах зээл шүү дээ. Мөн 37 намын ард талд хуульд заасан хэмжээний гишүүн байх боломжтой юу гэж үзвэл өрөөсгөл. Өөрөөр хэлбэл, намыг төлөвшүүлэх хэмжээний зах зээл буюу гишүүн дэмжигч, хүний нөөц хангалтгүй байгааг харуулж байна. УИХ-д суудалтай намуудын хувьд ч гэсэн хүний нөөцөө хэрхэн яаж бэлтгэж байна вэ гэдэг нь ямар түвшний хүмүүс хууль тогтоох интституцид болон гүйцэтгэх засаглалд ажиллаж байна вэ гэдгээс харагдаж байна. Нам дээр асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг соёл нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд ороод ирэхээрээ яг тэр зарчмаараа яваад байгаа хэв шинж ажиглагддаг.
Гуравдагч хүчний бойжиж төлөвших үйл явц нь санхүүжилт, хүний нөөц, тогтвортой үйл ажиллагаа явуулах хугацаанаас ихээхэн хамааралтай. Гэтэл манай улсад зарим намууд сонгуулийн үеэр идэвхжээд бусад үед намын гэрчилгээ нь байгуулсан хүнийхээ халаасанд явдгийг ч үгүйсгэхгүй. Төрийн бус байгууллагууд ч мөн адил ийм хэв шинжээр бойжиж өгөхгүй байгаа юм.
Тиймээс цаашид улс төрийн намууд илүү бодлого боловсруулах түвшинд орж ажиллах, институцлэгдэхэд зайлшгүй Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай. Намууд өөрчлөгдөх оролдлогууд хийж байгаа ч удаан байна уу гэж харж байна.
-Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх ажил дорвитой хийгдэхгүй өдийг хүрлээ. Үүний нэг шалтгаан нь сонгогчдыг соён гэгээрүүлэх, боловсролд зарцуулах төсвийг төр баталж өгдөггүйтэй холбоотой. Ер нь сонгогчдод боловсрол олгох нь хэний үүрэг юм бэ?
-Сонгогчдын боловсролд анхаарах нь зөвхөн Сонгуулийн ерөнхий хорооны үүрэг биш. Сонгуулийн боловсролтой холбоотой чиг үүрэг хэрэгжүүлэх ёстой нэг институц нь улс төрийн намууд. Тиймээс Улс төрийн намын хуулийн шинэчилсэн найруулгаар намын санхүүжилтийн 20 хувийг сонгогчдын боловсролд зарцуулахаар тусгасан. Энэ бол сонгогчдын боловсролд улс төрийн нам ямар чухал үүрэгтэй вэ гэдгийг харуулаад зогсохгүй хуулиар баталгаажуулж өгч буй хэрэг.
Гуравдугаарт, иргэний нийгмийн байгууллага болон иргэдийн оролцоо чухал. Иргэн өөрийнхөө амьдралтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд оролцох нь соёлын илэрхийлэл байдаг. Үүнийг зөвхөн сонгуулийн байгууллага, улс төрийн нам хийхээс илүү иргэн өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх ёстой. Түүнчлэн төрийн үйл ажиллагааг иргэнтэй холбох гүүр болдог иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоо, хяналт зайлшгүй шаардлагатай.
Төрөөс сонгогчдын боловсролд зарцуулахад тодорхой төсөв олгохгүй байна гэдэг нь төрийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх нэг функц нь ажиллахаа болино гэсэн үг шүү дээ.
Сүүлийн жилүүдэд Монголын ардчилал аюулд орлоо гэдэг айдас, эргэлзээ нийгэмд бий боллоо. Гэхдээ ардчилал яаж бэхэждэг вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Ардчилал тухайн улс оронд тогтож, хэлбэржихэд хяналтын байгууллагын үүрэг маш чухал байдаг. Үүнийг засаглал хуваарилах онолоор хууль тогтоох дээд байгууллага УИХ, гүйцэтгэх засаглал, шүүхийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдахад хөндлөнгөөс хяналт тавих байгууллагуудыг хэлж байгаа юм.
