ГЕГ-ын Хорио цээрийн хэлтсийн Мал эмнэлгийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Г.Шүрэнчулуун мах экспортлох талаар “Монгол Улсаас мах экспортлоход тусгайлан эрх, зөвшөөрөл олгодоггүй. “Хүнсний тухай хууль”-д зааснаар Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх бөгөөд Тухай жилд стратегийн хүнс экспортлоход тоо хэмжээ тогтоосон бол ХХААХҮЯ-тай Бодлогын гэрээ байгуулж квот авсан байна. Эрх бүхий байгууллага /Мал эмнэлгийн ерөнхий газар/-аас олгосон Олон Улсын мал эмнэлгийн гэрчилгээтэйгээр экспортлоно. Мах импортлогч орнуудын хувьд Монгол Улсын мал, амьтны халдварт өвчний нөхцөл байдлаас хамаарч хорио цээрийн нөхцөл, шаардлагыг малын төрөл зүйлээс хамаарч шаардлага өөр өөрөөр тавьдаг. БНХАУ-н хувьд МУ-аас Адууны махыг түүхийгээр нь үхэр, хонь, ямааны махыг дулааны аргаар боловсруулалт хийж экспортлохоор тохиролцсон байдаг. 2021 онд БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас БНХАУ –д импортлох хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг бүртгэх захиргааны журмыг баталж гаргасан. Энэ урмын дагуу аж ахуйн нэгж нь экспортын эрх хүссэн хүсэлтийг холбогдох хяналтын хуудсын дагуу боловсруулан төрийн эрх бүхий байгууллага /ХХААХҮЯ/-аар дамжуулан БНХАУ-ын Гаалийн байгууллагад цахимаар мэдүүлнэ” гэлээ.