Ардчилал өндөр хөгжсөн орнуудын жишгээс харахад төрийн институцид хяналт тавьдаг байгууллагуудыг удирдан чиглүүлэх үйл ажиллагаа төрөөс хамааралгүй, бие даасан байх ёстой. Төр өөрийнхөө үйл ажиллагааг хянахад өөрөө оролцох ёсгүй. Үүнийг хангаж чадаж байвал ардчиллын баталгаа болж өгдөг. Төрөөс удирдлагыг нь томилоод, төсвийг нь батлаад, үүрэг чиглэл өгөөд байх юм бол тэнд бие даасан байдал, хөндлөнгийн хяналт гэж үгүй.
-Парламентын дархлааны асуудал их хөндөгддөг. Сүүлд спикер намаасаа түдгэлзэх ёстой гэдэг хуулийн төслийг сөрөг хүчин санаачиллаа. Олон улсад ийм зарчим байдаг уу?
- Парламентын дархлаа улс төрийн намын дарга УИХ-ын дарга болсноос хамаарч байгаа талаарх судалгааг хараахан олж хараагүй байна. Харин парламентын дархлаа ярихаас илүү хууль тогтоох дээд байгууллага яаж ажиллах, юу хийх ёстой вэ гэдэгт төвлөрөх ёстой гэж боддог. Парламент хууль батлах, тогтоох үндсэн чиг үүрэгтэй. Энэ чиг үүргээ зогсолтгүй, төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах ёстой.
Хоёрдугаарт, УИХ-ын дарга юу хийдэг вэ гэдгийг бодолцож үзэх ёстой. Парламентын дарга танхимынхаа дэг журмыг сахиулах, чуулганаар хэлэлцэх асуудлын эрэмбийг тогтоох үүрэгтэй. Түүнээс их хурлын гишүүдэд тулган шаардах эрхгүй. Эндээс харахад УИХ-ын даргын асуудал нь сонгуульд өрсөлдөөд олонх болсон намын бүрэн эрх байх талтай. Ер нь бүх зүйлийг хуульчлах гэж оролдох нь зөв хувилбар биш. Үүний оронд тухайн нам дүрэм журамдаа нарийн ялгаж зааж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, бүхнийг хуульчлах гэж оролдохоос илүү дүрэм журмаар зохицуулах асуудал юу байх вэ гэдгээ маш сайн бодолцох хэрэгтэй.
Төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах нь гишүүн нэг бүрийн үүрэг, парламентын дарга, улс төрийн намуудын манлайлал гэж харж байна.
-НАМУУД ФРАКЦЫН АСУУДЛАА ШИЙДЭХГҮЙ БОЛ ЭРХ АШГИЙН ЗӨРЧИЛ МӨНХИЙН ДАГАЛДАХ БОЛНО-
-Шантаажны улс төр гэдэг ойлголт бараг хоногшиж, хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүртлээ ил цагаан яригдах боллоо. Нэг хэсэг намуудын фракцийн асуудал сөхөгддөг байсан бол одоо УИХ, Засгийн газар эрх ашгаараа нэгдсэн бүлэглэлтэй боллоо гэж олон нийт шүүмжилж байна. Үүнийг хэрхэн шийдвэх ёстой вэ?
-Улс төрийн шинжлэх ухааны судлагдахуунаар бодлогын шийдэл дээр шантааж, тодорхой хэмжээний шантаажлах хэв шинж ажиглагдаж байна гэсэн судалгаанууд байдаг. Гэхдээ шантаажны улс төр гэхээс илүү шийдвэр гаргах үйл явцад улс төрийн намууд тохирох, үгсэх, нэг шийдэл дээр эсрэг байр суурьтай байж байгаад санал хураах мөчид эрх ашгийн тохироон дээр үндэслэж дэмжиж кноп дарах нь элбэг. Үүнийг бодлогын шийдэл дээр шантаажилж байна гэж хэлээд байгаа юм.
Шантаажны улс төр гэдгийн цаана фракц гэдэг зовлон бий. Улс төрийн намын нэг өвчин нь фракцын асуудал шүү дээ. Гэхдээ фракцыг огт хэрэггүй юм уу буруу гэдэг агуулгаар харж болохгүй.
Улс төрийн нам бол үзэл бодол, үнэт зүйлээрээ эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн зохион байгуулалтын хэлбэр. Тэр олон мянган хүн бүгд эвийн цавуугаар наасан мэт нэг үзэл баримтлал, ижил эрх ашигтай байх боломжгүй. Асуудал болгон дээр ялгаатай байр суурьтай фракцууд үүсдэг. Тэгэхээр намын түвшинд фракцыг үгүйсгэх нь тухайн институцийн жам ёсны шинж чанарыг үгүйсгэж байгаатай ижил.
Нам байгаа бол тэнд фракц байгаа. Бүтэц байгаа бол тэнд фракц бий гэж ойлгох хэрэгтэй. УИХ, Засгийн газар ч гэсэн нэг бүтэц шүү дээ. Тэр бүтцийн ард ялгаатай ашиг сонирхолтой фракцууд байдгийн нэг илрэл нь хэсэг бүлэг хүмүүс эрх ашгаараа нийлэхээрээ улс төрийн намын үзэл баримтлалаас үл хамаарч тодорхой бодлогын шийдэл дээр дэмжсэн, дэмжихгүй байр суурийг илэрхийлж байдаг. Фракцын энэ асуудлыг улс төрийн нам дүрмээрээ шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл, намууд дүрэмдээ фракцыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин хүлээн зөвшөөрсөн тохиолдолд намын түвшиндээ ямар асуудал дээр фракцууд хоорондоо шийдэлд хүрэх юм, эсрэгээрээ юун дээр огт фракцилж болохгүй, тэдний байр суурийг дэмжихгүйгээр шийдвэр гаргах ёстой вэ гэдгийг маш тодорхой зааж өгөх хэрэгтэй. Одоогоор аль ч намын дүрэм дээр фракц үүсгэх эрх зүйн боломж, үүссэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг зохицуулалт байхгүй. Үүнээс болж фракц хоорондын эрх ашиг зөрчилдөөнтэй, хамтарч ажиллах гэрээ тодорхойгүй байна. Ингэж “тоглоом”-ын дүрэм тодорхойгүйгээс болж аль яамыг “авах” зэргээр фракц хоорондын шантаажлах үйл явц хүчтэй өрнөдөг.
Германы жишээнээс харахад намууд хамтрах, эвсэж Засгийн газраа байгуулах гэрээ маш тодорхой байдаг. Нэг нам Засгийн газраас гарлаа гэхэд ямар хариуцлага хүлээх вэ зэргээр “тоглоом”-ын дүрэм нь тодорхой. Улс төр тодорхой дүрэм журмын хүрээнд өрнөж байж намуудын хийж байгаа тоглолт, акц бодитой болж, хүлээх хариуцлага нь ч ил тод болдог. Хариуцлага хүлээх механизм ойлгомжтой байвал хил хязгаар давсан үйлдэл хийхгүй, сөрөг үр дагавар гарахгүй. Шантаажны улс төрийг бий болгоод байгаа үндсэн шалтгаан нь гэрээ, хариуцлага хүлээх механизмын тодорхойгүй байдал юм.
Олон улсад бол хамтарсан болон эвслийн Засгийн газарт орж ажиллах намууд гэрээ байгуулж, хугацааны хувьд ч янз бүр байдаг. Зарим нь 65 хоног, 40, 30 хоног байх жишээтэй. Монгол Улсын Засгийн газрын хувьд хамтарч ажиллах хугацаа харьцангуй богино буюу ийм байх тусам яамдаа механикаар хуваах аюултай. Хамтарсан гэж нэрлэгдсэн бүхий л Засгийн газруудад эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны яамыг эвсэж байгаа намуудад хуваарилаад байгаа мөртлөө бодлогын яамд эрх барьж байгаа хүчиндээ үлдэж байна. Үүнд хамгийн том хөшүүрэг болох зүйл нь хамтарч эвсэж байгаа бол гэрээний үүрэг, хариуцлага тодорхой байх ёстой.
Засгийн газар кабинетын зарчмаар ажилладаг учраас үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээ дан ганц Ерөнхий сайдаас хамаарахгүй. Танхимд нь орж ажиллаж байгаа бусад намуудаас ч шалтгаалж байгаа. Тиймээс талуудын үүрэг оролцоо, үр дүнг тусгайлан авч үзсэн тайланг гаргадаг байх хэрэгтэй.
-Фракцыг хүлээн зөвшөөрөөд намын дүрэм журамдаа тодорхой тусгая гэхээр олон нийт сөргөөр хүлээж авах байх. Бусад орны туршлага ямар байдаг вэ?
-Намыг фракцгүйгээр ойлгох ямар ч боломжгүй. Харин яагаад далд байна вэ гэвэл нам нь дүрмээрээ зохицуулж чадахгүй болохоор хөшигний ард тоглолт хийгээд байгаа хэрэг. Фракцыг зохицуулах дүрэм журамтай болчихвол хөшигний ардах тоглолт тодорхой хэмжээгээр ил болно. Ингээд ярихаар хүмүүс боломжгүй гэж бодож магадгүй. Хэрэв фракцыг дүрмээрээ зохицуулах боломжгүй байсан бол ардчилал өндөр хөгжсөн, улс төрийн ёс зүйг чанд мөрддөг улс орнуудад энэ асуудлыг намын дүрэм журамдаа оруулж, хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Тэдгээр улс орнуудад яагаад улстөрчид нь буруу зүйл хийсэн бол ард түмнээсээ уучлал гуйж огцроод байна вэ гэвэл улс төрийн намынх нь дүрэм журмууд нь маш тодорхой байдаг. Намын дүрэм нь маш том зохицуулалт болж өгдөг. Намын гишүүн ноцтой улс төрийн алдаа гаргасан гэж үзвэл дүрмээрээ хариуцлага хүлээдэг, түүгээрээ фракцуудаа зохицуулдаг тодорхой жишиг бий.
Аливаа зүйлд хууль, дүрэм биш хүн засагладаг болоод ирэхээрээ субьектив үр дүн гаргах гээд байдаг талтай. Нэг хүний дүрэм, эрх ашгаар асуудлыг шийдээд явах сөрөг нөлөөтэй.
Улс төрийн намын бусад институциэс ялгардаг нэг шинж нь үүсгэн байгуулагчаасаа урт настай байдаг. Өөрөөр хэлбэл, удирдаж байгаа хүн нь байсан байгаагүй нам урт удаан хугацаанд тогтвортой оршин байх нь дүрэм байдаг. Тэр дүрэм нь л институцийг хэн манлайлж байхаас үл хамааран урт удаан хугацаанд оршин тогтнох суурийг тавьж өгдөг.
Нам институцлэгдэх, урт удаан хугацаанд орших, бодитой байна гэдэг бүх асуудал нь хүнээс үл хамаарах засаглал, удирдлага хяналтын тогтолцоо, хүнээс үл хамаарах асуудал шийдвэрлэдэг тогтолцоо байдаг. Түүнээс фракц байх нь маш муу гэдэг ойлголт өрөөсгөл. Институц байгаа л бол фракц байх л болно.
Фракцын асуудлаа шийдвэрлэхгүй бол намыг эрх ашгийн зөрчил мөнхийн дагалдах болно.
Монголчуудад байдаг нэг сөрөг сэтгэгдэл бол фракц, амбиц гэхээр л муу, муухай юм шиг ойлгодог. Гэтэл фракц бол аливаа институцийн жам ёсны л асуудал.
-УЛСТӨРЧИД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН КОММУНИКАЦИЙГ ХУВЬЧИЛЖ ХИЙХ ХАНДЛАГА АЖИГЛАГДАЖ БАЙНА-
-Төрийн мэдээллийг хувь улстөрчид хувийн сошиал хаягаараа уралдаж мэдээлэх, өөрийгөө дөвийлгөж хэт нэг өнцөг барьж олон нийтэд түгээдэг. Энэ агуулгыг олон улсын жишиг, улс төрийн шинжлэх ухаан талаас хэрхэн тайлбарладаг вэ?
-Төрийн байгууллагын коммуникаци хувь хүнийхээс ялгаатай. Улс төрийн намын коммуникаци гэж тусдаа ойлголт бий. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гээд төрийн байгууллагад яах гэж хэвлэл мэдээллийн алба байдаг вэ. Бүтцийн хувьд ч томорч байна. Төрийн байгууллагын хэвлэл коммуникациар дамжуулж олон нийтэд ажлаа таниулж байна. Гэтэл улстөрчид төрийн байгууллагын коммуникацийг хувьчилж хийх хандлага ажиглагдаж байна.
Хуулиараа төрийн коммуникацийг Төрийн мэдээлэл сэтгүүл хийх ёстой юм.
Төрийн коммуникацийг яаж хийх ёстой талаар олон улсад хийгдсэн судалгаанууд бий. Өөрөөр хэлбэл,төрийн байр суурийг бодитойгоор илэрхийлсэн, шударга, ил тод нээлттэй, нэг талыг барьсан буюу хүрээлээгүй байх ёстой зэрэг шаардлагууд байдаг. Гэтэл УИХ-ын гишүүд парламентын үйл ажиллагааг хувийн сошиал хаягаараа дамжуулж мэдээлэл хүргэж байна. Энэ нь хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн санаа бодлыг тусгах үүрэгтэй гэдэг талаасаа сайшаалтай боловч хэлэлцэж байгаа асуудал, эцсийн үр дүн гараагүй байхад түрүүлж мэдээлэх, зарим чухал ач холбогдолтой нийт ард түмний сонирхлыг татаж байгаа сенсацитай мэдээлэл дээр хэтэрхий хувийн тоглолт хийх, тухайн мэдээллээр дамжуулж өөртөө дэмжигч бий болгох, тойрогтоо их ажиллаж байна гэдгээ харуулах маягаар коммуникаци хийж байгаа нь ёс суртахууны зөрчил хийгээд төрийн байгууллагыг төлөөлж өөртөө давуу тал олгож байгаа хэв шинж ажиглагдаж байна. Хэт нэг талыг барьж хүрээлж байгаа мэдээллүүд нь сөрөг үр дагавар үүсгэж байна.
Тиймээс төрийн үйл ажиллагааг УИХ, Засгийн газрын гишүүд хувийн сошиал хаягаараа дамжуулах нь хэр зохистой вэ гэдэг судалгааг зайлшгүй хийх шаардлагатай.
УИХ, Засгийн газрын гишүүд буюу өндөр албан тушаалтнууд тухайн мэдээлэлтэй үзэл бодол нийлээгүйнхээ төлөө хэт нэг талыг баримталж айлган сүрдүүлэх маягаар хүрээлэх нь аюултай. Хүрээлнэ гэдэг бол эзнийг нь гаргаж ирэх, айлган сүрдүүлэх үндсэн гурван арга зүй ашиглагддаг. Айдас үүсгэх замаар мэдээллийн сөрөг үр дагаврыг гаргаж ирэх, үгүйсгэх хандлагаар хувийн сошиал хаягтаа жиргэн, рийл хийх нь сөрөг үр дагавартай.
Төрийн дэргэд нэгэнт хэвлэл мэдээллийн алба байгаа бол албан ёсны мэдээллээ шуурхай хүргэх, мөн хэрэглэгч аль мэдээллийг албан ёсны эх сурвалж гэдгийг мэдэж байх хэрэгтэй.
Зарим хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллийг хүрээлж, зөвхөн сонсогчдын сонирхлыг татах маягаар үг үсгийн найруулгатай мэдээлж байгаа нь төрийн мэдээллийг үр ашигтай, нээлттэй, олон талт байр суурийг хангасан шүүмжлэлт байр суурь өрнүүлэх нөхцөл байдлыг хязгаарлаж байна. Энэ нь нэг талаас хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой учраас эмзэг асуудалд ордог ч түүнээс илүүтэй олон талын байр суурийг хүргэхэд бодолцож үзэх ёстой.
Хэвлэл мэдээлэл, төрийн байгууллага аль аль талдаа мэдээллийг нэг талыг барьж хүрээлэхгүй байх тал дээр зохицуулалт хийх ёстой гэж хардаг.
















